Намуудын нууц эзэд хэн бэ?

7189f250765596c3originalМонголд хамгийн их нөлөөтэй хүн хэн бэ? Эрх баригчид шийдвэрээ яг хэний төлөө гаргадаг вэ? Энэ асуултад бүрэн, зөв хариулахын тулд энгийн иргэд бид наад зах нь төр засгийн удирдлагуудыг төрүүлдэг улс төрийн намуудыг хаанаас, хэн санхүүжүүлээд байгааг үнэн мөнөөр нь мэдэх ёстой.

Монголын улс төрийн намуудад хэн, хичнээн төгрөгийн хандив хэний нэрээр өгсөн, тэр хандивлагч нь өөрийгөө, эсвэл хамсаатнаа төр засгийн өндөр албан тушаалд тавиулсан эсэхийг нягтлан шалгаж, ил тод мэдээлэхгүйгээр Монгол Улсад авлига, хээл  хахуулийг зогсоож, их хөрөнгө мөнгөтэй хүмүүс, компаниуд төрийн шийдвэрт шударга бусаар нөлөөлөхийг багасгах аргагүй юм.
 Намуудынхаа хөрөнгийн эх үүсвэрийг, сонгуулиас сонгуульд үржин нэмэгдсээр хэдэн арван их наяд төгрөгт хүрээд буй сонгуулийн сурталчилгааны зардлаа хэнээс, хаанаас аваад, хэрхэн буцааж төлж байгаагаа ил тод, үнэн зөвөөр нь нийтэд мэдээлэхгүй нуун дарагдуулж байгаа мөртлөө төр өөрийгөө “ухаалаг” болгоно, бүх дансаа “шилэн” байлгана гээд зарлаад байгаа нь цагаа олоогүй шоглоом гэлтэй.
 Төрийн бодлого нь мөнгөтэй цөөхөн хүнд үйлчилдгийг зогсоож чадаагүй улс оронд иргэд нь төр засагтаа итгэхээ больж, нэг хүний дарангуйлал аажмаар тогтож, ардчилал, хүний эрхийг хамгаалах, энгийн иргэд нь сайн сайхан амьдрах нь зөвхөн мөрөөдөл болж хоцордог.
 Манай улс төрийн намуудын амьдрал сонгуулийн ба сонгуулийн бус гэсэн хоёр улиралтай. Сонгуулийн улирлын зардал, тайлан нь Сонгуулийн хуулиар, сонгуулийн бус улирлын санхүүжилтийг Намын тухай  хуулиар зохицуулдаг.

Сонгууль дуусмагц намууд нэг сарын дотор зардлын тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд явуулах хуультай. 2012 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам 11.2, МАН 10.1 тэрбум, бүх нам нийтдээ 35.7 тэрбум төгрөг зарцуулсныг Сонгуулийн ерөнхий хороо мэдэгджээ. Тайланд МАН-д 2525, Ардчилсан  намд 3000, “Шударга ёс” эвсэлд 1300 хүн тус  бүр хуульд зааснаар нэг хүртэл сая төгрөг хандивласныг дурдсан байна. Зөрүүг нь  компаниуд хуульд зааснаар 10 хүртэл сая төгрөг өгсөн гэж үзэж болно. Уг нь дээрх тайланг хөндлөнгийн аудитоор шалгуулж мэдээллэх  ёстой байсан юм.

 Энэ сонгуульд 76 тойрогт 354 хүн нэр дэвшиж, намын жагсаалтаар 190, бие дааж 26 хүн буюу нийт 544 хүн оролцсоныг дунджаар тооцвол нэр дэвшигч тутамд 65 сая төгрөг (~50 мянган доллар) болж буй нь бодит байдлаас  бүтэн эрэмбээр доогуур байна. Улс төрийн  зарим нам жагсаалтаар оруулсны төлбөр  болгож гишүүн бүрээс олон зуун сая төгрөг  авч байсан нь тайланд мэдээж тусаагүй.
 Сонгуулийн бус үеийн намуудын үйл ажиллагааны тайланг олон нийтэд хэзээ ч мэдээлдэггүй. Бодит тоог нь намуудын  жирийн гишүүд ч мэддэггүй. Намуудын дотоод зөрчлийн улмаас зарим мэдээлэл хэвлэлд хааяа нийтлэгддэг. Жишээ нь, УИХ-ын  гишүүн асан Ц.Шинэбаяр 2012 оны гуравдугаар  сард “МАХН, одоогийн МАН-ын 26 дугаар  их хурлын үеэр намын ерөнхий нарийн  бичгийн дарга У.Хүрэлсүх намд МАК, НИК  компани, УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу  болон Б.Чойжилсүрэн, Ц.Содбилэг нар тус  бүр нэг тэрбум, Д.Дамба-Очир 500 сая төгрөг  хандивласан” гэжээ. АН-ын сонгуулийн бус үеийн санхүүжилт бас л тодорхой бус бөгөөд авсан хандив нь МАН-аас нэг их дутахгүй л байх.
 Улс төрийн санхүүжилтийн нууцлагдмал энэ байдал нь өнөөгийн эрх баригчид гадаадад бонд гаргаж авсан 1.5 тэрбум ам.долларын  зээлээ хувийн хэвшилд дамжуулан олгохдоо ашиг сонирхлын холбоотой банк, компаниар дамжуулсан эсэх, өөрсдөө болон нам нь завшсан эсэхэд нь иргэд эргэлзэж байна. Энэ талаар төр засаг хөндлөнгийн дүгнэлт гаргуулж мэдээлэх шаардлагатай байгаа юм.
  Одоогийн Их Хурлаас эргэлзээтэй гэж үзсэн төсвийн хөрөнгө оруулалттай 260 төслийн 130-ийг нь 2012 оны сонгуулийн жилд эхлүүлсэн нь сонгуулийн зардал, төсвийн хөрөнгөтэй ямар нягт холбоотой болчихоод буйг харуулж байна.
 Ямартай ч, Монголын улс төрийн хүрээнд асар их нууцлагдмал хөрөнгө эргэлдэх боллоо. Үүнд төрийн өмчит компаниудын ашгаас биш орлогоос татан төвлөрүүлсэн мөнгө, дэд бүтцийн том төслүүдээс албан ба албан бусаар саатуулж байгаа хураамж, төрийн зөвшөөрөл өгнө, өгөхгүй нэрээр авч, өгч буй авлига болон  бусад олон төрлийн харамж шангаас өөрийн  намдаа өгч буй хандивыг оруулж тооцох  учиртай.
 Жилээс жилд ханшийн уналтаар иргэдийн бодит орлого буураад байхад, төр засгийн эрх баригчдын хөрөнгө, орлого нь тасралтгүй өсөөд буй өнөөгийн нөхцөлд намуудын санхүүжилтийг ил тод болгох нь шударга ёсонд ч нийцнэ. Улс төрийн намуудын  санхүүжилтийг ил тод болгох хуулийн төсөл  энэ Их Хурлын хувьд хоосон яриа чигээрээ  үлдчихгүй байх гэж найдаж байна.
 Улс төрийн намуудад орж, гарч буй  мөнгөний урсгалыг зохицуулах маш тодорхой хууль, журам гаргаж, чанд мөрдүүлэх шаардлага манай улсад байгааг бид харж байна. Намуудын санхүүжилтийг ил тод болгож чадвал улс төрийн хүрээнд эргэлдэж буй их мөнгийг хянах, иргэд бүрэн мэдээлэлтэй сонголт хийхэд жинтэй хувь нэмэр болж, ардчилал, улстөрчдөд итгэх ард түмний итгэлийг нэмэгдүүлэх болно.
  Улс төрийн эрүүл өрсөлдөөн эдийн засгийн  эх үүсвэрээс хамаарах нь ойлгомжтой. Гэхдээ тэр эх үүсвэрээ хаанаас авсан, яаж  ашиглаж байгааг хянах санхүүгийн оновчтой зохицуулалт хийж, олон нийтэд ил тодоор, цаг хугацаанд нь мэдээллэдэг байх ёстой.
 Манайд улс төрийн намуудын тодорхой зардлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг. УИХ-д авсан суудлын тоогоор намуудад нэг удаа, авсан суудал тутамд 10 сая төгрөг тооцож жил бүр олгож, хагасыг нь гишүүд тойрогтоо зарцуулдаг. Гэхдээ энэ хэмжээг эрс хэтрүүлж  тэрбум, тэрбум төгрөгийг гишүүн бүрт олгох болсныг олон нийт шүүмжилдэг. 2009-2012 онд  гэхэд улсын төсвөөс зургаан их наяд төгрөгийг  Их Хуралд суудалтай улс төрийн намуудад дэмжлэг хэлбэрээр олгосныг Төрийн сангаас мэдээлжээ. Улс төрийн намууд нэгэнт л төсвөөс буюу нийтийн хөрөнгөнөөс санхүүжилт авч байгаа бол төрийн бүх байгууллагын адил санхүүгийн тайлангаа тогтмол гаргах хуультайг тэд “мартжээ”.
 Олон улсын практикаас харахад намын санхүүжилтийг гурван хэсэгт хуваадаг. Сонгуулийн бус буюу намын бүтэц, зохион байгуулалт, хэвийн үйл ажиллагааг дэмжих зардал, сонгуулийн үеийн буюу сонгогчидтой харилцах зардал болон нэр дэвшигч өөрөө намаасаа гадна босгосон хөрөнгө гэж ялган тус бүрээр нь дэлгэрэнгүй тайлан гаргуулж, хөндлөнгийн аудит хийлгэдэг аж.
 Улс төрийн намыг төрөөс санхүүжүүлэх нь нийтийн засаглалын ил тод байдал, улс төрийн эрүүл өрсөлдөөнийг дэмжиж, хүчтэй, хариуцлагатай намуудын тогтолцоог бүрдүүлэхэд түлхэц болдог гэж судлаачид үзэж  байна. Улс төрийн намуудын санхүүжилтийг ил  тод болгохын тулд зөвхөн хууль гаргах нь хангалттай биш. Түүнийг чанд мөрдүүлэн  хэрэгжүүлэхийн тулд холбогдох бүх талууд, намууд өөрсдөө, төр засгийн болон иргэний  нийгмийн байгууллагууд хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа уялдуулах ёстой.
 Намуудын санхүүжилтийн хуулийг мөрдүүлдэг төр засгийн байгууллага үүргээ биелүүлж, намуудын хөрөнгийг ил тод байлгахад хэвлэл мэдээлэл, улс төрийн сөрөг хүчин, сургууль, судалгааны байгууллагуудыг оролцохыг бүх талаар дэмжих нь зүйтэй.
 Ардчиллыг бэхжүүлэх нь мод тарихтай адил гэлтэй. Зулзаган мод суурин газар суулгаад тогтмол усалж, хамгаалж ургуулахын  оронд хэдэн зуун настай царс шиг байгалийн  жамаар нь орхиж болохгүй. Төр засгийн бүх эрх мэдлийг ардчилсан нийгэмд бүх нийтийн  сонгуульд ялсан улс төрийн нам авдаг.
 Том  эрх мэдлийг авсан нам өөрөө том хариуцлага хүлээх ёстой. Энэ хариуцлага нь намынхаа санхүүжилтийн тайланг цагт нь, үнэн зөв гаргаж нийтэд мэдээлэхээс эхлэх учиртай.  Сонгогчид бид ч үүнийг шаардаж, хянаж шалгадаг, тасралтгүй ажиллуулдаг болгож  чадвал ардчилсан засаглал бэхжинэ. Тарьсан мод ургаж томрох тусам Монгол Улсын авлига багасгах, ардчилал, хүний эрхийг хамгаалах үйлс улам илүү баталгаатай болно.

 

Д.Жаргалсайхан


URL:

Сэтгэгдэл бичих