Гаалийн байцаагчдын хууль бус үйлдэл камерт бичигджээ
Гаалийн байцаагч нарын хууль бус үйлдэлтэй холбоотой мэдээлэл байсхийгээд л хэвлэл мэдээллээр гардаг. Улсын төсөвт төвлөрүүлэх ёстой хөрөнгийг хувьдаа завшсан нь тогтоогдож шүүхээс ял шийтгэл сонссон тохиолдол ч байгаа. Харин энэ удаад гаалийн ахлах байцаагч нар бусадтай хуйвалдаж хилээр их хэмжээний эд зүйлс нэвтрүүлэх гэж байгаад баригдсан байна.
Тодруулбал, хэд хоногийн өмнө АТГ-ын ажилтнууд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Буянт-Ухаа дахь Гаалийн газрын ахлах байцаагч нарыг баривчилж, хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Саатуулагдсан улсын ахлах байцаагч Д.Батжаргал, Н.Нямдорж нар нь улсын төсөвт оруулах ёстой хөрөнгийг хувьдаа завшихаар бусадтай хуйвалдаж байгаа нь камерт бичигдэн үлдсэн байна. Мөн тус хоёр байцаагчаас гадна Гаалийн ерөнхий газрын арав гаруй ажилтныг энэ хэрэгт холбогдуулан шалгаж байгааг албаны эх сурвалж хэлсэн юм.
Тэд бусдын авчирсан хоёр чемодан гар утсыг хилээр татваргүй оруулж ирэхэд нь тусалж, гаалийн хяналт шалгалтгүйгээр хилээр нэвтрүүлжээ. Буянт-Ухаа дахь Гаалийн газраас хяналт шалгалт явуулах нэг ээлжийн 20 байцаагчийг нэг сарын хугацаатай томилдог байна. Харин тус ээлжийг гаалийн улсын ахлах байцаагч ахлан ажилладаг ба аль хэсэгт хэдэн байцаагч томилж ажиллуулах, хэнийг нарийвчлан шалгахыг мэддэг аж.
Энэ хэргийн тухай АТГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “Гаалийн ерөнхий газрын байцаагчид бусадтай хуйвалдан хууль бус хэрэг хийсэн нь үнэн. Гэвч энэ хэргийг шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Саяхан л гэхэд Өмнөговь аймгийн Сум дундын нэгдүгээр прокурорын газраас Ханбогд суман дахь “Гашуун сухайт” хилийн боомтын гаалийн улсын байцаагчдын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийг шалгаж багагүй зөрчил илрүүлсэн байдаг.
Түүнчлэн тус боомтын Гаалийн газрын дарга Б.Батгэрэл 2010 онд тус газарт улсын байцаагчаар ажиллаж байхдаа 30 тонн зэсийг хууль бусаар хил нэвтрүүлсэн. Мөн 2012 онд татвараас зайлсхийж хураагдсан нэг тонн гаруй үнэт чулууг хуулийн байгууллагад шилжүүлэлгүй, хилээр гарган мөнгийг нь завшсанаас гадна хилээр нэвтрэх барааг татваргүй оруулж мөнгө “цохьдог” тухай мэдээлэл ч хэвлэлүүдээр гарсан юм.
Харин өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын 11-11 төвд иргэдээс ирсэн гомдлын олонх нь гаалийн байгууллагын ажилтнуудын хүнд сурталтай холбоотой мэдээлэл байв.
С.САРУУЛ /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: