Х.Баттулгыг АТГ-т шалгуулахаар АН-ынхан зэхэж байна
Н.Алтанхуяг Засгийн газраа хамгаалж үлдэж чадлаа. Гэвч Х.Баттулга гэдэг тэрслүү нөхөр гэнэт босч ирж, сайдын суудлаасаа татгалзан мань эрийг тун эвгүй байдалд оруулав. Хэдийгээр Н.Алтанхуяг Ерөнхий сайдын суудалдаа дуртай байгаа ч гэсэн тэрээр Х.Баттулгаас илүү тэнэг хүн болж харагдахыг хүсэхгүй байна. АН-ынхан ч гэсэн Х.Баттулгын энэ үйлдлийг тэвчиж чадахгүй бухимдаж, мань эрийг хэрхэн шийтгэхээ бодож эхлэсэн бөгөөд Монголын тэргүүн баячуудын тоонд зүй ёсоор бичигддэг, хэзээнээсээ хөрөнгө мөнгөний асуудалд нэр холбогдсоор ирсэн Х.Баттулгыгаа АТГ-руу явуулах төлөвлөгөөг боловсруулж эхэлсэн гэнэ.
Х.Баттулга “Шинэ төмөр зам төсөл”-тэй яалт ч үгүй холбогддог. Энд мань эрийн хутгасан бантан багагүй бий. Х.Баттулга сайд, өөрийнхөө бие хамгаалагчаар ажиллаж байсан Батзаяа гэгч залууг “Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирлаар томилж, тэндээс асар их хэмжээний ашиг олж, хууль тогтоомж зөрчиж, дур зоргоороо авирлаж байсан гэнэ. “Шинэ төмөр зам” төслийн шинээр барих төмөр замын төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах зөвлөхийг Х.Баттулгын бие хамгаалагч Батзаяа сонгож, Х.Баттулга сайд гэрээг нь батлажээ. “McKinsey and Company”-аар ахлуулсан “BNP Paribas” гэх дэлхийн томоохон банк, “Pillsbury” гээд АНУ-ын хуулийн компани, Монголд бүртгэлтэй “Liberty partners LLC” гэх дөрвөн компанийг зөвлөхөөр авахдаа тэд ямар ч сонгон шалгаруулалт тендер зарласангүй.
Тэр ч бүү хэл “BNP Paribas”-ыг гэрээнд төлөөлж гарын үсэг зурсан хүн нь Х.Баттулгын зөвлөх Ч.Ганбат байсан байх юм. Тэр ч бүү хэл Х.Баттулгын зөвлөх Ч.Ганбат гэгч энэ нөхөр “Шинэ төмөр зам төсөл”-ийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан хэрнээ дараа нь Зөвлөх үйлчилгээний багт багтчихсан явж байна. Өөрөөр хэлбэл, “McKinsey and Company” гэх оффшор компанитай гэрээ байгуулахын тулд “Liberty partners LLC” компанийг гэрээнд оролцогч тал болгож, тендерт хууль бусаар захиалагч, гүйцэтгэгч болгосон хэрэг. Хамгийн гол нь техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулсан дөрвөн компанийн мөнгийг “Монголын төмөр зам” компани төлөхдөө зээл авч төлжээ. Тэд БНХАУ-аас хөнгөлөлттэй зээлээр авсан 60 сая ам.долларын үнэтэй зүтгүүрүүдээ барьцаанд тавьж “Хаан” банкнаас 5.6 сая ам.долларыг зээлсэн бөгөөд арилжааны банкнаас авсан өндөр хүүтэй зээлийг “МТЗ” компанийн дансанд оруулалгүйгээр 850 мянган долларыг бэлнээр авсан баримт байдаг аж.
Ямар ч тендергүйгээр сонгон шалгаруултгүйгээр орж ирсэн Шанхай, Бээжинд байрладаг гэх “McKinsey and Company”-ынхан зөвлөх үйлчилгээ хийснийхээ төлбөрт 3,2 сая ам доллар авчээ. Бас нэг сонирхолтой мэдээлэл байгаа нь Х.Баттулга сайдын зөвлөхөөр ажиллаж байсан Гансүхийн “Liberty partners LLC” гэдэг компани зүтгүүрээ барьцаалж авсан 5 сая ам доллароос 800 мянган ам доллар хүртжээ. Мөн Пиллсбури гэгч компани 600 сая ам доллар, “БиЭнПи Парибас” гэгч компани 100 ам доллар авчээ. Татвартайгаа нийлээд зөвлөх үйлчилгээний баг гэх энэ дөрвөн компани нийтдээ 5,6 сая ам долларыг авчихаад байгаа юм. Гэвч маш олон хууль дүрэм, ашиг сонирхолын зөрчлийн тухай хуулиа умартаж байж хийлгэсэн ТЭЗҮ нь буруу, алдаа дутагдал ихтэй ажил гүйцэтгэх боломжгүй төсөл болж, дахиад л маргаан дагуулах нь тэр. Үүнээс үүдэн ХААН банкнаас өндөр хүүтэй мөнгө зээлээд 5,6 сая ам долларыг хувийн компаниудад хувааж өгсөн хэргээр АТГ Х.Баттулгыг шалгаж магадгүй гэсэн бор шувуу нисэж эхэллээ.
shudarga.mn
URL: