“Жаст”-ийн Ш.Батхүүг есөн сар хорьсны эцэст эмнэлэгт шилжүүлжээ
“Жаст” группийн захирал Ш.Батхүүг есөн сар хорьсны эцэст өчигдөр эмнэлэгт шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл, Газрын тосны газрын дарга асан , талийгч Д.Амарсайхан энэ сарын 13-нд 17:00 цагийн орчим хорих ангийнхаа уулзалтын өрөөнд өмгөөлөгчтэйгөө уулзаж байгаад таалал төгссөний дараахан хууль, хяналтын байгууллагынхан ийм шийдвэр гаргасан байна. Учир нь “Жаст” группийн захирал Ш.Батхүү хоригдож байх хугацаанд сахарын өвч нь хүндэрсэн аж. Тиймээс эмнэлэгт шилжүүлэхээр болсон нь энэ.
“Жаст” группийн захирал Ш.Батхүүгийн хийсэн гэх үйлдлийн талаар эргэн сануулахад, их хэмжээний зээл гадны банкнаас босгоход “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг албан тушаалаа урвуулан байж тусалсан гэх нь бий. Өөрөөр хэлбэл, “Стандарт” банкнаас нийтдээ 109 сая ам.долларыг “Жаст” группийн захирал Ш.Батхүү гурван үе шаттайгаар зээлж авсан гэдэг.
Харин зээлээ графикийн дагуу төлөөгүй учраас тус банкны ажилтнууд “Эрдэнэт” үйлдвэрийг зорих болж, тэр ч байтугай ТӨХ-ны дарга асан Д.Сугарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдгээ өөрөө хүлээсэн гэх мэдээлэл гарах болсон. Нөгөөтэйгүүр хүний гарын үсгийг дуурайлгаж бичээд “Стандарт” банкнаас зээл авсан эсэх нь үнэн үү гэдэг эргэлзээтэй. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар мань хүн ТӨХ-ны дарга асан Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нарыг уснаас хуурай гаргахын тулд өөрийгөө золиосолж байна гэх нь бий. Ямар ч байсан “Жаст”-ийн Ш.Батхүүг “Хадгаламж” банкныхаа активаас тодорхой хэмжээний мөнгийг хувьдаа завшсан , “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан зэрэгт түүнийг буруутган шалгаж, тэр байтугай есөн сар хорьсон юм.
URL: