МЭДЭГДЭЛ
Сүүлийн үед “Оюуны ундраа групп” ХХК болон түүний үүсгэн байгуулагч С.Отгонбаяр, Ерөнхий захирал С.Амарсайхан нарын бизнес, ажил хэрэг болоод хувийн нэр хүндэд зориуд, зохион байгуулалттайгаар халдан, онц ноцтой хүнд гэмт хэргийг удаа дараа үйлдэж байгаа мэтээр илт худал нийтлэл, нэвтрүүлэг, мэдээ, мэдээлэлийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төлбөртэйгээр цацаж, олон нийтийг төөрөгдүүлсээр байна.
Энэхүү олон удаагийн гүтгэлэгийг Тээвэр хөгжлийн банкыг төлөөлөх бүрэн эрхгүй атлаа /3 шатны шүүхийн шийдвэрээр Д.Энхтайвны Тээвэр Хөгжлийн Банкны ТУЗ-ийн даргын бүрэн эрхийг дуусгавар болгосон байтал/ өөрийгөө Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга хэмээн тус банкны тамга тэмдгийг хууль бусаар, дур мэдэн ашиглаж байгаа Д.Энхтайван болон “Авилгатай тэмцэх сэтгүүлчдийн клуб”-ын тэргүүн Б.Отгонбаяр гэгч нар удаа дараа, санаатайгаар олон нийтэд тараан гүтгэснийг нь шалгуулж, тэдэнд хуулийн хариуцлага хүлээлгэн, нэр төрөө сэргээлгэхээр хууль хяналтын байгууллагуудад хандаад байгаа билээ.
Гэтэл эдгээр хүмүүс, бусдыг хүнд гэмт хэрэгт гүтгэн, нэр төрд нь халдсантай нь холбогдуулан өөрсдийг нь шалгаж байгаа хэргийн ач холбогдлыг бууруулах, гэм буруугаа нуун дарагдуулах, олны анхаарлыг өөр зүгт хандуулах, хууль хяналтын байгууллагын шийдвэрт нөлөөлж, хуулийн хариуцлагаас мултрах зорилгоор бидний нэр хүндэд халдсан гүтгэлэгээ үргэлжлүүлсээр байгаа төдийгүй хууль хяналтын байгууллага, төрийн өндөр албан тушаалтан, холбогдох ажилтнуудыг ч энэ асуудалдаа оролцуулан үймүүлж байна.
Д.Энхтайван нарын худал гүтгэлэгт итгэн манай компани болон үүсгэн байгуулагч нарын нэр хүндэд халдсан, “Зохиомол” гүтгэлгийг нь нийтэлсэн хэвлэл мэдээллийн зарим байгууллагууд биднээс албан ёсоор уучлал гуйсан билээ.
Гэвч мэргэжлийнхээ ёс зүй, нэр хүндээ умартсан зарим нэг хэвлэл мэдээллийн байгууллагууд Д.Энхтайван нарын санал болгосон материалын үнэн зөвийг нягтлан шалгаж, эрх бүхий байгууллагуудаас тодруулалгүйгээр бусармаг хүмүүсийн гар хөл болсоор байгаад хууль, шударга ёсыг эрхэмлэгч бид гүнээ харамсаж байна.
“Оюуны ундраа групп” ХХКомпани болон үүсгэн байгуулагч С.Отгонбаяр, Ерөнхий захирал С.Амарсайхан нар нь Д.Энхтайван нарын хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж, гүтгэж байгаа шиг “ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа явуулдаггүй” бөгөөд Монгол улс төдийгүй олон улсад мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Түүнчлэн удаа дараа бидний хувийн болон ажил хэргийн нэр төрийг гутаан доромжилж, хүнд гэмт хэрэгт гүтгэн, жинхэнэ ноцтой гэмт хэрэг үйлдсээр байгаа Д.Энхтайван, Б.Отгонбаяр нарт шүүх, хууль хяналтын байгууллагуудаас зохих хариуцлагыг нь хүлээлгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
“ОЮУНЫ УНДРАА ГРУПП” ХХК-НЫ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА
URL: