АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН “АМЫГ ТАТАХ” БОЛЖЭЭ
Авлигатай тэмцэх газар гэж бүх юм нь хаалттай байгууллага бий. Дотроо юу бугшиж байдаг юм бүү мэд. Сэтгүүлчдийг мэдээлэл авахаар очиход хаалга мөргүүлээд буцаах нь элбэг. Харин уржигдар энэ газарт шалгагдаж байсан Газрын тосны газрын экс дарга Д.Амарсайхан нас барлаа. Тэрээр хорвоог орхихдоо хорих 461 дүгээр ангийн уулзалтын өрөөнд байсан нь анхаарал татсан ноцтой явдал юм. Өргөсөн тангарагтай эмчтэй, үүдтэй хаалгатай газар өвчний улмаас нөхчинө гэдэг сонин.
Баривчлагдахынхаа өмнө хоёр сар Солонгос улсад эмчлүүлээд ирж. Тэгээд хоёр сар хоригдоод батлан даалтад гарсан байна. Дараа нь дахиж саатуулагдаад 28 дахь хоногтоо эл золгүй явдал тохиолджээ.
Бие нь муу түүнийг батлан даалтад авахаар арав гаруй удаа хүсэлт гаргаснаа өмгөөлөгч нь ярьж байна. Үнэхээр тийм бол үхүүлэх зорилготой хорьж байсан мэт санагдана. Эмчилгээ хийлгүй амь тэмцүүлэх замаар эрүүдэн зовоож ямар хэрэг хүлээлгэх гэсэн хэрэг вэ. Ийм дарамтан дор хүлээгээгүй хэрэг нь үнэн байх уу гэдэг бол асуулт. Хамгийн том асуулт нь Авлигатай тэмцэх газар ариун ажиллаж байна уу гэдэг байна.
Манай улс ардчилсан хүнлэг энэрэнгүй нийгмийн замыг сонгоод 25 жилийг үджээ. Ийм хугацаа өнгөрсөн атал хэрэгт холбогдож сэжигтнээр шалгуулах явцдаа иргэн нь хорих газарт амиа тавьсан явдал гарлаа. Хамгаас илүү эрхэмлэх ёстой ардчилал хүний эрх хөсөрдөж эхлээд байгаагийн дохио энэ мөн.
Хүний гэм буруутайг зөвхөн шүүх тогтоодог. Шүүхээр тогтоогдоогүй нэгнийг гэм буруутайд тооцдоггүй. Тиймээс Үндсэн хуулиар олгогдсон бүх эрхээ эдлэх эрхтэй. Гэвч тархины хүнд хэлбэрийн өвчнөөр шаналдаг байсан түүнийг хэвтэж эмчилгээ хийлгэхийг, батлан даалтад гаргахыг дээрээс нь зөвшөөрөөгүй гэх үгийг эмч нар унагасан байх юм. Дээрээс нь зөвшөөрөөгүй болохоор зохистой эмчилгээг нь хийхгүй байх эрх тангараг өргөсөн эмч хүнд байх ёсгүй. Тулааны талбарт ч эмч хүн дайсандаа тусламж хүргэдэг. Тангараг гэдэг ийм л байдаг. Түүнээс дипломоо аваад ажилд ороод хэлдэг хэдэн мөр шүлэг биш шүү дээ. Мөн хүний амьд явах эрхийг зөрчиж эмчилгээ хийлгэхгүй байх чиглэл өгсөн албан тушаалтныг яаралтай тодруулж хариуцлага
тооцох хэрэгтэй.
Үнэн мөн нь тогтоогдсон, тогтоогдоогүй саатуулагдаж буй хүмүүс бүгд тулгасан хэргийг хүлээх байх. Хэрэгт шалгагдаж байгаа хүмүүст ямар хандах нь тодорхой боллоо. АТГ улсынхаа хамаг л гялайж гялтайх бизнесмэнүүдээ, залуусаа өдөрт л нэг нэгээр нь барьж хорьж байна гэсэн гомдол сүүлийн үед хэвлэлийн хуудаснаас салахаа больсон. Шалгаж шалгаж холбогдолгүй гээд гаргасан, түүнчлэн сонгуулийн үеэр хориод дараа нь сулласан зэрэг шударга бус явдлуудыг хэвлэлээр сөхөж ч байсан.
Хүмүүс “Хичнээн буруутай байсан ч иргэнээ хороодог төр гэж байх уу даа”, “Хүний амьнаас үнэтэй мөнгө байдаг уу” гэж халаглацгааж байна. Мөнгөнөөс шалтгаалж хүнийг үхүүлэх зан чанар манай үндэстэнд байхгүй.
Үүнийг өшөө авалт гэж хэлбэл л илүү зохино. Хүний мууд улайрсан энэ байдал хавтгайрвал хэрхэх вэ. Хэнд эрх мэдэл атгуулж, түүнд юу сургасан юм бол. Авлигатай тэмцэх нь зөв. Гэхдээ зөв аргаар цэвэрхэн, нээлттэй тэмцэх хэрэгтэй. Хорьж сүрдүүлж, тарчлааж тэмцэнэ гэвэл энэ нь хавтгайрсан хэлмэгдүүлэлт болдог юм. Анхандаа ганц нэг төрийн дундаж албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлэгтэй хөөцөлдөж байсан энэ байгууллага томчуудыг нь оролдож эхлэхэд алга ташсан хүн олон бий. Харин одоо бизнесийнхээ аль өнгөтэй өөдтэй, улсад өндөр тушаал хашиж явсан хэн бүхнийг өдөр бүр барьж байдаг болсон нь авлига бугшсан гэхээс илүү хардлага сэрдлэг, өс хонзон бугшаад эхэлсний дохио биш үү. Авлигатай тэмцэх газрын “амыг татах” цаг нь болсныг энэ явдал харууллаа.
Ж.БАЯР /НИЙСЛЭЛ ТАЙМС/
URL: