Ё.Отгонбаяр: О.Баасанхүү гишүүн орон гаран зүйл ярьсанд өмнөөс нь ичиж байна

5-16-6

Улс төрд өчигдөр эс­рэг тэсрэг хоёр үзэгдэл боллоо. Нэг нь сайн дураараа ажлаа өгөөд Засгийн газраас гарч байгаа бол өнөөх нь сайдын сэнтийгээс огцрохгүй гэж байдаг чадлаараа гүрийгээд үлдэж буй дүр зураг.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нь “Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн давхар хашихгүй байх хуулийн төслийг дэмжиж байсан. Харамсалтай нь, энэ хуулийн төсөл унасан. Одоо эсрэг санал өгчихөөд Засгийн газарт байгаад байх нь ёс зүйн хувьд таарахгүй. Энэ утгаараа ажлаа өгч байна. Надад бусдын дарамт шахалт байхгүй” гэсэн тайлбараар суудлаа өгөх шалтгаан болгов. Хуралдаанд оролцогч 69 гишүүний 54 нь түүнийг явуулахыг дэмжсэн юм. Харин Хууль зүйн сайдыг огцруулах төслийг өргөн барьсан О.Баасанхүү гишүүн асуудлыг эцэслэн шийдэхийн өмнөхөн өнөөх төслөө эргүүлэн татсанаар Х.Тэмүүжин суудалдаа үлдэх боломж олдов. О.Баасанхүү гишүүн төслөө татах шалтгаанаа “Баримтын алдаа ихтэй байсан” гэж тайлбарласан. УИХ-ын нэгдсэн чуулганаар дээрх хоёр эрхмийн асуудлаас гадна Монгол Улсын өрийн хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувьд хүргэх тухай хуулийн төсөл олон гишүүний шүүмжлэлийн “бай” болсон юм. УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөхийн өмнө гишүүд энэ асуудалтай холбогдуулж саналаа хэлсэн.

Д.Оюунхорол:

-Монголын улс төр үнэлэмжгүй болж байгаа учраас сайд Х.Баттулга ийм шийдвэр гаргасан байх. Ажлынх нь үнэлэлт дүгнэлтийг үзэх юм бол эдийн засгийн өсөлт мал аж ахуйн салбарт л гарсан. Энд бид хэн нэгнийг муухай харагдуулах гэж орж ирээгүй, Монголын ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн амьдрал, ажлыг сайжруулахын тө­лөө асуудал яриад сууж байгаа. Гэтэл ард түмний амьдрал уруудаж, доройтож байхад бие биенээ тохуурхаж байна. Тэр тусмаа Ерөнхий сайд таны дандаа ярьдаг худлаа үйлдлээс болоод ард иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт уруудан до­ройтсоор өнөөдөр цө­хөрч байна. Та ёс суртахууны ухамсраараа “Би өөрөө огцоръё” гээд асуудал оруулж ирэх ёстой байсан юм.

Ё.Отгонбаяр:

-Х.Баттулга сайдын ажилд үнэлэлт дүгнэлт өгөөч ээ гэхэд Ерөнхий сайд та “Хоёр жил ажил хийсэн хүнийг дүгнэж болдоггүй юм. Дөрвөн жил ажил хийсэн хүнийг үнэлнэ” гэж хэлсэнд гайхаж байна. О.Баасанхүү гишүүн би өргөдлөө түр татсан юм, дахиад өргөн барина ч гэх шиг орон гаран зүйл ярьсанд өмнөөс нь ичиж байна. Ингэж УИХ-ыг тоглоомын газар болгож таарахгүй” гэсэн юм. Мөн энэ өдрийн хуралдаанд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхэд гишүү­дийн олонхи нь “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анх­ны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шил­жүүлэв. Гэхдээ Монгол Улсын өрийн хэмжээг ДНБ-ний 70 хувьд хүргэх төсөл олон шүүмжлэл дагуулсан.

Ө.Энхтүвшин:

-Төсвийн хүрээний мэдэгдэл дотор улсын өрийн хэмжээг 70 хувьд хүргэхээр оруулж ирж. Үүнээс гадна Засгийн газар БНХАУ-аас 162 сая ам.доллар, мөн Герман болон бусад орны банкнаас 80 сая ам.доллар, 300 сая ам.доллар нийтдээ 500 сая ам.доллар авахаар шийдвэр гаргаж. Ийм эрхийг УИХ Засгийн газарт өгөөгүй байгаа. Гэх­дээ та бүхэн өр тавь­­чихвал валютын хан­шийг бууруулна гэж хэлээд өнгөрсөн жил 1.5 тэрбумын Чингис бонд, Самурай бондыг тус бүр гаргасан. Валютын ханш өнөөдөр хэд хүрээд байна, 1820 төгрөг гараад явчихлаа. Ингэж хууль зөрчиж болохгүй. 500 сая ам.долларын зээл авахаар гэрээ байгуулсныхаа дараа асуудлаа УИХ-д оруулж ирнэ. Та нар ийм аргатай.

Сангийн сайд Ч.Улаан:

-Эрсдэлтэйг ойлгож байна, зээлгүйгээр хөгжилд хүрэх гарц байхгүй. Өр бол зээлнээс үүсдэг, зээл болгон өр болдоггүй. Зөв ашиглавал хөрөнгө оруулалт болно. Бүтээн байгуулалтаа сайн хийж чадвал хожоо болж хувирна.

 Ч.Хүрэлбаатар:

-Төсвийн хүрээний мэдэгдлийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн. Улсын гадаад өрийг 8.2 их наядаас 14.7 их наяд хүргэж нэмэгдүүлэхээр Монгол Улсын нэг иргэнд ногдох өр 5 сая 84 мянган төгрөг болно. Яаж чадаж байна аа. Монгол Улсын  өрийн хэмжээ өнөөдөр ДНБ-ний 62 хувьтай байгаа, энэ онд 40 хувь руу буулгах ёстой. Гэтэл Засгийн газар Монгол Улсын Их хурлын хуулийг зөрччихөөд,  түүнийгээ нөхөж ажиллах оролдлого хийж байна. Ийм байдалтай Засгийн газрыг өөгшүүлээд явах уу. Төсвийн хүрээний мэдэгдэл гэдэг зөв бодитой аргачлалтай байх ёстой. Төсвийн орлого зарлага, ам.долларын төг­рөгтэй харилцах ханшийг 2014-2016 он тус бүрт нь  хэд гэж тооцсон бэ. Улсын өрийн хэмжээг 70 хувьд хүргэнэ гэж байна, Чингис бондыг хаана, юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ярьдаг болсон байна. Ийм байхад дахиад зээл авах тухай ярих нь эрсдэлтэй. Ханшийг хэдээр тооцсоноо хэлээд өг.

Н.Батбаяр:

-Чингис бондын зарцуулалт ил тод байгаа. Юунд зарцуулахаа бодлогын зөвлөлөөр шийдвэрлэдэг. Бодлогын зөвлөл 14 гишүүнтэй, долоо нь Засгийн газраас, долоон гишүүн нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, УИХ, хотын захиргаанаас төлөөлөл оролцсон байдаг. Энэ бүрэлдэхүүний хэмжээнд ярилцаж шийдвэр гаргадаг. Тэрний дагуу санхүүжилт хийгээд явдаг.  2014 оны төсвийг өнгөрсөн онд 1384 гэж тавьсан нь тооцооны ханш. Тэгж оруулж ирэх­­­дээ хамт хуулийн төсөл оруулж ирсэн. Гадаад зээлийн хэмжээг нэмэгдүүлэх лиментийг УИХ дээр унагаасан. Түүний харгайгаар өнөө­дөр ханш 1820 хүрсэн, Монголын эдийн засаг тэлэх ёстой, хөрөнгө оруулалтынх нь хэмжээг хааж зогсоож болохгүй. Зээл авах ёстой” гэсэн юм. Мөн энэ өдөр Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцсэн ч санал хураалтад оролцсон гишүүдийн олонхи нь “Хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй” гэснээр төсөл төрхөмдөө буцлаа. Хуулийн төсөл унахад нөлөөлсөн гол шалт­гаан нь  одоо хэрэг­жиж байгаа хуулийн төс­лөөс нэг их чанарын өөрчлөлт ороогүй төсөл гэж гишүүдийн олонхи үзжээ.

Газрын тосны тухай шинэчилсэн найруулга, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах болоход санал хураалтад оролцсон гишүүдийн 50 хувь нь “Хуулийн төслийг батлах шаардлагагүй” хэмээн үзсэнээр төсөл Засгийн газарт буцаалаа.

Хуулийн төсөл унахад УИХ-ын гишүүдийн оролцоо хангалтгүй байсан нь нөлөөллөө. Учир нь УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн гишүүдээс олонхи нь байхгүй, тэр дундаа сайдууд нь байхгүй, мөн УИХ дахь олонхийн бүлгийн сайд, УИХ-ын гишүүд байгаагүй нь санал хураалтад нөлөөлсөн гэж хууль санаачлагч хэлсэн. Хуулийн төсөлд зааснаар Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулснаар Тогтвортой байдлын гэрээ үйлчилэхээр, мөн Засгийн газар гэрээлэгч хоёр ашгаа 50, 50 хувиар хувааж авна. Харин өртгөө нөхсөний дараа Монголын Засгийн газар ашгийн 60 хувийг авахаар тусгаад байжээ.

Д.БОЛОР

Эх сурвалж:  Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих