“Сод Монгол”-ын Ц.Анандбазар Сүхбаатарын талбайд ШТС барина гэх вий дээ
Компанийх нь байрыг түрээслэн ажиллаж байсан залуутай мөнгөнөөс болж муудалцан гар, хөлийг нь хугалан, улмаар эхнэрт нь гар хүрч байсан “Сод Монгол” группийн захирал Ц.Анандбазар гэж бас нэг лайтай, зайтай эр байна аа. Түүнд зодуулсан гэр бүлийн хоёр хохирогч Баянгол дүүргийн шүүхэд гомдол гаргасан ч тодорхойгүй шалтгааны улмаас хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Уул нь Ц.Анандбазарт Эрүүгийн хуулийн долоон ч зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байсан агаад хийсэн хэрэг нь мөрдөн байцаалтын явцад ч хангалттай баримтаар нотлогдсон гэдэг.
“Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазарт 2000 оны есдүгээр сараас 2001 оны арванхоёрдугаар capд “НИК” хувьцаат компанийн дэд захирлаар ажиллахдаа албан тушаалаа ашиглаж улсын хөрөнгө хувьдаа завшсан, бусдыг айлган сүрдүүлсэн хэргээр эрүү үүсгэж байсан байх юм. Улсын мөрдөн байцаах газраас түүнийг гэм буруутай гэж үзэн яллагдагчаар татаж, “Ганцхудаг”-т хүртэл хорьсон. Түүнд мөрдөн байцаагчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэд хэдэн зүйл ангиар ял төлөвлөж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн ч улсын яллагч яллахаас татгалзаж, анхан шатны шүүх ч түүнийг цагаатгасан тогтоол гаргасан байдаг. Энэ шийдвэр Ц.Анандбазар үнэхээр гэм буруугүйдээ хэргээс мултрав уу, эсвэл шүүхийнхэн түүнээс авлига, хээл хахууль авч хэргийг нь хэрэгсэхгүй болгосон уу гэдэг эргэлзээг нийтэд төрүүлсээр замхарсан.
Тэрээр яг одоо Уран зургийн галерей, Хүүхдийн номын ордон руу ордог аркийг хааж, машины гараж барих ажлаа аль хэдийнэ эхлүүлж Соёлын төв өргөөний суурийг буталж зай талбайгаа томруулсаар байгаа аж. Улмаар өдөр, шөнөгүй Соёлын төв өргөөний наана цаанаас өрөмдөж, суурь, даацын хана гэхчилэн саад болсон бүхнийг нураан сүйтгэж байгааг эх сурвалж мэдээллээ. Мөн барилгын хийц бүтцийг өөрчлөхөд мэргэжлийн хяналтынхан дүгнэлт гаргах ёстой. Гэтэл энэ хууль бус байдлыг нь эсэргүүцсэн нэгний “алтан хошуулах“-ыг тоох мэргэжлийн хяналтынхан, албан тушаалтан нэгээхэн ч олдоогүй байна. Магадгүй тэдний амыг мөнгөөр тагласан байхыг үгүйсгэх аргагүй юм. “Б” корпусын подвалийг нураах, даацын суурийг бутлах зэргээс хамаарч Соёлын төв өргөө сүүлийн хоёр сар гаруй хугацаанд газар хөдөлж буй мэт чичирхийлэх болжээ. Уул нь Соёлын төв өргөө газар хөдлөлтөд тэсвэрлэхгүй барилга байшингийн тоонд цохиж явдаг юм гэнэ лээ. Тэгвэл “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар газар хөдлөлтөөс нь өмнө нураагаад өгчих “буянтан” бололтой. “Надад мөнгө байна. Мөнгө байсан цагт эрх мэдэл, эрх мэдэлтнийг худалдаад авчихаж чадна” хэмээн цээж дэлдэх мэт дураар аашлах түүнийг Сүхбаатарын талбайд шатахуун түгээх станц бариад эхэлвэл сөргөж дуугарах эрх мэдэлтэн, дарга даамал олдохгүй ч байж мэдэх л юм.
Д.Туяа
URL: