Маргаашаас эхлэн зуслангийн чиглэлд нэмэлт автобус явна
Нийслэлийн Нийтийн тээврийн газраас зуслангийн чиглэлд зуны улиралд нэмэлт автобус гаргадаг. Өнгөрсөн жилийн хувьд зуслангийн найман чиглэлд бага багтаамжийн 30 автобус үйлчилсэн байна. Харин энэ жил хэзээнээс эхлэн нэмэлт автобус явуулах талаар нийслэлийн Нийтийн тээврийн газрын Диспетчерийн албаны дарга Г.Доржпаламаас тодрууллаа.
-Зуслангийн чиглэлд нэмэлт автобусыг хэзээ явуулж эхлэх вэ?
-Нийслэлийн иргэд зусландаа гарсантай холбогдуулан энэ сарын 15-ны өдрөөс эхлэн зуслангийн нийтийн тээврийн үйлчилгээ эхлэхээр болсон. Энэ зун зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд нийт их болон бага багтаамжийн 22 автобус эхний ээлжинд үйлчилгээнд гарна. Үүн дээр одоо зуслангийн чиглэлд явж байгаа Шаргаморьтын 16, Санзайн хоёр автобус үйлчилгээнд явж байгаа. Ингээд нийт том бага оврын 38 автобус үйлчилгээнд гарна. Шаардлага гарвал тээврийн хэрэгслийг нэмэх боломж байгаа. Бид долоон буудлын эцэст диспетчерийн бүртгэл хяналтын цэг байршуулаад хяналтаа тавина.
-Яагаад Долоон буудалын эцэст хяналтын пост гаргах юм?
-Өмнө нь Эрх чөлөөний талбай буюу Тусгаар тогтнолын талбай болон Барилгачдын талбайгаас зуслангийн чиглэлд үйлчлэх бага оврын автобус явдаг байсан. Харин энэ жилийн хувьд дээрх газруудад засвар шинэчлэлтийн ажил хийсэнтэй холбоотойгоор бага оврын автобусны эцсийн буудлыг Долоон буудлын эцсийн буудлаас зуслан руу явуулахаар болсон. Харин их багтаамжийн Санзай, Жигжидийн чиглэлийн автобус Бөмбөгөр худалдааны төвөөс иргэдээ суулган зуслан руу явна. Харин Шаргаморьтын хувьд үндсэн чиглэлээрээ буюу Халдвартын эмнэлгийн эцсийн буудлаас явна.
-Хэчнээн бага оврын автобус үйлчилгээнд явах бол?
-Бага оврын 20 автобус таван чиглэлд явна. Тодруулбал, Баянбулаг, Өвөргүнт, Майхан толгой, Яргайт, Гоодой гэсэн чиглэлд иргэдэд үйлчлэх юм.
-Сүүлийн өдрүүдэд түлшний үнэ нэмэгдээд байгаа. Зуслангийн автобусны үнийн хувьд ямар байх бол?
-Бага багтаамжийн автобусны хувьд Өвөргүнт, Майхан толгой руу 600 төгрөг, Баянбулаг, Яргайт Гоодой руу 500 төгрөгөөр явна. Харин их багтаамжийн автобус Шаргаморьт болон Жигжидийн чиглэлд 500 төгрөгөөр үйлчилнэ. Үүнээс гадна хүүхэд 200 төгрөгөөр үйлчлүүлнэ. Бидний хувьд дизель түлшийг 1700 төгрөг байхаар бодож дээрх үнийг тогтоогоод гэрээгээ хийсэн. Тэгэхээр энэ үнэд өөрчлөлт орохгүй гэж бодож байна.
-Эцсийн буудлыг өөрчилчихөөр иргэдэд хүндрэл учрахгүй юм уу?
-Долоон буудлын эцсийн буудалд Улаанбаатар хотын баруун, зүүн, урд талаас 10 чиглэлийн автобус очиж байгаа. Тэгэхээр үүнд ямар нэгэн хүндрэл гарахгүй.
Э.Пагмадулам
URL: