“Өндөр-Буянт холдинг” ХХК захиалагчдаа хохироож байна !
“Өндөр-Буянт холдинг” ХХК-ийн “Оргил Стар” хотхоны хоёрдугаар ээлж 2013 оны 3-дугаар улиралд ашиглалтад орох ёстой байжээ. Гэвч өнөөдрийг хүртэл ороогүй байгааг захиалагчид нь бидэнд мэдээлсэн юм. Энэ байдлаас болж иргэд багагүй хохирол амсч яваа юм. Байраа ашиглалтад орохыг хүлээж байр хөлсөлж, зарим нь аав ээж, ах дүү хамаатан садныдаа толгой хорогдож байгаа гэв. Нэг үгээр хэлбэл байр хөлсөлж байгаа нэг нь хамаг байдаг мөнгөө түрээсэнд төлөх шаардлагатай болоод байгаа. Харин айлын гэрт байгаа нэг нь сэтгэл амар байж чадахгүй байгааг хэлэх байна. Захиалагчдийн хувьд байраа хэзээ ашиглалтад орохыг “Өндөр-Буян холдинг” ХХК-ийн удирдлагуудаас асуудаг гэж байна. Гэвч нэг, хоёр сараар сунгасаар байгаад өдий хүрчээ. Угтаа бол “Оргил Стар” хотхоны хоёрдугаар ээлж 2013 оны 9 сард ашиглалтад орох ёстой. Харин одоо 2014 оны 5 сар гарчихаад байхад ашиглалтад ороогүй байгаа юм. Захиалагчид нь бүхэл бүтэн 9 сарын хугацаанд байраа ашиглалтад орохыг хүлээж, эдийн засгийн хувьд ч , сэтгэл санааны хувьд ч хохирол амсч явна.
Бид “Өндөр-Буян холдинг” ХХК-ийн “Оргил Стар” хотхон дээр очлоо. Тус барилгын компанийн менежер Мөнхтуултай уулзсан юм. Түүний бидэнд өгсөн мэдээллээр “Оргил Стар” хотхоны хоёрдугаар ээлжийн барилгын ажил 90 гаруй хувьтай яваа гэж байна. Улсын комисс хүлээж аваад засч янзлах шаардлагай зүйл байна гэвэл засч залруулаад оршин суугчдыгаа оруулах боломжтой гэв. Харин бүхэл бүтэн жилийн хугацаа алдаж ашиглалтад орох гэж байгаа нь ямар учиртайг тодруулахад манай захирал сонгуульд нэр дэвшсэн, тэгээд тэр Батхүү нарын хүмүүсээс болж л барилгын ажил жил зогсонги байдалтай байсан гэсэн юм.
“Өндөр-Буян холдинг” ХХК-ийн захирал нь Н. Төмөрхүү гэж хүн бий. Тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшсэн юм. Тэгэхээр Н.Төмөрхүү нь сонгуульд илүү ач холбогдол өгөөд алга болчихож. Харин энэ хооронд нь байр захиалж байдаг мөнгөө өгчихсөн иргэд бүтэн жил дамнан хүлээх шаардлагатай болчихож гэж харагдаж байгаа юм.
Ер нь бол барилгын компаниуд иргэдтэй гэрээ байгуулж, гэрээндээ хугацаа заасан бол үүргээ ухамсарлаж, биелүүлэх учиртай. Гэвч тус компанийн хувьд иргэдтэй байгуулсан гэрээгээ зөрчсөн байгаа юм. Энэ байдал нь эргээд захиалагч буюу иргэдийг эдийн засаг болоод сэтгэл санааны хохирол амсуулахад хүргэжээ.
Барилгын салбарт тэргүүлэгч хэмээн өөрсдийгөө цололсон “Буянт Өндөр холдинг” ХХК ингэж иргэдийг хууран мэхэлж, хохироож байгаа нь эмгэнэл. Бид тус компанийн оффисоор орж удирдлагуудтай нь уулзаж иргэд, захиалагчдийг хохироосон энэ үйлдлийг нь илүү нарийн асуухыг хүссэн боловч хамгаалагчаас нь өөр хүн байсангүй. Удирдлагуудыгаа ирэхээр бидэнтэй холбоо барина уу гээд нэрийн хуудсаа үлдээгээд долоо хоносон боловч хэл сураг алга байна.
Эцэст нь хэлэхэд аж ахуйн нэгжүүд “хэрэглэгч хаан” гэдэг худлаа үгийн ард иргэдийг хууран мэхэлж, хохироох явдал газар авч байна. Энэ байдлыг хэрхэн таслан зогсоож, ямар ч компани, аж ахуйн нэгжийг үүргээ ухамсарладаг, хариуцлагаа хүлээдэг болгох вэ?
Ж.Батхишиг hunnu mn
URL: