“Facebook” Хятадад салбараа нээнэ
ХОНКОНГ. /Ёнхап/. Дэлхийн хамгийн том олон нийтийн цахим сүлжээний үйлчилгээ үзүүлэгч “Facebook” компани Хятадад салбараа нээх гэж байгаагаа “Bloomberg”-аас энэ сарын 13-нд мэдээлэв.
“Facebook” компани Хятадын хурдацтай өсөн нэмэгдэж буй хэрэглэгчдэд үйлчилгээгээ ойртуулахын тулд нэг жилийн дотор тус улсад салбараа нээж магадгүй байгаа ба Бээжин хотын төвийн “Wealth” санхүүгийн төвд байр түрээслэхээр ярилцаж байгаа гэж нэгэн эх сурвалж мэдээлжээ. Харин энэ тухай тус компани мэдэгдэхдээ, одоогийн байдлаар Хятад дахь үйл ажиллагааг Хонконг дахь салбараас зохицуулдаг бөгөөд цаашид Хятад дахь үйл ажиллагааг өргөжүүлэхийн тулд ажлаа илүү ойроос удирдах шаардлага бий болж байна.
Үүний тулд Бээжинд салбараа байгуулах асуудал ч бас яригдаж байгаа гэсэн тайлбар хийжээ. Хятад бол “Facebook” компанийн хараахан ороогүй үлдсэн хамгийн том зах зээл билээ. Хятад улс хэвлэл, мэдээллийн хяналт, цахим аюулгүй байдлын үүднээс 2009 онд “Facebook” компанийг дотооддоо хорьсон бөгөөд “Facebook” тус улс дахь зар сурталчилгааны холбогдох ажлыг Хонконг дахь төвөөрөө дамжуулан хийж ирсэн юм.
А.Цацралт
Монцамэ
URL: