Монголын тэргүүн баячуудын хувийн галерей дэлхийн баячуудын ч анхаарлыг татаж байна
Цуглуулга гэдэг тухайн эзнийхээ сонирхол, бас бэл бинчин, зан аашийг хүртэл нарийн тодорхойлж өгдөг эд. Монголын тэргүүн баячуудын хувьд хөөрөг, уран зураг цуглуулж, түүгээрээ үзэсгэлэн гаргах хэмжээнд очсон хүмүүс цөөнгүй бий. Ялангуяа уран зураг цуглуулагчдийн эгнээ өдрөөс өдөрт тэлж, хөрөнгө чинээтэй олон хүн хувийн музей хүртэл байгуулаад байгаа.
Хэдийгээр уран зурагт тогтсон үнэ ханш гэж тэр бүр байдаггүй ч Монголын хамгийн үнэтэй уран зураг АПУ-гийн босс Батсайханд хадгалагдаж байна. П.Батсайхан захирлын тухайд Монголын шилдэг бизнесмэний нэг төдийгүй биеэ авч яваа байдлаараа залууст үлгэр дуурайл болох нь бий. Түүний бусдаас онцгойрох нэг ялгаа нь уран зургийн цуглуулга. Үүнийгээ баталж Монголд дэлхийн шилдэг уран зургуудыг үнэ хайрлалгүй “импортолсон” ч гайхамшигтай цуглуулгыг нь хэр баргийн хүн үзэж харж чаддаггүй нь харамсалтай. Тэрбээр одоогоос хоёр жилийн өмнө сая ам доллар төлж, дэлхийд алдартай уран зургийг эх орондоо авчирсан ч олонд дэлгэхээс болгоомжилж байгаа аж. Түүний хувьд өөрийн гэсэн уран зургийн галлерей байгуулахаар бэлтгэж байгаа бөгөөд тэндээ л уран зургаа дэлгэн харуулах бололтой. Сүүлийн үед уран зураг цуглуулдаг Монголын тэргүүн баячууд өөрсдийн гэсэн хувийн галерей байгуулж эхэлсэн бөгөөд энэ талаархи мэдээллийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяр талийгаач эхнэрийнхээ дурсгалд зориулан хагас тэрбум төгрөгөөр байр худалдан авч, “Бадамхатан” нэртэй хувийн үзэсгэлэнгээ байгуулсан. Түүний хувийн цуглуулганд 4000 гаруй марк, 5000 орчим тэмдэг, зааны дvрс бvхий vнэт цуглуулга, дотоодын болон гадаадын 100 гаруй зураачдын 360 орчим уран зураг дэлгэгдсэн байдаг аж. Түүний цуглуулганд Дэлхийн шилдэг 100 бvтээлд зураг нь ордог Хятадын алдарт зураач Ци Байшигийн “Далайн амьтад” нэртэй ховор зураг бий. Сүүлийн үед уран зурагт дурлах болсон Хятадын нэгэн алдартай баян эр “Алдарт Ци Байши зураачийн зургийг хайж Хятад орон даяар 20 жил зарлаад хоёр зураг л олж авсан” хэмээн түүнээс “Далайн амьтад” нэртэй зургаа зарахыг хичээнгүйлэн гуйж байсан гэдэг. Батж.Батбаяр зургийнхаа жаазнуудыг сонгохдоо өөрийн биеэр Бээжин явж, тусгай захиалгаар хийлгэж, онгоцоор ачиж ирж байсан гэнэ.
Уран зураг цуглуулагч, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, “М Си Эс” группын ерөнхийлөгч Ж. Од, уг группын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил нийлэн Зайсанд “Цагаандариум” музей байгуулсан. Монголын тэргүүн баячуудын хөршлөн амьдардаг “Bella Vista” хотхонд байрлах “Цагаандариум” музейд Монголын нэртэй зураачид болох Д.Амгалан, Б.Чогсом, До.Болд, Ц.Энхжаргал, Я.Оюунчимэг нараас эхлүүлэн үе үеийн зураач, уран бүтээлчдийн таван зуу гаруй уран зургууд, ХХ-р зууны өмнө үеэс эхлэн одоо хүртэлх Монгол улсын хөгжлийг харуулсан түүхэн зургуудын цуглуулга хадгалагдаж байна. Энд дэлгэгдсэн уран зургууд чанарын өндөр түшинд, монголд урьд өмнө нь байгаагүй музейн тусгай температур бүхий тоноглол гэрэлтүүлэгтэй өрөө, тасалгаанд , хатуу харуул хамгаалалтын дор байдаг аж. Үүнээс гадна урлагийн бүтээлүүдийн дуудлага худалдааг хийх тусгай танхимтай, дээд зэрэглэлийн тусгай хүлээн авалт, арга хэмжээ, загварын шоу тоглолт зохион байгуулах тансаг орчинг бүрдүүлж чадсан аж.
Уран зураг цуглуулна гэдэг мөнгөтэй л хүний хийдэг ажил гэнэ. Тэгвэл Монгол улсын дөрөв дэхь Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ч бас өөрийн гэсэн хувийн галлерейг байгуулж амжжээ. Түүний “Элбэг арт” хувийн галерей бас л олон хүний анхаарлыг татаж байна. Тэрбээр уран зураг цуглуулах дуртай бөгөөд түүний архивт Монголын үе, үеийн уран зураачдын олон сайхан бүтээлүүд эхээрээ хадгалагдаж байдаг. Хуучны социализмын үеийн мундаг том зураач нарын бүтээлээс бүрдсэн 100 гаруй уран зургийн цуглуулга юм мэддэг хүмүүсийн хорхойг хөдөлгөж, шарыг гозойлгож байгаа сурагтай. Чүлтэм, Сэнгэцохио зэрэг хуучны мундагчуудын зурсан нэг зураг өнөөдөр 10 гаруй сая төгрөгөөр үнэлэгддэг. Зураач О.Цэвэгжавын алдарт бүтээл “Түмний эх”, Г.Одонгийн “Хар ус нуур”, “Буриад зон”, Рэнцэнгийн “Урлагийн бригад”, Насанцэнгэлийн “Хархорин”, Лхагвадоржийн “Хишиг өдрийн болзоо” зэрэг үнэтэй бүтээлүүд түүний галерейд хадгалагдаж байна. Тиймээс юмны үнэ цэнэ мэддэг улс Ц.Элбэгээгийн уран зургийн цуглуулгыг олон арван тэрбумын үнэтэй эд гэж тодорхойлж байна.
Улс төрчдөөс хамгийн түрүүнд хувийн галлерей нээсэн хүн бол Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Н.Батбаяр. “Фортуна” нэрээр олны танил болсон энэ эрхэм эхнэрийнхээ хамт уран зураг цуглуулдаг аж. Сүүлдээ зургууд нь гэртээ багтахаа байж, Н.Батбаяр сайд Урт цагаанд Занаду арт галерейг нээж, том охиныгоо захирлаар нь томилжээ. Хубилай хааны зуны их өргөөг “Занаду” гэж нэрлэдэг байсан бөгөөд тэндээ Хубилай хаан урлагийи үнэт бүтээлүүдийг цуглуулдаг байсан гэдэг мэдээлэл байдаг учраас Н.Батбаяр хувийн галерейгаа ийнхүү нэрлэсэн гэнэ.
shudarga.mn
URL: