Осолдсон уурхайчны тoo 200 давлаа

32_a7d11dd1da59b26127285e1e58dcc0498dbd3d3aТуркийн Сомад уурхай дэлбэрч 200 гаруй хүний амийг авч одсон эмгэнэлт явдал болсон тул тус улсын Засгийн газраас гурав хоногийн гашуудал бүх орон даяар зарлалаа. Үндэсний хэмжээнд зарласан гашуудлын үеэр ямар нэг баяр ёслол, хөгжөөн цэнгээний арга хэмжээг хориглож Туркийн төдийгүй тус улсад үйл ажиллагаа явуулдаг бусад улс орнуудын төрийн далбааг бөхийлгөн амиа алдсан уурхайчдад, тэдний ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлэх гэнэ.

 

Осол өнгөрсөн мягмар гаригт болсон бөгөөд эл уурхай Истанбулаас урагш 250 км-т байдаг. Уурхайд ажил ид үргэлжилж, 787 уурхайчин газрын гүнд ажиллаж байх үед дэлбэрэлт болжээ. Ойролцоогоор хоёр км орчим гүнд болсон дэлбэрэлтийн шалтгааныг урьдчилсан байдлаар цахилгааны богино холбооноос үүдэлтэй гэсэн таамаг дэвшүүлээд байгаа аж.

 

Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр нурангид дарагдаж амиа алдсан хүний тоо 201-д хүрсэн, уурхайн гүнд бараг 100 гаруй хүн байгаа, тэдний үхсэн амьдыг мэдэхгүй байна гэсэн мэдээллийг Туркийн Эрчим хүч, байгалийн нөөцийн сайд Танер Йылдызийн хэлснээс эш татан Франс пресс агентлаг уламжилжээ.

 

Тиймээс хохирогчдын тоо өсч магадгүй хэмээн үзэж буй агаад уурхайчдын ар гэрийнхэн амьд байж магадгүй хэмээн найдаж аврах ажиллагааг эрчимтэй хийхийг эрх баригчдаас шаардаж байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих