Зуун хоногт зуун зовлон л учирна
Эрх баригчид маань сая мэдсэн юм шиг эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн аян зарлалаа. Шуудхан хэлэхэд эдийн засгаа энэ 100 хоногт сэргээнэ хэмээн ард түмнийхээ өмнө ам гараад буй. Мөн ч бодлогогүй том амлалт шүү. Ёстой л тэнэгүүдийн авах ёстой амлалт бол энэ мөн. Үнэн хэрэгтээ хоёр жил ноцолдоод дийлээгүй зүйлийг гуравхан сарын хугацаанд амжих уу гэдэгт хэн ч эргэлзэнэ. Ерөнхий сайд асан, эдийн засагч Д.Бямбасүрэн хэлэхдээ “100 хоногт юу ч өөрчлөгдөхгүй, чадах ч үгүй” гэсэн байна лээ. Хамгийн инээдтэй нь хурган дарга нарын гадаад дахь томилолтыг багасгах, сэтгүүл зүйн салбарт хөрөнгө оруулахгүй байх гэсэн зүйлээр эдийн засгаа өөд татах юм гэнэ. Ёстой улина биз. Энэ зуун хоногт зуун зовлон л учрахаас үл хэтэрнэ.
Өөрсдийнх нь ярьж байгаагаар Засгийн газар тэвчиж болох бүх зардлыг хэмнэхээр болж байна. Ингэснээр төсвийн ачаалал 20-30 хувь буурна гэж тооцож байгаа юм. Тэрхүү тэвчиж болох бүх зардалд мэдээж, төрийн захиргааны байгууллагын тавилга, эд хогшил, компьютер, конторын тоног төхөөрөмж, авто машин, гадаад дотоод томилолт, элдэв янзын болсон болоогүй семинар сургалтын зардал орж байгаа. Дээрх зардлуудыг Засгийн газар танаж эхлэхээр шийдсэн бөгөөд ингэснээр ямар ч байсан эерэг үр дүн гарна гэжээ. Сургалт явуулахгүй семинардахгүйгээр яаж ажил урагшаа явах юм. Цахимын эрин зуунд амьдарч байж яаж компьютергүйгээр үйл ажиллагаа явуулах юм. Орчин цагтайгаа хөл нийлүүлж, хурд хүч сайтай л орчинд ажиллах шаардлага хүссэн хүсээгүй бий болчихсон шүү дээ.
Энэхүү хэмнэлтийг хэдэн жилийн өмнөөс явуулж, тэвчиж болох бүх зардлаа танасан бол улсын төсвийн ачаалал хэд дахин нэмэгдэхгүй байсан нь гарцаагүй. Гэтэл 100 хоногт ийм хэмнэлт зарлаад элгээрээ хэвтсэн эдийн засаг сэргэнэ гэдэгт хэн ч итгэхгүй шүү дээ. Ёстой солиорол. Нэгэнт төсвөөс мөнгө гаргаад авчихсан эд хогшлыг яах юм. Дуудлага худалдаанд оруулах уу. Хурган дарга нарын эдэлж хэрэглэж байсан хуучин тавилга, автомашиныг хямарсан улсын иргэд нь худалдан авах хэрэг үү. Ёстой үлгэр ярихаа болиул таарна.
Тэгээд эрх баригчид яг хүүхэд хуурч байгаа юм шиг зүйл ярих нь бүр ч инээдтэй. Тухайлбал, Засгийн газар “Эдийн засгийг эрчимжүүлэх аян”-ы хүрээнд газар хэлтэсийн дарга нарын гадаад, томилолтыг танахаар болсон аж. Чухал шаардлагатай тохиолдолд л газар, хэлтсийн дарга нарт гадаад томилолт олгох гэнэ. Тэртээ тэргүй явдгаа яваад ирдгээ ирчихсэн хойно ийнхүү өвчигнөх хэрэг байна уу.
Хурган дарга нар төдийгүй сайд гишүүд ч гадагшаа яваад юу гийгүүлсэн юм. Монгол Улсын ирээдүйг барьцаалж л өр хийдэг биз дээ. АНУ явна, “Чингис” нэр өгөөд мөнгө зээлнэ. Япон руу явна, “Самурай” нэр өгөөд мөнгө зээлнэ. Түүнийгээ ямар ч төлөвлөгөөгүй зарна. Эсвэл ашиггүй зүйл зарцуулна. Түүнчлэн төрийн дарга нарын унадаг унааг жижиг болгох, зарим дарга нарын албан хэрэгцээнд өгдөг байсан автомашиныг хураахаар шийдээд байгаа гэнэ. Нэгэнт худалдаад авчихсан автомашиныг хурааснаар эдийн засаг сэргэнэ гэж яаж эрх баригчдын толгойд орж ирэв ээ. Ингээд тэвчиж болох бүх зардлыг тэвчсэнээр эдийн засгийн хямралын энэ үед төсөвт учрах ачаалал 20-30 хувиар буурна гэж тооцож байгаа бололтой. Мөн ч арга ядсан ажил шүү.
Энэ 100 хоногт нь ёстой л зуун зовлон л таарах байх даа, хөөрхий. Нэгэнтээ ам гараад 100 хоногоо зарласан хойно юм юм л болно. Хурган дарга нарынхаа төсвийг танах гэж нэг зовлон болно. Эргээд өөрсдөө шүүмжлүүлнэ. Хөдөлгүүр томтой, үнэтэй ганган тэрэгнүүдийг хураана гэж нэг зовлон болно. Хэрвээ хураалаа гэж үзвэл хадгалах газраас эхлээд бас л зовлон. Тэгээд энэ хураасан төмрүүдийг байлгаад байх юм уу, яах юм. Зарж үрэх гэхээр адилхан халаасаа сэгсэрчихсэн ААН-үүд, мөнгөгүй иргэд л угтана шүү дээ. Ядахад Засгийн газар нь ажлаа хийлгэсэн ААН-үүдэд өчнөөн тэрбумын өртэй, түүнийгээ одоо болтол төлөөгүй, зарим нь хаалгаа барихдаа тулж буй. Тэгэхээр ААН-үүдэд төлөх ёстой өрөндөө хураасан машин тэргээ өгөх хэрэг үү гээд олон зовлон тосож уулзана даа.
А.Гал
URL: