ЭНЭ ХАВРЫН «ЭВЭРТЭЙ ТУУЛАЙ» БУЮУ АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 1384 ТӨГРӨГ

ам долларын ханшЭдийн засаг гэхээр эх орны амьдралын бэл чадал эхэлж анзаарагдана. Төгрөгийн ханш унаж, амь зуулгын өртөг улам бүр өндөрсөж байгаа болохоор эдийн засгийн нөхцөл байддын өнөөдрийн дүр илэрхийлэлд сэтгэл ханамжтай яваа хүн олон биш байх.

Эдийн засгийн энгийн төсөөлөл нь ажилтай амьжиргаатай айл, аль эсвэл залхуу хойрго, санаачлагагүй нэгний гэрт гадаахтай тун ойролцоо. Улс төрчид, судлаачдын дунд эх орны эдийн засаг хямарсан, хямраагүй гэсэн маргаан мэтгэлцээн үе үе гараад байгааг бодоход энэ салбарын бодит байдал эгзэгтэй зааг хязгаарын босгон дээр ганхаж байгааг харуулна. Хэдхэн хоногийн өмнө УИХ эдийн засгийг эрчимжүүлэх тогтоол баталлаа. Ингэснээр энэ хаврын чуулганы хугацаанд буюу 100 хоногт багтаан эдийн засгийн нөхцөл байдлыг идэвхжүүлнэ гэж тооцож байгаа юм.

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын нийгэм эдийн засгийн байддын дүн мэдээ гарчээ. Гэхдээ бор хоногуудын бодит амьдрал, цаасан дээр гардаг дүн мэдээ хоёрын хооронд төө дэлэм ялгаа бий.

Дөрөвүгээр сарын байдлаар Монгол Улсын эдийн засаг ямар түвшинд байгааг зах зухаас нь анзаарч харлаа.
Макро : түвшнийг эдийн засгийн гол үзүүлэлт бол Дотоодыи нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр тухайн хугацаанд бүтээсэн баялаг, үйлдвэр үйлчилгээний нийт илэрхийлэл гэсэн үг. Өнгөрөгч сард ДНБ-ний үйлдвэрлэл 7.4 хувиар.өсчээ. 2012 оны мөн үед Монголын ДНБ-ний өсөлт 15.9 хувьтай байсантай жишвэл энэ нь тийм ч баярламаар мэдээ биш. Гэхдээ өнгөрсөн жилийн мөн үеэсээ ялимгүй өссөн дүн гарч байна. Хэрэв ДНБ-ийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл 349.0 тэрбум төгрөг болж, байгаа юм. Өсөлтийн голлох хувийг хөдөө аж ахуй болон барилгын салбарын үйлдвэрлэл эзэлжээ. Ингэж харвал эдийн засгийн бусад салбар шар нар, бор хоногийг арай ядан өнгөрөөж байгаа юм биш үү гэсэн төсөөлөл бууна. Баялаг бүтээгчдийн дийлэнхи нь банкны валютын зээлд “баларч байна” гэж ярьцгааж байгаа нь оргүй ч бус.

Оны эхний дөрвөн сарын улсын нэгдсэн төсвийн тэнцэл 105.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа гэсэн статистикийн мэдээ байгаа. Харин Сангийн сайдын хэлснээр энэ оны эхний дөрвөн сарын байдлаар төсвийн орлого 400 орчим тэрбум төгрөгөөр тасарсан, дахиад 1.2-1.5 их наядаар тасрах төлөвтэй байна. Хэрэв тийм бол өнгөрсөн жилийн байдлаа давтана гэсэн үг.

Төсвийн алдагдал эдийн засгийн эрчим ямархан байгааг илэрхийлж буй тун таагүй үзүүлэлт болж байна. Төлөвлөснөө олж чадахгүй байгаа, зарлага нь олсноосоо хэтэрч хэлбийгээд байгаагийн бэлээхэн жишээ гэвэл энэ.

Баялаг бүтээгчдээ дарамталдаг, хүнд суртлын аппарат данхайж, төсвийн мөнгө хөхөж суудаг ангаахайнуудын тоо өссөн нь үр ашиггүй хэрэглээг нэмэгдүүлж байна. Тухайлбал, төрийн албан хаагчдын тоо 30 мянгаар өссөн гэх тоо бий. Үүний нөгөө талд аж ахуйн нэгжүүдийн орлогын , албан татвар 18.1 хувиар буюу мөнгөн дүнгээр илэрхийлбэл 42.3 тэрбум төгрөгөөр буурчээ. Зөвхөн энэ тоо баримтаас харахад буруу замаар будаа тээгээд байгааг сануулаад байгаа биш гэж үү.

Энэ өдрүүдэд УИХ төсвийн тодотголыг авч хэлэлцэж байна. Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний хүрээнд төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулж, 400-600 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэж байгаа ч энэ талаар нэг л дүлий дүмбэ царайлаад байгаа нь хүнд суртлын зардлаа өндөг шиг дарна гэсэн дохио сануулга юм шиг байна. Явж явж мэдээлэл сурталчилгааныхаа зардлыг танаж 1.3 тэрбум төгрөг хэмнэж “гийгүүлэх” гэж байгаа бололтой юм. Яамдуудын орон тоо сүүлийн хоёр жилд бараг хоёр дахин нэмэгдсэн нь төсвийн хэлэлцүүлэгийн үеэр ил боллоо. Тухайлбал, Байгаль, орчин ногоон хөгжлийн яам орон тоогоо 78-аас 133, Эрүүл мэндийн яам 2012 онд 66 байснаас 132, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам өмнө нь 72 албан хаагчтай байснаа хоёр яам болж хуваагдаад одоо Боловсрол, шинжлэх ухааны яам 88, Соёл, спорт, аялал жуулчлаын яам 72 хүнтэй болсон байх жишээний.

Сангийн сайд “Төсвийн орлогын тасалдлыг багасгахад яам анхаарч байгаа” хэмээн Байнгын хорооны хурал дээр хэлж байна билээ. Анхаарах биш ажиллах хэрэгтэй баймаар. Сайдын ийм нэг хайнга хариулт “төсвийн орлогыг нэмэгдүүлнэ гэдэгт итгэх
хэрэггүй шүү” гэсэн сануулга шиг сонсогдож байгаа юм.

2014 оны төсвийн тодотголд ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг 1384 төгрөгөөр оруулаад ирж байгаа нь энэ хаврын “эвэртэй туулай” болох янзтай. Учир нь 1818 хүрчихээд байгаа ам.долларын ханшийг 1384 төгрөг болгоно гэдэг юу л бол. Засгийн газрын сэрүүн зүүд биш байгаасай. Ерөөс валютын ханш гэдэг зах зээлийнхээ, эрэлт нийлүүлт, нөхцлөөр тогтоогдох болохоос биш хэн нэгний захиалга, даалгавраар пшйддэг эд биш байлтай. Гэхдээ мөрөөдөж байгаад нь бас талархах хэрэгтэй байх. Бүтвэл бүр сайн.

Монголын мөнгөний хүүдийг дүүргэдэг гол бүтээгдэхүүн бол байгалийн баялаг, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт. Үүнийг догодон эдийн засаг гэж тодорхойлоод байгаа. Өөрөөр хэлбэл бэл бэнчинтэй байх эсэх нь гагц эрдэс баялгаас шалтгаална гэсэн үг. Харамсалтай нь ийм байх нь их эрсдэлтэй, эмзэг эдийн засаг болдог. Учир нь тухайн үеийн зах зээлийн үнэ ханшаас дэндүү их хамааралтай. Тухайлбал, урьд жилүүдийн хэмжээнд нүүрсээ экспортолж байгаа ч үүнээс олдог орлого нь хэд дахин буурсан. Хятадад нүүрсний үнэ уначихсан болохоор тэр. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нүүрс 5.3 сая тонныг экспортолсон нь 2012, 2013 оны мөн үеэс ч их байгаа юм. Зэс, алтны экспортын хэмжээ ч мөн үеүдээс өссөн. Нийүүлэлт нь өссөн ч үнэ нь буураад байгаа болохоор эдийн засгийн үр нөлөө нь мөн тийм хэмжээгээр багасч байна гэсэн үг. Ийн манай голлох экспортуудын хувьд тааламжгүй цаг үе тохиогоод байна.

Монголын санхүүгийн зах зээл дээр өнөөдөр ногоон мөнгө эр бяраа жинхэнэ үзүүлж байна. Ам.долларын ханш 1800-гаас хэдийнэ давсан. Үүнийг дагаад барааны үнэ нэмэгдэж,иргэдийн үгийг барж байна.  Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал барьж чадаагүй ханшаа бодит хэмээн тодотгож, дотоодын үйлдвэрлэл хөгжих таатай боломж бүрдэж байна гэж сурталдаад байгаа юм. Энэ өнцгөөс нь харвал үндэсний мөнгөн тэмдэгтээ үнэгүйдүүлэх нь манай мөнгөний бодлогын мөн чанар ч юм шиг.

Оны эхний дөрвөн сарын байдлаар инфляци 12.3 хувьтай гэсэн дүн бан гарсан байна. Өөрөөр хэлбэл бидний олж буй 1000 төгрөг тутмын 123 нь зүгээр л цаас болгож байна гэсэн үг. Үндэсний статистикийн хороо нэг өрхийн сарын мөнгөн орлогын хэмжээг 884,9 мянган төгрөг гэжээ. Хэрэв ийм жишгээр авч үзвэл 100 гаруй мянган төгрөг нь салхинд хийсчихэж байгаа хэрэг.
Нэгэнт өрхийн амьжиргаа руу өнгийснийх илүү тодруулж харъя. Мэдээ сэлтээс харвал өрхийн амьжиргааны түвшинд ч орлого зарлагын хооронд багагүй зөрүү байгаа аж. Тухайлбал нэг өрхийн сарын нийт зарлага 977.3 мянган төгрөг. Тэгэхээр олж байгаагаасаа бас 100 шахам мянган төгрөг илүү зарцуулдаг гэсэн үг.

Монголын хүн амын бодит амьжиргааны түвшинг хэрэв дүрсээр илэрхийлье гэвэл гурвалжин пирамид хэлбэрээр илэрхийлэгдэнэ. Пирамидын доод суурь нь ядуу тэгээд дээшээ дундчууд, баян чинээлэг давхаргыг илэрхийлнэ. Зүй нь бол ромбо хэлбэртэй байх ёстой гэх юм билээ. Өөрөөр хэлбэл нийгмийн дундаж давхаргынхан хүн амын дийлэнхийг бүрдүүлж байх учиртай гэнэ.

Эдийн засгийн өнөөгийн байдлын ерөнхий өнгө будаг нэг иймэрхүү янзаар зурагдаж байна. Үүнийг сайн сайхан байна хэмээн эндүүрч лав болохгүй. Гэхдээ өөдрөг хүлээлт бий. Тэр нь мөнөөх эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн экспресс бодлогын бодит үр дүн байгаасай гэж харж байна.

 

П.ЯДАМДОРЖ /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих