Оршуулгатай холбоотой журмууд уялдаа холбоо муутай байна

1Нийслэлийн нутаг дэсгэрт байгаа оршуулгын газруудын эрхзүйн орчныг тодорхой болгох зорилгоор нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар оруулсан. Энэ талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригунаас тодруулга авлаа.

-Оршуулгын газруудын эрхзүйн орчныг сайжруулахаар журам батлахаар ярьж байна?

-Журмыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар оруулаад, Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн хуралд өргөн барихаар болсон. Үүний дагуу удахгүй тэргүүлэгчдийн хурлаар орно.

-Энэ нь ямар ач холбогдолтой юм. Ер нь журамд юу гэж тусгасан байгаа вэ?

-Ерөнхийдөө Монгол Улсын хэмжээнд жилдээ дунджаар 16 мянган хүн насбарж түүний тал шахуу хувь нь нийслэлд хамаарагддаг. Өнгөрсөн жилийн эцсийн байдлаар
нийт нас баралтын 44 хувь нь чандарлах зан үйлээр, 56 хувь нь далд оршуулах буюу газарт оршоох хэлбэрээр нутаглуулж байгаа юм.

Энэ хэмжээгээр тооцоход жил бүр нийслэлийн газар нутгаас 50-70 га газар ошуулгын үйл ажиллагаанд ашиглагдаж байна. Оршуулгатай холбоотой хэд хэдэн журам байдаг ч эрхзүйн зохицуулалт хоорондын уялдаа холбоо маш муу байдаг. Үүрэг хариуцлага нь тодорхойгүй байдаг юм байна лээ. Тиймээс тэдгээр журмуудыг нэгтгээд, дутуу зүйлүүдийг оруулсан.

-Оршуулгын үйл ажиллагаанд оролцдог аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавьдаг вэ. Нийт хэдэн газар байдаг бол?

-Шинэ журам батлагдсанаар энэ үйлд оролцдог аж ахуйн нэгж байгууллагуудын үүрэг хариуцлагуудыг тодорхой болгож байгаа. Тэрүүгээрээ онцлог байгаа. Харин нийслэлд хичнээн тооны оршуулгын газар байх вэ гэдэг тал дээр Засаг даргын захирамж гарч, ажлын хэсэг байгуулагдсан. Тэдгээр нь нийслэлд байгаа оршуулгын газруудад дүгнэлт гаргах юм.

Улаанбаатарт зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй хаагдсан гээд нийт 20 орчим оршуулгын газрууд бий. Зөвшөөрөлгүй оршуулгын газрууд ил задгай тавих гэх мэт асуудлууд гардаг. Оршуулгын газрын хамгаалалтын бүсийг Монгол Улсын “Ариун цэврийн тухай хууль” болон “Хөдөлмөр Аюулгүй байдал. Үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Эрүүл ахуй хамгаалалтын бүсийн хэмжээ ерөнхий шаардлага “MNS1052001 стандартад оршуулгын газар нь суурьшлын бүсээс 300 метр зайд байна гэж заасан байдаг

-Хаагдсан оршуулгын газруудыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох талаар яригдаж байсан?

-Хаагдсан оршуулгын газруудыг хотын ерөнхий төлөвлөгөөнд дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгоно гээд төлөвлөсөн. Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн гэдэг мань одоо байгаа газрыг нь тохижуулаад, оршуулсан байгаа шарилуудыг чандарлаад, цэцэрлэгт хүрээлэн болон суварганд мөнхлөх юм. Талийгаачийг эргэж очих боломжийг бүрдүүлсэн тийм л зүйлийг хийх төсөл байгаа.

М.Янжинлхам

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих