Уугуулуудыг горьдоосон төсөл хэнийг баярлуулав
Монголын хууль жирийн иргэнд л үйлчилдэг болохоос эрх мэдэлтнүүдэд огтхон ч хамаагүй. Хэний ч амнаас чөлөөтэй гарах энэ үгийг зарим нэг нь яг зөв гэж дэмжиж байхад, за арай ч ингэж туйлширч болохгүй ээ гэх нь ч бий.
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг өгснөөр ардчилсан нийгмийн хамгийн том гавьяа энэ юм. Гэхдээ үг амнаас зүгээр л гардаггүй. Түүнд өчүүхэн ч гэсэн үнэний ор заавал байдаг. Үнэхээр хууль мөнгөтэйд биш мөнгөгүйд нь илүү сайн үйлчилж байгаагийн жишээ даанч олон. Тэдгээрээс нэгийг нь дурдахад ийм байна.
Өнгөрсөн оны есдүгээр сард УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл хоёр нэгэн тогтоолын төслийг их хурлын даргад өргөн барьж байлаа. Тодруулбал, Дархан цаазат Богдхан уулын зарим нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас чөлөөлж, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл. Тухайн үедээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр ядуугийнх нь нэрийг барьж дархан цаазат газар нутгаа тусгай хамгаалалтаас гаргаж томчуудад бэлэг барих гэж байна хэмээн багагүй шуугив. Шуугиан тэгсгээд намдсан. Хоёр сайдын өргөн барьсан тогтоолын төслийг ч УИХ-аар хэлэлцсэнгүй. Өргөн барьсан, хэлэлцэх шатанд яваа гэсэн бүртгэлтэй хэвээр найман сарын нүүрийг үзлээ. Хуулийн талаас ийм байна. Тэгвэл бодит амьдралд юу болж байна вэ.
ЯАРМАГИЙН ЭНГЭРИЙН ЯЛГААТАЙ АМЬДРАЛ
Өнгөрсөн намар Яармагийн дэнжийн урд хэсэг буюу Богдхан уулын Арцатын ам, мөн Нүхтийн ам хүрэх замын хоёр талаар нэг, хоёроос илүүгүй хашаа хатгасан байсан юм. Тэгвэл өнөөдөр тэнд газрын төлөөх тулаан ид өрнөж, барилгын ажил өдөр шөнөгүй үргэлжилж байна. Яармагийн замаас урд зүгт салж Нүхтийн аманд хүргэдэг засмал замын хоёр талаар модон, төмрөн, бетонон гэх мэт төрөл бүрийн өнгөтэй хашаанууд хэдийнэ босчээ. Түүгээр барахгүй өндөр үнэтэй нь тодорхой тансаг хаус, байшингуудыг босгосон харагдана. Ихэнх нь хийц загвар сайтай хашаанууд байх ба тойруулж хашсан газрын хэмжээ нь ч асар том. Өмнө нь энэ хэсэгт ийм байгаагүй юм. Зөвхөн аялал жуулчлалаар эзэмших эрх олгодог тусгай хамгаалалттай энэхүү нутаг дэвсгэр хэдийнэ томчуудын гарт орсон бололтой. Яармагийн замыг хурдных болгохоор хоёр жил дамнан дуншиж байна. Замын урд хэсгээр шороон далан үргэлжилж цаана нь болж буй үйл явдлыг тун ч сайн халхалж байх шиг. Нүхтийн ам руу салдаг засмал зам үзэгдэхээ больж, учир замбараа нь олдохоо байжээ. Дархан цаазат газрын хамгаалалт, нийслэлийн хот төлөвлөлт иймэрхүү байдалтай байна.
Богдхан уулын Зайсангийн амнаас 23.2 га, Богинын амнаас 0.3 га, Арцатын амнаас 21.8 га газрыг тусгай хамгаалалтаас гаргах тогтоолын төслийн автор болох хоёр сайдын санаачилга хэдийгээр үр дүнд хүрээгүй байгаа ч зарим сэргэлэн нэгэнд нь тун ч аятайхан өгөөш болчихов бололтой. Яалт ч үгүй өнгөрсөн намар хоосон байсан газар нутаг хэдхэн сарын дотор эзэдтэй болчихсон цаг хугацааг тооцоолоход ийн хардахад хүргэж байна. Харин санаачилсан төслийн халхавч буюу хоёр сайдын урдаа барьсан жирийн иргэд өөрсдийн газраа өмчилж чадаагүй хөөгдсөн хэвээр. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хажууд он удаан жил амьдарсаар ирсэн 80 гаруй айл байдаг. Нийт өрхийн ихэнх нь ядуу, ахмад настан, өрх толгойлсон эцэг, эх голцуу амьдардаг. Тэд байнга хөөгдөж туугдсаар ирсэн. Тиймээс тэдэнд газрыг нь өмчлүүлж, эдийн засгийн баталгааг нь хангах хэрэгтэй гэж үзэх нь бий. Эсвэл Яармагийн энгэрийн энэ хэсэг газар анхны зориулалтаараа (гамшгийн үед майхан хороолол барих газар) ашиглагдах ёстой.
“Бид сонгуульд оролцохдоо ч иргэдийг газартай болгоно гэж амалж байсан. Тусгай хамгаалалтаас гаргах газрын төлөвлөгөөнд нэг ч хаус ороогүй” гэж төсөл санаачлагчид тухайн үед ярьж байлаа. Харамсалтай нь тогтоолын төсөл ч батлагдсангүй, иргэд ч газраа авч чадсангүй, дуулианаар нь зарим нэгэн хүмүүс тун ч аятайхан байрлалд газар гэгчийг томоор нь хашаалж, тансаг хаусуудаа босгож чадлаа. Нэгэнт газраа хашаалчихвал барилга барьчихна, дараа нь зөвшөөрлөө хөөцөлдөхөд ядах юмгүй гэсэн бичигдээгүй хууль манайд үйлчилдэг юм хойно ирээдүйн үйл явцыг хэлэх хэрэггүй биз.
ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ДЭМЖДЭГ Л БАЙЖ
Нэгэнт байдал иймд хүрэх байсан бол тэр тогтоолын төслийг нь дэмжиж, худал үнэн магтаж байгаад батлуулчихсан бол. Тэгсэн бол ямбатнууд л амьдрах эрхтэй Яармагийн энгэрт хэдхэн ч гэсэн энгийн иргэд өөрийн гэсэн өмчийн газартай болох байж. Уулын энгэрт, цэвэр агаарт, замын дэргэд гээд бизнесийнхний хорхойг тун ихээр хөдөлгөж байгаа энэ хавийн газрын ирээдүй хэрхэх нь тодорхой болчихлоо. Нэгэнт дархан цаазат газар нутаг руугаа ил, далдаар дайраад эхэлчихсэн юм чинь танагтай дээр нь зөв, оновчтой төлөвлөлөөд эрх тэгш хуваарилбал яасан юм. Сонгуульт хугацааны тал нь өнгөрчихөөд байхад Л.Болд, Ц.Оюунгэрэл нар амлалтаа биелүүлсэн болж харагдахын тулд хоёрын хооронд дуулиан тариад л өнгөрлөө. Тогтоолын төсөл нь хэлэлцэгдэхгүй байхад татаж авдаг ч үгүй, хэлэлцүүлье ч гэхгүй дуугүй л яваад байгаа нь ямар учиртай юм бол.
Б.УРАН
Эх сурвалж: Зууны мэдээ
URL: