Нөхрийн хүсэл буюу эхнэрүүдэд зөвлөхөд
Гэргий та өглөө яаран босч цай, ундаа бэлтгэчихээд нөхөр, хүүхдээ яаран босгоод, удалгүй ажилдаа гарч байна уу. Орой нь хүүхдээ цэцэрлэг, сургуулиас нь аваад ханьтайгаа дахиад л яаран гэрийн зүг хатирна. Гэрийн босго даваад л хоол, ундаа хийх, хүүхдийнхээ хоолыг өгөх, нүүрээ цэвэрлэж, будгаа арилгаад эцэст нь “давсанд явах” томилолтоо аваад бас л завгүй өдрүүд үргэлжилж байна уу.
Энэ хооронд хань ижлээ ч анзаарах сөхөөгүй тулга тойрсон ажлаасаа илүү гарахгүй л байна уу. Гэтэл нөхөр тань таны мэдэрснийг мэдэрч, харсныг харж, ядрахад тань хамт ядарч, амьдралын төлөө нугараагүй нуруу болон зүтгэж явна. Ганц цаг телевизорын өмнө сууж удирдлагатай нөхөрлөснийх нь төлөө түүнийг ажилгүй, нэмэр болдоггүй гэж бодлогогүй үгээрээ “тоншоод” та амжиж л байгаа.
Өөрийнхөө л хэмжээнд энэ амьдралаа хүнээс дутахгүй мөр бүтэн байлгах гэсэндээ хамаг чадлаа баран ажиллаад орой нь түр амсхийж байгаа нь уг нь тэр л дээ. Эр хүн болохоор л гомдоллодоггүй, уйлдаггүй гэж хар багаас нь сургачихсан болохоор нөхөр тань юу хүсдгээ танд хэлээд байж чаддаггүй гэдэгт итгэлтэй байна. Тийм болохоор нөхрүүд чухам юу хүсдэг бол. Тэдний хүслийн жагсаалтаас хуваалцацгаая.
27 настай Г. Хоёр настай хүү, эхнэрийн хамт амьдардаг:
-Эхнэр минь халамжтай байгаасай. Гэнэтийн үнсэлт байнга бэлэглэдэг байгаасай гэж хүсдэг. Бас миний дуртай бэлгийг хааяа ч гэсэн надад өгч байгаасай гэж хүсдэг. Өглөөдөө цамцыг минь толийтол нь сайхан индүүдээд, өглөөний цайг минь бэлтгэж өгдөг байгаасай. Надаас нуух юмгүй, сэтгэлээ уудалж ярьдаг байгаасай. Орондоо ч бас сонирхолтой хувилбаруудыг туршиж үзэхээс айдаггүй, зүрхшээдэггүй байгаасай гэж би түүнээсээ хүсдэг. Хааяа ч гэсэн дуугаа хураагаад надаар таавар таалгаж байгаасай гэж хүсдэг. Хамгийн гол нь сэтгэл хөдлөлөө уурлаж биш эвээр илэрхийлж байгаасай гэж бас хүсдэг юм байна.
29 настай З. Эхнэрийн хамт амьдардаг:
-Миний хувьд эхнэрээсээ халамж л хүснэ дээ. Халамжтай байхад л боллоо гэж боддог юм. Ямар мөнгө хүсэлтэй нь биш дээ. Хүүхэд бол хоёулаа хүсвэл олдоно гэж боддог. Хамгийн гол нь бие биедээ халамжтай байж чадвал хүүхдээ ч эрүүл саруул, аз жаргалтай өсгөж чадна. Хадам болоод өөрийн талынхантайгаа дотно халуун яриа өрнүүлдэг байгаасай гэж хүсдэг юм байна.
Тэгэхгүй л бол хэрүүл гарна гэж айдаг. Миний ханийн хувьд гоо сайхан нь тэр чигтээ байгаагаараа л байгаа болохоор надад хангалттай. Тэр минь бусадтай зөв сайхан харьцдаг болохоор би түүнээсээ өөр юу ч хүсдэггүй. Бас тэр минь хүүхэд гаргаад таргалсан ч гэсэн би түүндээ хайртай хэвээрээ л байх болно. Харин ч турна гэж элдэв буруу юм хэрэглэчих вий гэж санаа зовдог. Зөнгөөрөө турвал тэр л биз, таргалвал тэр л биз, надад тэр бүхэн нь асуудал биш ээ.
31 настай А. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг:
-Би эхнэрээ өөрийнхөөрөө байгаасай гэж хүсдэг. Хааяа ч гэсэн амарч, бүх юманд санаа зовохоо болиосой гэж хүсдэг юм. Хүүхэд хүүхэд гэсээр байгаад хааяадаа өөрийгөө ч намайг ч мартчихдаг болохоор нь заримдаа хэлмээр санагддаг ч хэл эвлэж өгдөггүй юм аа.
Заавал хүүхэд хараад гэртээ суух үүргийг өөртөө өгөх биш дуртай юмаа хийгээсэй, гадуур найз нөхөдтэйгөө уулзаад стрессээ тайлаасай гэж хүсдэг. Тэгэхгүй бол орой ажлаасаа ирэхэд хоёр хүүхдийн шуугиан дээрээс нь эхнэрийн минь үглэх нь бэрх санагдах үе бий. Гэхдээ л ядаргаатай биш шүү. Тэд байхгүй бол би өнөөдөр ийм их аз жаргалтай байхгүй байсан шүү дээ. Эхнэр, хүүхдүүддээ маш их хайртай.
30 настай Б. Эхнэр, нэг настай охины хамт амьдардаг:
-Эхнэр минь хамгийн гол ажлыг минь ойлгодог байх нь миний хүсэх эн тэргүүний зүйл. Гэхдээ одоогоор бараг 80 хувь сайн ойлгодог юм байна шүү. Дараагийн хүсэх зүйл бол намайг гэр бүлийнхээ төлөө бүхнийг хийж чадна гэдэгт тэр минь итгээсэй. Бас манай хүн манай найзууд болон хамаатнуудыг ирэхээр дуугаа хураачихдаг нь хэцүү санагддаг. Тэднийг минь дуу шуутай угтаж яриа хөөрөө сайтай байгаасай гэж хүсдэг.
Байнга биш юм гэхэд хааяа ч гэсэн миний сайн зөвлөгч нь байгаасай. Эмэгтэйчүүд нөхөртөө илүү таалагдахын тулд илүү их хичээж байгаад бие галбираа эвдэх, тохирох тохирохгүй юм хээглэх гээд байдаг. Тэрний оронд өөртөө илүү итгэлтэй байгаасай гэж хүсдэг юм. Эхнэр минь дараагийн хүүхдээ төрүүлэхдээ дахиад таргалвал би түүнтэйгээ хамт байх болно гэж боддог. Яагаад гэвэл тэр минь таргалахад миний оролцоо байсан шүү дээ. Тиймээс түүнийгээ дасгал хөдөлгөөн хийхэд нь дэмжиж, бүх зүйлд нь хамт байхыг хүсдэг дээ.
25 настай Э. Эхнэрийн хамт амьдардаг:
-Эхнэр маань өөрөөсөө хамаг мөнгөө харамлаад байх шиг санагддаг юм. Олигтой ч хувцас хунар аваад өмсчихье гэхгүй байх нь дэмий гэж боддог. Тиймээс өөрийнхөө гоо сайханд зохицуулж мөнгөө үрдэг байгаасай, угаасаа эмэгтэй хүн гоо сайхан, хувцсандаа мөнгө татах хэрэггүй байх гэж боддог.
URL: