Машины “пирамид”-аас хэн хожих вэ?

Танил бүсгүй маань нэгэн сонин мэдээлэл дуулгав. Маш хямдхан, япон  машинтай болох боломж байгааг тэрбээр сонирхууллаа. Эвдэрч муудсан, Монголд явсан тэрэг биш, он залуу, Монголд орж ирээд удаагүй байгаа шинэхэн япон автомашиныг ердөө 1,5 сая төгрөгөөр л өөрийн болгох  гэнэ.

Үүнийг сонссон дүү маань машины мөрөөдлөөр өвчиллөө. Тэгээд л хаана, тийм боломж байгаа талаар эрэл сурал болох нь тэр.  Үнэндээ   нөгөө алдарт сүлжээний бизнесийн нэг арга, хэлбэр шүү дээ. Амар хялбархан аргаар ашиг олохыг хүсдэг хүмүүст өгөөш болгодог тор  бол сүлжээний бизнес.  Ажлынхаа хажуугаар их мөнгөтэй болох, эсвэл интернетээр баяжихыг уриалах  сурталчилгаатай  байнгын таардаг шүү дээ, бид.  Үнэн хэрэгтээ хүмүүсийн сэтгэхүйд тоглолт хийж үүнээсээ мөнгө хожих башир арга л даа. Энэхүү башир аргатай нөхдүүд өдгөө машинтай, байртай болохыг хүсч буй олон нийтийн мөрөөдлөөс мөнгө босгохоор шийдэв бололтой. Мэдээж аливаа сүлжээний бизнест эхэлж орсон нь хожиж сүүлдсэн нь эд хөрөнгөө залилуулаад буцдаг “жамтай”.  Ийм залилан маягийн бизнес байдгийг мэддэг атлаа монголчууд огтхон ч хаширдаггүй нь хамгийн харамсалтай.

Дүү маань бөөн эрэл сурал болсны эцэст хямдхан машинтай болгохыг сурталчилж буй нэгэн компанийг олжээ.  Компанийн нэр нь “Байгаль эрдэнэ сан”.  Тус компани руу дүүгээ дагуулаад хамтдаа явлаа.  Хамт явсан гол зорилго маань тавьж байгаа нөхцөл боломжийг нь судлах, хамгийн гол нь дүүгээ залилуулчих вий хэмээн болгоомжилсных.  Тус компани машины сүлжээг эхлүүлээд долоо хонож байгаа гэнэ. Долоо хоногийн дотор 140 гаруй хүн машинтай болсон тухай менежер нь дуулгав. Сүлжээнд нэгдэхийн тулд эхлээд 650 мянган төгрөг тушааж, зайлшгүй машин авах хэрэгтэй байгаа хоёр хүн олох гэнэ. Нөгөө хоёр хүн бас хоёр хүн олох гэхмэтчилэнгээр явсаар 12 хүн болсны дараа эхний нөхөр 850 мянган төгрөг дахин тушаагаад машинаа авах юм байна. “Тоёота приус”,”Ниссан марч” гэх мэтчилэнгийн япон автомашиныг сүлжээгээр авах саналыг тус компанийн менежер тавьсан.  Мөн “жипний сүлжээ” гэсэн ангилал бас дотор нь байна лээ. Жип авах хүмүүс эхлээд нэг сая 300 мянган төгрөг тушааж, доороо мөн л хоёр хүн олох юм байх. Тус компанийн сүлжээгээр санал болгож буй машин хэрвээ өөрт чинь таалагдахгүй бол таван сая 700 мянган төгрөг бэлнээр тушаагаад өөрийн сонирхсон машинаа худалдаж авах боломжтой гэдгийг ч дуулгав.

Хамгийн гол нь доороо оруулж байгаа хүмүүс чинь хөдөлгөөнтэй, сэргэлэн нөхөд байхыг анхааруулсан. Тэгэхгүй бол юун машин, 650 мянган төгрөгөө гээчихсэн гэж л тооцохоос өөр аргагүй юм билээ. Ам фигур муутай нөхөр доороо оруулчихвал хямдхан машинтай болно гэсэн мөрөөдөл будаа л гэсэн үг.
“Оюуны хөрөнгө оруулалт хийнэ. Интернэтээр мөнгийг чинь өсгөнө” хэмээн иргэдээс багагүй хэмжээний мөнгө залилан мэхэлсэн “Start work marketing” гэх компанийн хэрэг цагдаа, шүүхдээ тулсан. Бас “Шинэ санаа төв”-ийн хэрэг байна. “Ундран цацрах” компани нь “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье” уриатай 55-ын сүлжээ гэгчийг ашиглан их хэмжээний мөнгийг ард иргэдээс залилсан гэх мэдээлэл цацагдаж байсан. Олон мянган хүнийг залилсан сүлжээний бизнес одоо машин, байр санал болгож эхэллээ.

Дүүгийн маань адил машины сүлжээг сонирхож буй нэг залуугийн хувьд энэ бизнес таалагдаж байгаа гэнэ. Бэлэн мөнгө тоолоод машин авч чадахгүй нөхцөлд тун боломжийн хувилбар гэж үзэж буйгаа ч нуусангүй.

“Байгаль эрдэнэ сан”-гийн хувьд үйл ажилагаа явуулаад цөөнгүй жил болж байгаа, харин машины сүлжээг эхлүүлээд дөнгөж долоо хонож буй гэнэ. Цаашдаа тавилгын сүлжээний бизнес эхлүүлэхээр төлөвлөж байгаа бололтой. Үүнийгээ ойрмогхон хэрэгжүүлэх гэнэ лээ. Тэгвэл тус компанийн хамгийн том сүлжээ нь байрны пирамид болох дог. Өөрөөр хэлбэл сүлжээгээр байртай болох боломжийг монголчууддаа олгоно гэдгээ ч тус компанийн менежер дуулгасан.

Ийнхүү гоо сайхны бүтээгдэхүүн, эмийн сүлжээний бизнес хүрээгээ тэлж автомашины пирамидыг Монголд “өрж” эхэллээ. Одоохондоо нэлээд эрэлттэй байгаа энэхүү бизнес хэзээ нурж унах нь л сонин. Нөгөө хадгаламж зээлийн хоршоод шиг иргэдийн итгэл, эд хөрөнгөөр тоглохгүй гэсэн баталгаа даанч алга.  Хожсоных нь олз, хохирсных нь хохь  болоод  хэн нэгэн бусдын мөрөөдлөөр баяжаад л үлдсэн сургамж монголчууд бидэнд багагүй бий. Тэгэхээр машинтай болно гэж хөөрцөглөхөөсөө илүү болгоомжтой, бодолтой хандахад илүүдэхгүй байх.

Сүүлийн үед эрчимтэйгээр өргөжиж байгаа машины пирамидаас өнөөдрийн хувьд хэн хожих нь тодорхой байна гэхээр энэ бизнесийг эрхэлж буй нөхдүүд. Тэд л хамгийн том хувийг хүртэх нь хамгийн ойлгомжтой зүйл. Эцэст нь хэлэхэд нь энэ бизнес “би чамайг дахиад нэг хуурчих уу” гэдэгтээ адилхан шүү дээ, иргэд ээ. Итгээд алдах уу, эсвэл болих уу. Энэ таны хэрэг.

Ж.ЭРХЭС

Зохиогчийн эрх:
“Ардын эрх” сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих