Нэгдүгээр ангид орох гэж нэлээд юм болж байна
Ардын сургуулийн алтан босгыг алхаж орох зургаан настай жаалуудын эцэг, эхчүүдийн олонхи ойрын үед нойргүй хонох болжээ. Наймдугаар сар гараад энэ асуудлаар толгойгоо өвтгөдөг байсан аав ээж нар энэ жилээс эртхэн нэг юм бодохгүй бол болохоо байсан юм. Нэгдүгээр ангийнхны бүртгэл хуваарийн дагуу маргааш хаагдана. Гэтэл харъяа сургуулийнх нь анги дүүргэлт хэтэрсэн, тухайн хороондоо харъяалалтай боловч аав нь тухайн газарт үл хөдлөх хөрөнгөггүй гэх мэт шалтгаанаар бяцхан жаалууд сургуульгүй болох дээрээ тулсан хэрэг хаа сайгүй. Боловсролын яамнаас тухайн хүүхдүүдийг сурга гэсэн ч сургуулийн захирал нь боломжгүй гээд гэдийчихээд байдаг бололтой.
Нийслэлд дунджаар 40 гаруй мянган хүүхэд намар нэгдүгээр ангид шинээр элсэн орж суралцдаг байна. 100 гаруй ерөнхий боловсролын сургуулиуд 4-6 бүлгээр нэг ангидаа 50-60 хүүхэд элсүүлээд ч хүрэлцэхгүйн зовлон хаа сайгүй гэнэ. Хүүхдээ олигтойхон шиг сургуульд өгчих гэсэн эцэг, эхчүүд хэдэн төгрөгөө шавхан сургуулийн захирлыг царайчлавч амжилтгүй байгаа нь олон байна. Нэг, 23, 18 гэх мэт улсдаа гайгүй гэсэн хэдэн сургуульд оруулж өгөх ханш өдгөө гурван сая төгрөгт хүрчээ. Албан ёсоор заагаагүй боловч иймэрхүү ханш тогтож, төлбөргүй нэртэй ч төлбөр авдаг нь нэгэнт тодорхой болсоор удаж байгаа юм.
Хүүхдээ сургуульд оруулж чадахгүй барайж суугаа аав ээж нарт сургуулийн захирлууд “Намар нэг анги нэмж магадгүй” гэх найдварын үг хэлж байгаа гэнэ. Энэ нь “Намар болтол зай байна, тэр болтол шахааны хүүхдүүдээ цэгцлээдхье” гэсэн үг бололтой. Иймэрхүү байдалтай нэгдүгээр ангийнхны бүртгэл өндөрлөх гэж байна. Биднийг жаахан байхад амар байж. Ямар ч сонголтгүй,гэрийнхээ хажуугийн цэцэрлэгт хүмүүжнэ, гэрийнхээ хажуугийн сургуульд сурна. Харин одоо танил тал, мөнгө төгрөгөөс эхлээд бөөн асуудал. Ардын сургуулийн алтан босгыг алхах үнэхээр амаргүй болж.
Ө.БАТХҮҮ
Эх сурвалж: Зууны мэдээ
URL: