Автобусны холбоо энэ удаа арай их даварлаа
-Хувийн хэвшлийн автобус компаниуд иргэдийг чихэлдээд явж байг гэж боддог юм байна-
Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо гэж нэг гоншигносон ТББ байх юм, Айлын эрхийн балай урвагар хүүхдээс гарах
бүх л араншин тэндээс илэрдэг. Түмэндээ үйлчилдэг нэрээрээ гул барьж юу санаснаа хийж болдог гэж бодсон бололтой юм. Байсхийгээд л амьдрахад хэцүү боллоо гэж мэдээлэл хийгээд үнэ хөлсөө нэмэх юм уу нэмэх тухай сүрдүүлдэг.
Өнгөрсөн өвөл мэдээлэл хийгээд л нийтийн тээврээр зорчих хөлсийг 500 төгрөг болгосон. Харин өчигдөр дахин мэдээлэл хийн нийслэлийн нийтийн тээврийн автобусны тоог нэмэгдүүлэх гэж байгаа шударга бус явдлыг илчлэв. Тэд нийслэлд явж байгаа автобуснуудыг шинэчлэх, тоог нь нэмэгдүүлэх шаардлагагүйг ухуулсан юм. Хэрэв тэгвэл тэдний эрх ашиг зөрчигдөх гэнэ. Автобусны хүрэлцээ муутайгаас хамаг цаг заваа алдан зогсоол дээр хүлээдэг, чихэлддэг иргэдийн эрх ашиг гэж бас нэг юм байдаг биш билүү.
Тодруулбал, тэд мэдээллээрээ нийслэлийн удирдлагууд парк шинэчлэл хийх нэрийдлээр Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 150 автобус худалдан авахаар болсныг шүүмжилсэн юм. Тэдгээр автобуснуудын 100 нь манай улс дотооддоо угсарсан нэг бүр нь 150 мянган ам.долларын үнэтэй “Экобус” аж. Харин Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхон үүнийг “Экобус нь гадаадаас оруулж ирдэг автобуснаас хоёр дахин өндөр үнэтэйн дээр Зам тээврийн яамнаас зөвшөөрөл, номер олгоогүй” гэжбайсан юм. Тиймээс энэ автобуснуудыг хувийн хэвшлийнхэн авахгүй гэнэ. Гэвч тэдэнд бас нэг болгоомжлол байгаагаа нуусангүй. Хэрэв тэд автобус аваагүй тохиолдолд нийслэлийн удирдлагууд төрийн өмчийнхөө гурван компанид автобуснуудаа өгчих вий гэсэн айдастай байгаа юм байна.
Тэгвэл тэд өөрсдийгөө энэ талбараас шахагдана гэж үзэж байгаа аж. Тус ТББ байгууллагын тэргүүн Ц.Пүрэвсамбуугийн яриагаар бол өнөөдөр нийтийн тээвэрт явж байгаа автобуснуудын 40 гаруй ху вь нь таван жил хүрэхгүй хугацаанд ашиглагдаж байгаа. Үлдсэн нь ашиглалтаас гарах 12 жилээ гүйцээгээгүй байгаа гэнэ. Тиймээс шинээр нэмж үнэтэй автобус авах шаардлагагүйг хэлж байна лээ. Өнгөрсөн жил нийслэлийн ИТХ-ын хурал дээр ашиглагдах хугацаа нь дууссан 600 орчим автобус нийтийн тээвэрт явж байгаа талаар тайлагнаж байсан. Гэтэл ТОАҮЭХ-ныхон хугацаа дуусаагүй гэсэн мэдээлэл өгч байна.
Хэрэв тийм бол сайн хэрэг. Гэхдээ шинээр автобус нэмж аваасай гэж автобусанд суудаг иргэд хүсч байгаа. Харин Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны саналаар бол хэдэн автобус компанийн ашгийг бодоод нийслэлийнхнийг чихэлдүүлэн, хүлээлгэн явуулсан хэвээр байлгах бололтой. Алийн болгон жолооч нь тоормозлож суусан хүнээ чигждэг, хүүхдүүд оюутнууд их суудаг буудал дээр удаан зогсолгүй төвөгшөөн зугтдаг автобуснуудтай байх вэ.
Тэд ингэж автобусыг төрийн компанид шахах гэж байгаа нь цөөн хэдэн хүний мөнгө идэх арга гэж үзэж байгаа тул хотын дарга Э.Бат-Үүлд мэдэгдэл хүргүүлэх гэнэ. Өнөөдөр нийтийн тээврийн салбарын 73 хувь нь хувийн хэвшлийнхэн байдаг. Тэд Хятад улсаас 50 мянган ам.доллараас автобус оруулж ирэн үйлчилгээ үзүүлдэг гэв. Харин нийслэлийн удирдлагууд дээрх шийдвэрээ гүйцэтгэж автобуснуудыг төрийн гурван компанидаа өгвөл хүссэн хүсээгүй шахагдана гэж айгаад байгаа юм байна. Хэрэв тэгвэл иргэдэд л илүү сайн биз. Төрийн байгууллага алдагдалтай ажилласан ч үнэ хөлсөө нэмэхгүй шүү дээ. Гэхдээ яг үнэндээ алдагдалтай ажиллаад төр түмнийхээ төлөө яваад байдаг хувийн байгууллага гэж ч байдаггүй. Өөрсдөө л алдагдалтай байна гэж орилсоор байдагт нь бид тэднийг алдагдалтай ажилладаг гэж ойлгодог болсон юм биш үү. Тэд өнгөрсөн өвөл үнэ хөлсөө 100 төгрөгөөр нэмэхдээ “Ингэвэл өдөрт хэдэн зуун сая төгрөгийн ашигтай ажиллана” гэж улаан цайм мэдэгдэж байсан.
Харин одоо автобусны тоог нэмбэл иргэдийн тав тух нэмэгдэх боловч тэдний ашиг тодорхой хэмжээгээр багасах юм. Дотоодынхоо өндөр үнэтэй гэгдээд байгаа “Экобус”-ыг авахыг хүсэхгүй байгаа бол хувийн хэвшлийнхэн өөрсдөө Хятадын компанийн автобусыг хямдхан аваад өрсөлд л дөө.
Ер нь бол дотооддоо угсарсан “Экобус” тэдний яриад байгаа шиг өндөр үнэтэй ч биш юм. Улсын төсвийн хөрөнгөөр 2009 онд 400 том оврын автобус худалдаж аваад нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад ижил нөхцлөөр хуваа-рилсан. Ингэхдээ автобусны үнийг үе шаттайгаар буцаан авч, хуримтлагдсан хөрөнгөөр жил бүр нийслэлийн нийтийн тээврийн паркыг шинэчлэж байхаар болсон. Аль ч орны томоохон хотод шийдэхээс аргагүй алхамаа хийсэн нь энэ. Тэднээс буцаан авах хөрөнгийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын тусгай дансанд хуримтлуулахаар шийдвэрлэсэн. Анхандаа парк шинэчлэх санд жилд дунджаар таван тэрбум төгрөг хуримтлагдаж түүгээр нь 50 автобус авч байх урьдчилсан тооцоо гаргасан байсан. Үүнээс үзвэл нэг автобусыг 100 сая орчим төгрөгөөр тооцож байсан байна. Жаахан эх оронч үүднээс харвал гадаадаас авсан автобусыг авчраад л хариуцах хүнгүй орхидог бол “Экобус” нь дотооддоо угсарсан тул засвар үйлчилгээг нь хийх баталгаат хугацааг хангах буух эзэн буцах хаягтай газар юм. Түүгээр барахгүй дотооддоо угсарч, засч байгаа хүмүүсийн цалин мөнгө тавьсныг оруулжтооцох юм бол энэ мөнгөний нэлээд нь нутагтаа эргэлдэж байгаа гэсэн үг.
Дээр дурьдсан 2009 онд тараасан 400 автобусны мөнгийг ч хувийн хэвшлийнхэн өгөөгүй л байгаа юм билээ. Учир нь эдгээр 400 автобусны өмчлөлийн асуудал шийдэгдээгүй удсан байна. Төлбөрийн эргэн төвлөрүүлж төлөвлөсөн хөрөнгөөр парк шинэчлэж байх зорилгоор “Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн сан”-г байгуулсан боловч Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн холбогдох заалттай зөрчилдөж, захиран зарцуулах байдал тодорхойгүй байжээ. Үүнийг ашиглан автобус авсан байгууллагууд мөнгө төлөхөөс татгалзан өдийг хүрсэн. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард нийслэлийн ИТХ-аас “Нийслэлийн нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх сан”-г дахин байгуулаад байгаа. Жил бүр таван тэрбум төгрөгөөр шаталсан хэлбэрээр буцаан авахаар төлөвлөсөн уг мөнгөнөөс одоо дөнгөж 4.2 тэрбум төгрөг цуглараад байгаа гэх.
Тиймээс өнгөрсөн онд уг санд нийслэлийн ИТХ-ын чуулганаар төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын дагуу 20 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан байна. Нийтийн тээврийнхэн өөрсдөө уг санд тун бага мөнгө хуримтлуулж, зээлээ төлөхгүй бултаж яваа атлаа зарцуулалтад нь санаа нь зовниод байдаг нь сонин.
Ер нь энэ салбар судалгаатай, баримттай мэдээллээс илүү хүмүүсийн зовлон тоочсон гомдлоор л яваад байдаг боллоо. Үнэ хөлсөө нэмэхдээ даацтай судалгаа, баримт гаргаагүй зөвхөн зовлон л тоочиж байсан. Одоо автобусны тоог нэмэхийг эсэргүүцсэнээрээ зэсээ цухуйлгаж байна. Үүгээрээ тэд зөвхөн ихээхэн ашгийн төлөө ажиллахыг хүсдэг гэдгээ харууллаа. Нэг үеэ бодвол төрөөс авч явуулсан арга хэмжээний хүрээнд автобусны чиглэл нэмэгдэж алслагдсан чиглэл хүлээж өвөл бол чихээ хөлдөөдөг байсан явдал бага ч гэсэн арилсан. Гэвч өнөө хэр автобуснуудад чихэлдэж, түлхэлдэж явдаг хүлээдэг байдал хэвээр байгаа. Орчин үеийн камер, хаана нь явааг нь хардаг төхөөрөмжөөр автобусны буудлуудыг тоноглосон ч энэ байдал арилахгүй. Ганцхан өөрчлөх арга бол тоог нь нэмэгдүүлэх юм. Түүнээс одоо байгаа автобуснуудыг шинэчлэх цаг нь болоогүй гээд хэдэн хувийн хэвшлийн байгууллагуудын шаардлагын дагуу ашгийг нь бодоод орхих юм бол байдал засрахгүй.
Нийслэл сая гаруй хүн амтай болж тэдний ихэнхийнх нь хөлийг автобус компаниуд залгуулдаг. Тиймээс энэ байгууллагуудын ааш аягыг иргэд ойлгож өнгөрөөдөг гэхэд хилсдэхгүй. Дандаа гуйлгаж, татаас авч ажилладаг хэрнээ байнгын гомдолтой. Дотооддоо автобус үйлдвэрлэлээ авах уу гэхээр авахгүй гэдэг. Тэгсэн атлаа өөр компанид өгч болохгүй гэдэг Зээлээ төлдөггүй, үнээ нэмдэг. Дорвитой тооцоо судалгаа гаргадаггүй атлаа зовлон тоочдог автобус компаниудыг хэрхэх болж байна. Ер нь нийтийн тээврийг чөлөөтэй болгочихвол яасан юм бэ. Микро автобуснууд явах хүсэлтэй байдаг боловч байнга хааж боодог. Тэд жилд улсаас 50 тэрбум төгрөгийн татаас авдаггүй. Гэхдээ том оврын автобуснуудыг бодвол жижиг тэрэгтэй тэгээд 500 төгрөгөөр илүү урт зайд яваад болоод байгааг бас бодох л хэрэгтэй.
Ж.Энх
URL: