Таны эрх зөрчигдсөн бол хаана хандах вэ?
ЭРХ НЬ ЗӨРЧИГДСӨН ИРГЭД ХААНА ХАНДАХ ВЭ? БУЮУ МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССТ
ГОМДОЛ ГАРГАХ НЬ
Гомдол гэж юу вэ?
Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.
/Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
Иргэд гомдол, хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлж байгаа нь нэг талаас Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, эрх ашгаа хамгаалуулж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаагийн нэгэн илэрхийлэл бөгөөд нөгөө талаас төрийн байгууллага иргэдийнхээ дуу хоолойг сонсож, нийгмийн амьдралд болохгүй бүтэхгүй байгаа зүйлсийг сайжруулах, боловсронгуй болгох, хүний эрхийн зөрчлийн талаар мэдээлэл авч байгаа нэг хэлбэр юм.
Монгол Улсын иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шалгаж шийдвэрлэх тухай хуульд зааснаар гомдол гэдэг нь: албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны улмаас иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөнийг сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг гомдол гэж үздэг байна. Бухимдалтай, дургүйцсэн өнгө аястайгаар гаргасан бүхэн гомдол болно. Гомдол нь маш олон утга санааг агуулдаг бөгөөд тухайн гомдлын өнгө аясаас хүний эрхийн зөрчил байгаа эсэх нь бүрэн дүүрэн тогтоогдохгүй. Тиймээс иргэдийн гомдлын мөрөөр төрийн байгууллага, албан тушаалтан заавал судалгаа, тодруулга, шалгалт хийсний үндсэн дээр шийдвэрлэж, гомдол гаргагчид хариу өгч байх учиртай.
Хүний эрхийн зөрчил гэж юу вэ?
“Хүний эрхийн зөрчил” гэдэгт үндэсний хууль тогтоомж, олон улсын болон бүс нутгийн гэрээ, конвенцоор баталгаажуулсан хүний эрхийг төр өөрийнхөө ямар нэгэн үйлдлээр зөрчсөн, эсхүл төрөөс хэрэгжүүлэх эдийн засаг, нийгэм, хууль зүйн үүрэг биелэгдээгүй байхыг хэлнэ. Эдийн засаг, нийгэм, хууль зүйн хувьд хүний эрхийн талаар төр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй, эсхүл үүргээ биелүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авч, үр дүнд хүрээгүй тохиолдолд хүний эрхийн зөрчил үүснэ. Түүнчлэн төр хүний эрхийн хамгаалалтыг сулруулах, түүнээс татгалзах нь хүний эрхийн ноцтой зөрчилд тооцогддог.
Хүний эрхийн зөрчил нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, нэгдэн орсон олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрхийн хэрэгжилтээр тодорхойлогдох боловч эрүү, иргэн, захиргааны эрх зүй гэх мэт салбар эрх зүйгээр зохицуулах харилцаанаас үүдэн гарсан зөрчил нь хүний эрхийн зөрчилд хамаарахгүй. Харин Хүний эрхийн онол талаас сонгодог утгаар нь авч үзвэл төр, төрийн байгууллага, албан тушаалтнаас хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах үүргээ биелүүлж чадахгүй байгаагаас үүдэн гарч буй зөрчлийг хүний эрхийн зөрчил хэмээн нийтлэг утгаар нь ойлгоно.
Хуулиар баталгаажуулсан бүх эрхийг Хүний эрхийн Үндэсний Комисс /цаашид Комисс гэх/ сахин хамгаалах боломжгүй. Жишээ нь: Иргэн Д нь хулгайд эд зүйлээ алдсанаас болж миний өмчлөх эрх зөрчигдөж байна хэмээн гомдол гаргасан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд хүний өмчлөх эрхийг баталгаажуулж, хуулиар хамгаалсан байдаг. Тиймээс Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу би танайд гомдол гаргах эрхтэй” хэмээн гомдолдоо дурджээ. Иргэн Д-ийн гомдлыг Комисс хүлээн авч шийдвэрлэх үү гэсэн асуулт зүй ёсоор урган гарна. Иргэн Д-ийн хувьд өмчлөх эрх нь зөрчигдсөн /гэмт халдлагын улмаас/ талаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий харьяалах байгууллагадаа гомдол гаргаж, эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн хэм хэмжээний дагуу хууль сахиулах болон шүүхийн байгууллагаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх учиртай.
Мөн “Иргэн Б, иргэн Ц-д зээлүүлсэн мөнгөө авч чадахгүй байгаагаас түүний өмчлөх эрх, шударгаар өмч хөрөнгө олж авах, нэмэгдүүлэх эрх зөрчигдөж байна” гэж гомдол гаргажээ. Энэ тохиолдолд иргэний хуулийн дагуу дагуу иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлдэг.
Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “Комиссын гишүүн нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд байгаа болон хянан шийдвэрлэгдсэн эрүү, иргэний хэрэг, маргааны талаарх гомдлыг хүлээн авахгүй.” гэж заасан байдаг. Тиймээс иргэний хэрэг, захиргааны хэрэг, эрүүгийн хэргийг Комисс хүлээн авч шийдвэрлэхгүй.
Харин иргэнээс төрийн захиргааны, хууль сахиулах болон шүүхийн байгууллагад хандаж байгаа үйл явцад, эсхүл тэдгээр байгууллагаас чиг үүргээ хэрэгжүүлэх үйл явцад хуулиар баталгаажуулсан хүний эрх зөрчигдсөн тохиолдолд ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧИЛ болно.
Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол гаргах нь
Комисст ирүүлсэн гомдол бүхэн Комиссын харьяалан шийдвэрлэх гомдол байдаггүй бөгөөд Комиссын харьяалан шийдвэрлэх гомдол мөн эсэхийг тодорхойлохдоо тухайн гомдолд дурдсан асуудал нь хүний эрхийн зөрчил мөн эсэх, Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг шалгуур болгодог.
Ирж буй гомдол нь Комиссын бүрэн эрхэд хамааралтай эсэхийг дараах шалгуураар тодорхойлдог.
- Гомдол гаргагч нь хуулийн дагуу гомдол гаргах эрхтэй хүн мөн эсэх;
- Гомдол гаргагчийн буруутгаж буй хүн нь түүний зөрчигдсөн эрхийг хангах, хамгаалах үүрэгтэй хүн мөн эсэх;
- Гомдолд дурдсан зөрчил нь хүний эрхийн зөрчил мөн эсэхийг хүний эрхийн үүднээс харах; /эрүүгийн хэрэг, иргэний хэрэг, захиргааны хэргийг Комисс шалгахгүй/
Гомдолд тавигдах шаардлага
Захиргааны журмаар шийдвэрлүүлсэн байх: ХЭҮК-ын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагч гомдлоо захиргааны журмаар шийдвэрлүүлсэн байх ёстой. Энэ нь гомдол гаргагч Комисст гомдол гаргахын өмнө тус асуудлаар өөрийг нь хохироосон байгууллага, албан тушаалтны холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдлоо танилцуулж албан ёсны хариуг авсан байна гэсэн үг юм. Гэхдээ энэ нь хүн зөрчигдсөн эрхийнхээ талаар ХЭҮК-т хандах боломжийг хаах, хязгаарлах зорилгогүй бөгөөд харин ч гомдол гаргагч нааш, цаашаа бичиг цаас болж, олон удаа явахгүйгээр нэг мөр захиргаагаар шийдвэрлүүлэх, тухайн байгууллага өөрөө зөрчлөө арилгах боломжийг олгож байгаа явдал юм.
Зөрчигдсөн эрх, эрх чөлөөг тодорхойлсон байх: Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн дагуу гомдол гаргагч Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж болон олон улсын гэрээгээр баталгаажуулсан ямар эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн бэ? гэдгийг тодорхой зааж өгөх ёстой. Гомдол гаргагчийн зүгээс үүнийг нарийн тайлбарлах шаардлагагүй бөгөөд зарим гомдолд хуулийн цогц асуудал орсон байж болно. Тиймээс зөрчигдсөн эрхийнхээ талаар Комиссоос хууль зүйн зөвөлгөө авч, эсхүл өмгөөлөгч, хуульчид хандаж тодорхойлох боломжтой.
Нэр, хаяг, гарын үсэг: ХЭҮК-ын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь хэсэгт “Гомдол гаргагч өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаягаа бичиж гарын үсэг зурсан байх” гэж, тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Комисс нэр, хаяггүй гомдол хүлээж авахгүй” гэж заасан байдаг. Гэсэн хэдий боловч байнгын хаяггүй буюу ядуу, эмзэг бүлгийнхний хувьд тэр бүр тодорхой хаягтай байж чаддаггүй учраас тэдний гаргасан гомдолд хаягийн талаар хэтэрхий хатуу шаардлага тавьдаггүй. Тиймээс гомдол гаргагчтай холбоотой байж болох төрөл, садан, найз нөхөд гэх мэт хүмүүсийн хаяг, утасны дугаарыг тэмдэглэх, эсхүл тогтсон цагт Комисс дээр уулзаж байхаар тооцож гомдлоо гаргаж болно.
Мөн гомдолд дурдагдсан холбогдох хүмүүс болон албан тушаалтны талаарх мэдээллийг аль болох дэлгэрэнгүй тусгаж өгөх хэрэгтэй. Учир нь гомдлыг шалгах явцад тэдэнтэй харилцах, асууж тодруулах шаардлага их гардаг.
Гомдол гаргах үндсэн хэлбэр
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Гомдлыг монгол хэлээр бичгээр, эсхүл амаар биечлэн гаргана. Монгол хэл мэдэхгүй хүн эх хэлээрээ гомдол гаргаж болох бөгөөд гомдлоо монгол хэлнээ орчуулж, зохих журмаар баталгаажуулсан байна.” гэж хуульчилсан байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын иргэний нэгэн адил Комисст гомдол гаргах эрхтэй бөгөөд гадаадын иргэн нь гомдолдоо өөрийн улсын элчин сайдын яам, консулын газрын холбогдох албан тушаалтны нэр, албан тушаал, утасны дугаарыг тусгах шаардлагатай байдаг.
Гомдол гаргах тусгай хэлбэр
Гомдол гаргагч нь ХЭҮК-т гомдлоо гаргахдаа дээрх үндсэн хэлбэрээс гадна “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлд заасан бусад хэлбэрээр гаргаж болно. Үүнийг гомдол гаргах тусгай хэлбэр гэж ойлгоно. Зарим үед гомдол гаргагчид бий болсон онцгой нөхцөл байдлын улмаас бичгээр эсхүл биечлэн гаргаж болохгүй тохиолдолд ХЭҮК-ын info@mn-nhrc.org гэсэн цахим шуудангаар, мөн ХЭҮК-ын албаны утсаар /262752, 262786/ болон орон нутаг дахь мэргэжилтэнээр дамжуулан өргөдөл, гомдол гаргаж болно. Хэрэв утсаар гомдол мэдүүлэх үед Комиссын харьяалан шийдвэрлэх гомдол биш бол хууль зүйн зөвлөгөө өгч, хаана хэрхэн хандах боломжтойг чиглүүлэн өгдөг.
ИРГЭН ТАНЫ ХУУЛИАР ОЛГОГДСОН БУЮУ БАТАЛГААЖСАН ЭРХ ЗӨРЧИГДСӨН ТОХИОЛДОЛД ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС БОЛОН ОРОН НУТГИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭНД ХАНДАЖ ГОМДОЛ ГАРГАХ БОЛОМЖТОЙ
Хүний эрхийн Үндэсний Комисс
Туcгаар тогтнолын талбай, Засгийн газрын XI байр, Ү давхар
Утас: 262752, 262902, Факс: 976-51-262786
Цахим хаяг: www.mn-nhrc.org
Хүний эрхийн Үндэсний Комисс
Дорнод аймаг дахь ахлах мэргэжилтэн
Аймгийн ИТХ-ын 1 давхарт
Утас, факс 70582122
Цахим хаяг: m.nyamsuren@mn-nhcr.org
URL: