Цахим эрх, эрх чөлөө

f39071d614c49d2cbigМОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС
 
    Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь хүний заяамал эрхийн нэг юм. Заяамал эрх гэдэг нь тухайн хүн энэ хорвоод хүн болж мэндлэхэд хамт “ирсэн”, үхэн үхтэл нь салшгүй дагах эрх, үүргийн нэгдэл. Иргэдийн мэдэх, мэдээлэлтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх,эрх чөлөөг Монгол Улсын Үндсэн хууль болон Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал, хүний эрхийн олон улсын гэрээ, конвенциудаар баталгаажуулж өгсөн байдаг.
     Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулсан олон улсын үндсэн зарчим нь Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 19 дүгээр зүйлд тусгалаа олж “мэдээллийг улсын хил хязгаараар үл хязгаарлан боломжтой бүхий л арга хэрэгслээр эрж хайх, хүлээж авах, түгээх” эрхийг тунхаглажээ.
    Тэгвэл мэдээллийг эрж хайх, хүлээж авах, түгээх боломжтой бүхий л аргын нэг нь өнөөдөр дэлхий нийтэд түгээд буй цахим орон зай, цахим ертөнц дэх мэдээллийн урсгал юм. Техник технологийн хөгжил дэвшилд тулгуурласан энэхүү мэдээллийн орон зайд цахим эрх, эрх чөлөөний асуудал хөндөгдөж эхэлсэн. Цахим эрх хэмээх ойлголтыг судлаачид янз бүрээр тодорхойлсон байдгаас “Цахим эрх гэж хувь хүнд цахим хэвлэл мэдээлэлд нэвтрэх, ашиглах, зохиох, хэвлэн нийтлэх, компьютер, бусад электрон хэрэгсэлтэй байх, мэдээлэл харилцааны сүлжээнд нэвтрэх, тэдгээрийг ашиглах, боломж олгож буй хүний эрх юм” гэсэн нь бусдад ойлгомжтой байдлаар тодорхойлсон ойлголт юм.
    Энэ нэр томъёо нь иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хувь хүний нууцтай байх эрх зэрэг аль хэдийнэ хуулиар баталгаажсан эрх, эрх чөлөөгөө цахим технологи буюу интернэтийн орчинд эдлэх, хамгаалахтай шууд хамааралтай зүйл. Түүнчлэн сайн дураар эвлэлдэн нэгдэх, сурч боловсрох, халдашгүй дархан байх, хөгжих зэрэг эрх, хэрэглэгч болон зохиогчийн эрх зэрэг хүний бусад эрхтэй ч холбогдоно.
     Монгол Улс нь 2011 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Цахим гарын үсгийн тухай хуулийг баталснаар төрийн нууцад хамаарахаас бусад мэдээ, баримт бичгийг цахим хэлбэрээр шилжүүлэх, дамжуулахтай холбоотой харилцааг зохицуулах эрх зүйн баримт бичигтэй болсон.
ЦАХИМ ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙД 
 
Манай улс 1994 оны нэгдүгээр сарын 17- нд интернэтийн сүлжээнд холбогдсоноор цахим харилцааны эхлэлийг тавьсан гэж үздэг. Улсын хэмжээнд 200-гаад цахим хуудас ажиллаж, 50 гаруй нь идэвхтэй хэлбэрт буюу мэдээллийн сайтын төрөлд хамрагдаж байна. Тэгвэл интернэтийн сүлжээнд 10 мянга орчим домэйн нэр, 54 мянга орчим жиргээчин, 400 мянга гаруй фэйсбүүкчин, 70 орчим мянган блогчид байдаг аж.
    Интернэт нь хүний эрх, эрх чөлөө ялангуяа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах чухал талбар төдийгүй, хүний хөгжлийг дэмжих, хүний бусад олон эрхийг хангахад чухал үүрэгтэй хэрэгсэл болсон өнөө цагт хүн бүрт хүртээмжтэй, ижил тэгш боломж олгох хэрэгцээ шаардлага урган гарч ирж байна. Хүний эрхийн үнэт зүйлийн нэг болох үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдлэхдээ бусдын нэр хүндэд халдах, гутаан доромжлох, хувь хүний орон зайд халдахгүй байх, бусдын эрхийг хүндэтгэх нь иргэн бүрийн үүрэг юм.
    Дэлхийн зарим улс оронд тухайлбал, БНХАУ, БНАСАУ болон латин Америк, Африк, Арабын зарим улсад цахим сүлжээг ашиглан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарласан байдаг.
     Хэрвээ та цахим эрх, эрх чөлөөгөө хэтрүүлэн ашиглах нь хүний эрхийн зөрчил гаргасантай ижил хэмжээнд хариуцлага тооцогдох болно.
    Нэгдсэн Үндэсний Байгууллагын ивээл дор 2003 онд зохион байгуулсан Мэдээллийн нийгмийн дэлхийн чуулга уулзалтаар “..Мэдээлэл харилцаа бол нийгмийн суурь үйл явц, анхан шатны хэрэгцээ, нийгмийн байгууллагын үндэс юм. Энэ бол мэдээллийн нийгмийн гол зүйл мөн. Хэн ч, хаана ч оролцох боломжтой байвал зохино. Хэн ч мэдээллийн нийгмийн ашиг тусыг хүртэхээс хоцорч үл болно” гэсэн үзэл санаа бүхий тунхаглал зарчмыг баталжээ. Тэгвэл 2005 оны арванхоёрдугаар сард Хамтарсан тунхаглал гаргасан байна. Тус бичиг баримтад:
 • Интернэт үйлчилгээний нийлүүлэлт, цахим хуудас, блог буюу мэдээлэл түгээлтийн онлайн систем, түүнчлэн интернэт өргөн нэвтрүүлэг ажиллуулахын тулд бүртгүүлэх, төрийн аливаа байгууллагаас зөвшөөрөл авах ёсгүй. Энэ нь зөвхөн техникийн зориулалтаар домэйн нэрийн эрхийн бүртгэл, эсвэл арилжааны аливаа хэлбэрт хамааралтай ерөнхий хэрэглээний дүрэм журамд хамаарахгүй.
• Засгийн газар буюу аливаа арилжааны үйлчилгээ үзүүлэгчийн тогтоосон, эцсийн хэрэглэгч хянах боломжгүй шүүлтийн системүүд нь цензурын өмнөх хэлбэр бөгөөд үүнийг зөвтгөх үндэслэлгүй юм. Эцсийн хэрэглэгчдэд зориулагдсан шүүлтийн системийн бүтээгдэхүүн нь ажиллах заавар, хэт шүүлтээс үүдэлтэй оюун санааны урхийн талаар тодорхой мэдээлэл олгосон нөхцөлд түгээгдэнэ гэжээ.
    Тэгвэл НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 17, 20 дугаар хуралдаанаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний Тусгай илтгэгчийн тайланг авч хэлэлцсэн байдаг. Тус тайланг авч хэлэлцсэний үр дүнд интернэтэд нэвтрэх боломжийг цаг ямагт, улс төрийн самуунтай үед ч хангах ёстой, интернэтэд нэвтрэх боломж олгохгүй байх, шүүлтүүр хэрэглэх нь үндэслэлгүй бөгөөд иргэддээ интернэтэд нэвтрэх боломжийг түгээмэл олгох нь эн тэргүүний чиглэл болохыг гишүүн улсдаа уриалсан байна.
     НҮБ-ын Тусгай илтгэгч нь “Технологийн аливаа дэвшлийн адил интернэтийг бас бусдад хохирол учруулахад хэтрүүлэн ашиглаж үл болохыг хүлээн зөвшөөрнө” гээд цахим агуулгад хяналт тавихдаа гурван зүйлийг анхаарах хэрэгтэй гэжээ. Үүнд: нэгдүгээрт, хуулиар тогтоох: хүн бүрт ойлгомжтой, ил тод байх, хоёрдугаарт, 19 дүгээр зүйлд дурдсан хязгаарлалтад нийцсэн байх, гуравдугаарт, зайлшгүй чухал, зорилгодоо нийцсэн байхыг сануулсан юм.
    2001 оны арваннэгдүгээр сард Европын зөвлөлөөс баталсан Цахим гэмт хэргийн тухай конвенцид одоогоор дэлхийн 42 улс орон нэгдэн орж соёрхон баталсан бол, 11 нь нэгдэн орохоор гарын үсэг зураад байна. Тус конвенцийн дагуу компьютерийн программ хангамж эвдэх, хууль бусаар хуулбарлах, интернэт орчинд залилан мэхлэх, арьс өнгөөр ялгаварласан мэдээлэл түгээх, хүүхдийг садар самуунд уруу татах зэрэг гэмт хэрэгтэй гишүүн орнууд хамтран тэмцэх үүрэг хүлээсэн бол тус бичиг баримтын хоёрдугаар бүлэгт эрүүгийн хэрэг гэж тооцох гэмт хэргийн төрлүүдийг тодорхойлохдоо зохиогчийн эрх, бусад оюуны өмчийн эсрэг гэмт хэргийг багтаажээ.
    Манай улсын хувьд цахим эрх, эрх чөлөөтэй холбоотой хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай юм. “Глоб интернэйшнл” ТББ-аас “Сайн найз” аянг зохион байгуулж, иргэдийн цахим эрх чөлөөний талаарх ойлголт мэдлэгийг сайжруулах, судалгаа тандалтын ажил шат дараалан зохион байгуулж байгаа нь талархууштай юм. Тус байгууллага нь иргэдэд энэ чиглэлийн мэдлэг ойлголт өгөхөөс гадна эрхээ хамгаалах, цахим орчин дахь харилцааны соёлыг төлөвшүүлэх, нэрээ нууцлах эрхийг баталгаажуулах талаар чамгүй сурталчилгааг явуулж байна. Аnonymia буюу нэрээ нууцлах эрх хэмээх ойлголтыг дараахь байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
• Хувь хүнтэй бол хүний …., олонд танигдахгүй байх, хувь хүний тухай мэдээлэл.
• Интернэтийн орчинд бол хэрэглэгчийн IP хаягийг мөрдөж мөшгихгүй байхыг баталгаажуулах.
 • Нэргүй мэдээлэл харилцаа нь улс төр, нийгмийн яриа хэлэлцүүлэгт оролцохдоо нэрээ нууцлахыг хүссэн иргэдийн эрхтэй холбоотой.
• Ардчилсан нийгэм хүний эрх, цөөнхийн санаа бодлыг дээдэлдэг
• Шүүмжлэл, сөрөг үзэл санаа гол төлөв цөөнх байдаг учир эрсдэл дагуулдаг
• Улс төр, эдийн засгийн тухай үзэл бодлоо хэлсний улмаас иргэд сүрдүүлэг, заналхийлэлд өртдөг, заримдаа амь насанд нь аюул учирдаг
• Мэдээлэгчийг хамгаалах, сэтгүүл­ чийн нууц эх сурвалжийг хамгаалах уламжлалт эрх цахим орчинд ч үйлчилнэ.
    Цахим сайтын сэтгэгдэлд хяналт тавих тухай тогтоолыг Засгийн газраас 2013 онд баталж байсан удаатай. Мэдээж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдлэхдээ бусдын хувийн нууц, нэр хүндэд халдсан тохиолдолд хүлээлгэх хуулийн хариуцлага, арга хэмжээ авах, хязгаарлах эрх мэдэл төрд бий.
     Харамсалтай нь, хүний нэр төрд халдсан, санаатайгаар бусдыг гутаан доромжлох, бүдүүлэг үг хэллэг ашиглах, хувийн мэдээллийг нийтэд дэлгэх зэрэг хүний эрх, эрх чөлөөнд халдсан үйлдлүүд гарсаар байна. Хүний эрхийн Үндэсний комисс 2013 онд 800- гаад гомдол хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн хүрээнд хүний эрхийг зөрчсөн тохиолдол цөөн биш байв. Тухайлбал, цахим мэдээллийн сүлжээний сэтгүүлч гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүний тухай нийтэд мэдээлэхдээ тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн мэт ойлголт төрүүлэхүйц үг хэллэг ашигласан, гэмт хэрэгтэн болгосон. Мөн гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хүүхэд, эмэгтэйчүүдийн тухай цахим сүлжээгээр мэдээлэхдээ гэрэл зураг болон овог нэр, ажлын газар, хаяг байршил, хувийн мэдээллийг нээлттэйгээр танилцуулах, үүх түүхийг нь бичих, илтэд гутаасан өнгө аястай сэтгэгдэл бичих гэх зэргээр хүний халдашгүй дархан байдалд халдсан тохиолдлууд гарч байна.
    Иргэн бүр цахим ертөнцөд эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ нэрээ нууцлах эрхийг эдэлнэ. Гэхдээ эрх, үүрэг ямагт хамт байдаг тул энэхүү эрхийг эдлэхдээ та үүрэг хүлээдгээ ч умартаж болохгүй. Учир нь бусдын эрх, эрх чөлөөнд халдсан, хүний эрхийг зөрчсөн мэдээлэл цацсан тохиолдолд таны эрхийг хязгаарлах боломжтой юм.
 
 Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Тусгаар тогтнолын талбай, Засгийн газрын XI байр, Ү давхар Утас: 262786, 262902, Факс: 976-51-262786 Цахим хаяг: www.mn-nhrc.org, Цахим шуудан: info@mn-nhrc.org www.facebook.com/nhrcm Иргэдээс гомдол хүлээн авах, хууль зүйн зөвлөгөө өгөх утас 70000222

URL:

Сэтгэгдэл бичих