ЭНЭ ТӨРИЙН ЭРҮҮДЭН ШҮҮГЧ НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦООЧ, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ
-Байна уу, Амарсайхан дарга уу?
-Байна, байна. Тийм байна.
-Аан би “Өдрийн шуудан” сониноос ярьж байна аа, танаас юм тодруулах гээд л…
-Аан за. Тэгээ тэг.
Хэвлэл мэдээллийнхний хувьд мэдээллийн найдвартай эх сурвалж хамгаас чухал. Д.Амарсайхан даргын хувьд сэтгуүлчдэд ямагт нээлттэй байж, бодит мэдээллийг цааргалалгүйгээр өгдөг байв. Талийгаачийн 990888… дугаар луу залгахад утсаа авч, уриалгахнаар хариулах энэ эрхэм ямар ч мэдээллийг нууж хаагаад, байлгүйгээр тайлбарлаад “За миний дүү болсон уу. Ийм учиртай юм. Миний хэлснийг сайхан бичээд хүмүүст зөв ойлголт өгөөрэй” гэхэд нь “Баярлалаа” гэж хэлчихээд л цаасан дээр буулгахаар яардагсан.
Гэвч өнөөдөр энэ эрхэм үгүй болжээ. Дэндүү гэхэд дэндүү харамсалтайгаар нөгөө ертөнцийг зорьж. Настай аавыгаа, ээжийгээ, сайхан ханиа, үр хүүхэд ач зээгээ, ах дүүсээ орхиод явчихаж. Талийгаачийн гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлж байна. Бас энэ төрийн хуульч нэртэй эрүүдэн шүүгч нарын золиос болсонд харамсч байна.
Уг нь энэ эрхэм гэр бүлдээ, ах дүүстээ, найз нөхдөдөө ийм их гуниг, харуусал үлдээгээд явахгүй байх боломж байсан. Хэдийгээр гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаж байсан ч хууль хүчний байгууллага тэр тундаа шүүх, АТГ, прокурорынхон жаахан ч гэсэн хүнлэг сэтгэл гаргасан бол тэрээр өнөөдөр ч амьд байх байсан гэж бодохоор өөрийн эрхгүй харамсах сэтгэл төрөх.
Гэвч түүний үхэлд буруутай албан тушаалтнуудаас өнөөдрийг хүртэл ямар ч анир алга. Таг дуугүй, албан тушаалаас нь аваад хаячих вий гэсэн шиг үүрэндээ бүгээд таг чиг. Иймээс л талийгаачийг бие нь муу, эмнэлэгт хэвтэх зайлшгүй шаардлагатай хэмээн. хүсэлт илгээгээд байхад түүнийг нь хүлээж аваагүй гэх шүүгч, прокурор бас энэ хүнийг эмчилж болохгүй хэмээн үүрэг өгсөн АТГ-ынхныг “Энэ төрийн эрүүдэн шүүгч хэмээн цоллож, тэдэнтэй хариуцлага тооцвол яасан юм, Ерөнхийлөгчөө. Хэдийгээр талийгаач эрхээ хязгаарлуулсан ч гэсэн тэр хүн Монгол Улсын иргэн, монгол эр хүн. Аавдаа, ээждээ сайн үр нь. Ханьдаа, үр хүүхдэдээ хэнээр ч юугаар ч ордуулахгүй өмөг түшиг нь. Энэ улсын иргэн гэсэн данстай цагт Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх бүрэн эрхтэй байсан.
Харамсалтай нь манай хуулийнхан энэ хүнийг хэрэгтэн болгож ял оноох ёстой хэмээн хэт улайрснаас эрдэнэт нэг хүний амь эндэв. Энэ бол Монголын хууль шүүхийнхээ хүчний байгууллага шат шатандаа хүмүүсийг эрүүдэн шүүдэг, залхаан цээрлүүлдэг субьект болчихоод буйг нотолж буй юм.
Яг үнэндээ өнөөдөр Монголын шоронд ганц Д.Амарсайхан ч бус маш олон бизнес эрхлэгч, жирийн иргэд сэтгэл зүй, эрүүл мэндээрээ хохирч, гэм буруутай нь шүүхээр нотлогдоогүй байхад гэмт хэрэгтэн хэмээн цоллуулаад буй нь нууц биш. Энэ тухай баримт ч хангалттай бий.
Тухайлбал, сар гаруйн өмнө “Тэнгэр” холдингийн захирал Х.Анхбаярын Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан илгээсэн захидал нийгмийг бүхэлд шуугиулж байв. Тэрбээр Ерөнхийлөгчийн амар мэндийг эрэхийн сацуу өөрийн хийгээгүй хэргийнхээ золиос болж, эрүүл мэнд нь хэрхэн доройтож нас нь өдрөөс өдөрт хорогдсоор байгаа тухайгаа сэтгэл өвдтөл бичсэн байсан билээ.
Тодруулбал, тэрбээр ХБНГУ-д ажиллаж байгаад эх орондоо буцаж ирсэн цагаасаа Монгол Улсын хүнд үйлдвэрлэл, аж үйлдвэрийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татахад анхаарч ажилласан бөгөөд ингэж хичээж зүтгэснийхээ хүчинд ХБНГУ, АНУ, Австрали, Канад зэрэг улсаас 70 гаруй сая ам.долларын шууд хөрөнгө оруулалтыг оруулж ирсэн. Харамсалтай нь, 2013 оны долдугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн хуулийн 263.2,1661.2-д заасан “Мөнгө угаасан” гэх гэмт хэргийг үйлдсэн хэмээн буруутгаж эрүүгийн 201301000290 дугаартай хэрэг үүсгэн тэр өдрөөсөө сэжигтнээр тооцон ШШГЕГ-ын харьяа Зуунмод дахь хорих ангид аваачсан. Энд 60 хоног хориод есдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүунхараа дахь хорих ангид 60 хоног, арваннэгдүгээр сарын 6-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Улаанбаатар хот дахь Цагдан хорих 461 дүгээр ангид үргэлжлүүлэн хорьж байна. Хорих анги дамжуулан бүтэн найман сар гаруй хорьж байгаа үндэслэлээ АТГ-ынхан болон прокурорынхон “Мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд саад учруулж болзошгүй”, ‘Танай компанийг шалгуулахаар томилогдсон шинжээч нарын дүгнэлт гараагүй байна” гэхээс өөрөөр тайлбар өгөхгүй дөрвөн сар болсон.
Дүгнэлт гарсан гэснээс хойш бас дөрвөн сар боллоо. Тэр тусмаа хуулийнхны хэлээд байгаа шиг төрийн өндөр албан тушаал хашиж байсан улстөрчтэй, эсвэл тэдний гэр бүл, төрөл төрөгсөдтэй нь хамтарсан бизнес, компани, хувийн ашиг сонирхол аль аль нь баихгүй билээ. Энэ байдлаа АТГ-ын ажилтантай уулзах болгондоо үнэнээр нь хэлж мэдүүлдэг боловч тэд огт хүлээж авахгүй, шалгаж байна гэсэн ганцхан шалтгаанаар намайг, үргэлжлүүлэн хорьсоор байгааг би огт ойлгохгүй байна” хэмээн бичсэн байсан юм. Хэдийгээр энэ захидлыг төрийн тэргүүн, холбогдох хүмүүс нь олж уншсан эсэхийг мэдэхгүй ч энэ баримт манай хууль хяналтынхан тэр дундаа АТГ, прокурор гэж байгууллага хүмүүсийг ямар их дарамталдаг, сүрдүүлдэг хэлснийг нь биелүүлэхгүй гэсний төлөө яллах гэж улайрдаг, эрээ цээрээгүй мөнгө нэхдэг гаж үзэгдлийн бодит жишээ гэхэд болно.
Энд Монголын төр, Монголын шүүх, прокурор, хүчний байгууллага хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг бас нэг жишээг дурдахад НЦГ-ын дарга асан О.Зоригтын “Долдугаар сарын 1-ний гэх тодотголтой хэрэгт холбогдох үеэрээ шүүх танхимд хэлсэн үг. Энд нэг зүйлийг сануулахад тэрбээр шүүх хурлын өмнө хүнд хагалгаанд орсон бөгөөд энэ тухайгаа “Миний өмгөөлөгч Өнөрбаяр шүүх хуралдаанд ирээгүйн төлөө мэс ажилбар хийлгэн хэвтрийн дэглэм сахих ёстой намайг хагас хэвтээ байдалтай хүчээр суулгаж шүүх хуралдааныг хийж буй нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Мөн өмгөөлөгчтэйгөөр шүүх хуралдаанд оролцож хууль зүйн туслалцаа авах эрхээр минь хангаж өгөхийг шүүхээс шаардаж байна” хэмээн хэлж байсан юм.
Гэвч түүний хүсэлтийг шүүх хүлээж аваагүй бөгөөд үүний дараа тэрбээр “Прокурор намайг яллаж байгаа нь эрүүгийн эрх зүйн үндсэн зарчмуудад харш, хуульчийн хувьд бүдүүлэг алдаа гаргаж байгаа хэрэг. Хэрвээ цэрэг нь алдаа гаргасны төлөө даргыг нь ялладаг юм бол үймээн самуун гаргагчдын төлөө түүнийг зохион байгуулсан, уриалсан, турхирсан хүмүүс яагаад ямар ч хариуцлага хүлээхгүй, энэ талаар хэн ч ярихгүй байгаа юм бэ? Яагаад тэд өршөөлд хамрагдаж бид өршөөлд хамрагдсан хэрнээ дахин яллагдаж байна вэ. Хохирогч нар төрд гомдож байна гэж ярьсан, би ч бас төрд гомдож байна. Эх орныхоо өмнө үүргээ биелүүлсний төлөө өнөөдөр намайг шүүхийн өмнө “чи хүн алсан” гэж яллаж байгаад нь би төрд гомдож байна. Бид бүгд улс төрийн золиос” хэмээн хатуу боловч үнэн үгийг хэлсэн.
Сая болсон эмгэнэлтэй хэрэг нэг жишээ. Тэгвэл Монголын шүүх, прокурор, цагдаа, АТГ-ынхан хэдэн жилийн өмнөхөөс огт өөрчлөгдөөгүй, бусдыг дарамталж, хорих хэсүүлж, гэр бүлтэй нь уулзуулахгүй, эрүүл мэндийг нь ч тоолгүй золиос болгосоор байгааг нотоллоо. Хуулийнхан бусдын эрхийг үл тоож зөвхөн дээд дарга, чиглүүлэгч нарынхаа үгээр бусдыг гэмт хэрэгтэн болгохоор улайрч, түүнийгээ гүйцэлдүүлхийн тулд эрүүдэн шүүдэг нь тодорхой боллоо. Харамсалтай үүний гайгаар нэг хүн нас барав.
Уг нь энэ салбарт шинэчлэл өрнөөд байгаа юм гэсэн. Шүүх, прокурор, хэрэг бүртгэх мөрдөн байцаах албыг бүхэлд нь өөрчилж, бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагааг нь засч сайжруулаад буй юм гэсэн, салбар хариуцсан сайдынх нь ярьж буйгаар. Гэвч энэ байдлаараа бол Х.Тэмүүжин сайдын нүсэр шинэчлэл яагаад ч үр дүнд хүрэхгүй нь бололтой. Яагаад гэвэл салбарын сайдын хэлсэнчлэн 70, 80, 90 жилийн түүхтэй цагдаа хүчний цаашлаад энэ салбарыг бүхэлд нь аврах гарц гээд байгаа шинэчлэл нь хэдэн байгууллагыг чиг үүргээр нь нэгтгэж салгаад, албан тушаалтнуудыг нааш цааш болгох төдийхнөөр бус хүмүүсийнхээ толгойнд салхи оруулах, хүн байхын мөн чанарыг таниулахаас эхлэх ёстой нь”сая болсон эмгэнэлт явдлаас харагдлаа.
Л.ОЮУНГЭРЭЛ /ӨДРИЙН ШУУДАН/
URL: