Хятадын армийн нууц зэвсэг
Хятадын агаарын цэргийн хүчин саяхнаас нэгэн нууц зэвсгийг зэвсэглэлдээ ашиглах болжээ. Энэ нь юу гэвэл сармагчин юм. Учир нь Хятадын ардын чөлөөлөх армийн агаарын цэргийнхэн макако сармагчинг сургаж, дадлагажуулан нисэх онгоцнуудаа шувуунаас хамгаалахад ашиглах болсон тухай армийнхаа албан ёсны сайтад энэ долоо хоногт мэдээлжээ.
Олон тооны макако сармагчингуудыг умард хятадад байрлах агаарын цэргийн хүчний нэгэн нууцлаг баазад бэлтгэдэг бөгөөд энэ газар нь нүүдлийн шувууд нүүдэлллэж өнгөрдөг томоохон зам дээр байрладгаараа онцлог гэнэ. Учир нь сармагчин цэргүүдийг ашиглаж эхлэхээс өмнө нүүдлийн шувуудын олон тооны сүрэг агаарын цэргийнхэнд шийдвэрлэж хүчрэшгүй томоохон асуудал болдог байсан аж. Тэр дундаа цэргийн нисэх онгоцнууд шөнийн цагаар нислэг үйлдэх үед шувуудын сүрэг бүр ч их садаа болдог байжээ.
Цэргийн нисэх онгоцнууд шувуутай мөргөлдөх нь энэ баазад бараг хэвийн үзэгдэл болчихоод байсан учраас макако сармагчингуудыг ашиглах энэхүү аргыг хятадууд бодож олсон гэнэ. Макако цэргүүдийн гол үүрэг бол шувуудыг үүрнээс нь хөөн зайлуулах, үргээх явдал аж. Ардын чөлөөлөх армийнхны санаснаар ч болж макако сармагчингууд үүргээ маш сайн биелүүлж байгаа бөгөөд одоо нэгэнт шувууд тэднээс айж, үүрээ орхин дайжих болжээ.
Хэзээ шувуудын сүрэг бөөнөөрөө модон дээр гарч ирнэ тэр үед сайтар сургагдаж, бэлтгэгдсэн сармагчин цэргүүдийн бүхэл бүтэн арми тэдэн рүү довтлон ордог болсон тухай хятадын агаарын цэргийн хүчнийхэн бахархалтайгаар ярьсан байна.
“Шувуудаас бүү ай. Учир нь бидэнд өөрсдийн гэсэн нууц зэвсэг бий” хэмээн тус баазын нэгэн офицер Хятадын ардын чөлөөлөх армийн вэб сайтад ярилцлага өгөхдөө онцлон хэлжээ.
Орчуулсан Б.Түвшин
Эх сурвалж: CNN
www.fact.mn
URL: