Х.Баттулга: Надаар овоглосон бүх ажлаа дуусгана
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар ҮХАА-н сайд Х.Баттулгыг сайдын ажлаас нь чөлөөлөх асуудлыг яг одоо хэлэлцэж байна. Ерөнхий сайд Сэлэнгэ, Булган аймагт томилолтоор явж байгаа тул Засгийн газрын шийдвэрийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг танилцууллаа.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Х.Баттулга сайдад хандаж, “Ямар шалтгаанаар ажлаа өгч байгаа вэ. Салбарын ажил унаад явахгүй байна уу эсвэл танай намын фракцуудын зөрчлөөс болов уу” гэсэн асуулт тавилаа.
Х.Баттулга сайд “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцсэн. Миний бие энэ төслийг дэмжиж, батлах нь зүйтэй гэсэн санал өгсөн. Гэвч хуулийн төсөл УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадаагүй унасан. Өөрөө тийм санал өгчихөөд Засгийн газарт суугаад байх нь онцгүй байсан. Тийм учраас ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн” гэлээ.
Байнгын хорооны хуралдаан гишүүдийн асуулт хариултаар үргэлжилж байна.
Ж.Энхбаяр гишүүн гэхэд “Та хоёр удаагийн Засгийн газарт сайдын суудалд суусан хүн. Аж үйлдвэрийн парк, төмөр замын асуудал тантай холбоотой. Төмөр замын асуудал өнөөдөр зургаан жил болж цаасан дээр хэвээр байна. Ерөнхийлөгч давхар дээлээ тайл гэхэд танай нам, Ерөнхий сайд эсэргүүцсэн. Ийм учраас амласан ярьсан зүйлээ дуусга. Ялангуяа Ардчилсан нам доторх том фракцын тэргүүлэгчийн хувьд. Дараагийн сайдаар магадгүй МоАХ-оос хүн томилогдох байх. Бид энэ хүнээс амлалт нэхэхгүй биз дээ” гэсэн асуулт тавилаа.
Х.Баттулга сайд “Төмөр зам хэрэгжээгүй зургаан жил, зарим нь найман жил боллоо гэж ярьж байх. 2010 оны зургадугаар сарын 20-нд УИХ-аар Төмөр замын бодлого гэдгээр батлагдсан. Хамгийн анхны санхүүжилт 2013 онд 55 сая ам.доллар авсан. Бодлого батлагдсанаас хойш гурван жилийн дараа. Яагаад гэвэл С.Батболдын Засгийн газар мөнгө өгөөгүй. Тухайн үед Ц.Нямдорж гэдэг хүн нууц гэрээ гэж зүйлийг гаргаж ирснээр хөрөнгө оруулагч нарын толгой эргэж өнөөдрийн энэ байдалд хүрсэн гэдгийг хэлье” гэв.
“Намуудын талцалд миний хувьд эсрэг байр суурьтай ханддаг. Бид өнөөдөр бие биеэ тавлаж суух хооронд Хятад улс руу төмрийн хүдэр, нүүрс асар их хэмжээгээр гарч байна. Надаар овоглосон бүх ажлаа дуусгана. Засгаас гарлаа ч УИХ, байнгын хороо, намын бүлгээ шахаж шаардаад явна. Хариуцлага хүлээх асуудалд өөрөө бүхнийг үүрээд явна” гэдгээ ч тэрээр нэмж хэлсэн юм.
Б.Ирээдүй | GoGo.mn
URL: