Талийгаач Д.Амарсайханд зөвшөөрөөгүй атлаа Ш.Батхүүд яагаад зөвшөөрөв
Газрын тосны газрын экс дарга Д.Амарсайхан өнгөрөгч 13-ны өдөр цагдан хорих 461 дүгээр ангид харамсалтайгаар амьсгал хураасан. Түүний биеийн байдал муу гэдгийг ар гэрийнхэн нь болон өмгөөлөгч нь удаа дараа сануулж, эмнэлэгт хэвтүүлж өгөхийг гуйсан. Нөгөөтэйгүүр талийгаач Д.Амарсайханыг эмнэлэгт хэвтүүлсэн бол өдийд амьд сэрүүн байх байсан гэдэгт олон хүн итгэлтэй байдаг. Мөн талийгаачийг эмнэлэгт хэвтүүлж болохгүй, чангал гэсэн үүргийг дээрээс өгсөн гэдэг нь ил болсон. Мэдээж үүнийг эрх барьж нөхдүүд хийсэн нь тов тодорхой. Тэгвэл түүнтэй адил цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй “Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүг эмнэлэгт хэвтүүлэхээр болсон байна. Уг нь эрүүл мэндийн хувьд Ш.Батхүү талийгаачаас хамаагүй дээр байгаа. Тэгтэл энэ нийгэмд аавын хүүг алагчилдаг тогтолцоо хэдийнэ бий болсныг энэ нэгэн баримт бэлхнээ гэрчилж орхив. Гол нь Д.Амарсайханыг амьсгал хураатал нь чангалчаад Ш.Батхүүгийн толгойг илсэнд олон хүн бухимдаад байгаа юм. Мэдээж монголчууд уужуу сэтгэлтэй авлига авч, төрд олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан ч бай хорих ангид харамсалтайгаар амьсгал хураахыг нь хүсэхгүй. “Жаст”-ийн тодотголтой Ш.Батхүүг эмнэлэгт хэвтүүлэхээр болсон шалтгаанаа биеийн байдал нь муудсантай холбон тайлбарласан. Нөгөө талаас Газрын тосны газрын экс дарга Д.Амарсайханыг харамсалтайгаар амиа алдсанаас үүдэн Ш.Батхүүг анхаарсан байж болох талтай ч үүний цаана ямар нэгэн нууц тохироо, хуйвалдаан байгааг зарим нэг хүмүүс мэдрээд эхэлсэн байх юм. Ямартаа ч эрх баригчид Ш.Батхүүг аварч үлдэхээр болж байна.
Э.Төгс
URL: