Хот төлөвлөлтийг ингэж бусниулж байна

5-14-6Манайхан их сонин хүмүүс. Хүний нүднээс далдуур ч хамаагүй өөрт ашигтай байдлаар  барилга барьж  бизнесээ өргөжүүлэхдээ овсгоотой. Бас хууль журам зөрчих байсан ч тоохгүй. Газар аваад байшин барьчихвал ойр орчмынх нь талбай тэр аяараа өөрийнх нь болсон мэтээр ойлгодог. Ийм байдлаар хувийн бизнесээ өргөжүүлэхээр өргөтгөл барихаар зэхэж буй албан байгууллага  хотын төвд олон байгаа. Өөрөөр хэлбэл хот төлөлвлөлтийг бусниулж байгаа хэрэг. Үүний нэг жишээ бол Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо “Гранд оффис”  төвд үйл ажиллагаа явуулж байгаа “Maggiana” ресторан юм. Бидний хэлж заншсанаар Гадаад харилцааны яамны баруун талд байрлах тус зоогийн газрын эзэн хүмүүсийн суудаг задгай талбай байсан өөрийн эзэмшлийн гэх талбайдаа өргөтгөл барихаар зэхэж байгаа аж. Барилгын ажлаа эхлүүлэхээр материалаа бэлтгэж, улаан тууз татжээ.

Барилгын өргөтгөл барих тэр тусмаа орон сууцны нэгдүгээр давхарт өргөтгөл барихыг хориглоод уджээ.  Хэрвээ өөрийн эзэмшлийн талбайдаа барилга барих бол нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас заавал зөвшөөрөл авсан байх. Мөн довжооноосоо явган хүний зам хүртэл таван метрийн зайтай байх, хашаанынхаа 30 метр газарт ногоон байгууламж тарих  хангалттай зай талбайтай байх шаардлагыг хангасан байх ёстой гэнэ. 2003 онд барилга байгууламж, орон сууцны нэгдүгээр давхарт өргөтгөл барихыг хоригложээ. Харин энэ онд иймэрхүү хууль бус барилгажилтыг зогсоох шинэ журам гарчээ. Нийслэлийн хот, төлөвлөлт, барил­гажилтад гарч байгаа зөрчлийг арилгах, таслан зогсоох тухай Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 5/14 дугаар тогтоол өнгөрсөн сард батлагдсан байна. Уг тогтоолд нийслэлийн нутаг дэвсгэрт барилга, өргөтгөл  барих гэж байгаа бол 16 метрийн доторх эдэлбэр газрын хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчөөс асууж зөвшилцөнө гэдгийг нарийн заажээ.

Харин “Maggiana” зоогийн газрын хувьд гаднаа хайс хашлагагүй, зай талбай муутай учраас барилгын өргөтгөлөө явган хүний замд ойрхон барихаар зурвас татсан харагдана. Мөн хөрш залгаа эд хөрөнгө эзэшигчдээс асуух нь битгий хэл ойр орчмын худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн хувьд гомдолтой байгаагаа хэлсэн юм. Өргөтгөлийн зөвшөөрлийн талаар  тус рестораны холбогдох  хүнээс тодруулахад “Манайх өргөтгөл биш. Гадна талдаа төмөр суурьтай задгай талбай барих гэж байгаа. Ер нь  хаана юу  барина хэвлэлийнхэнд хамаагүй” гэснээс өөр тайлбар өгөхөөс татгалзсан юм.  Энэ талаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын барилга, хот байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Хорлоогоос тод­руулахад”Барилгын өргөтгөл барихыг 2003 онд зогсоосон. Хаана ямар зориулалтаар өргөтгөл барих гэж байгаагаа манай байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл авах ёстой.

“Гранд оффис” төвийн ойр орчимд өргөтгөл барих зөвшөөрөл авсан байгууллага байхгүй. Бид хаана ямар өргөтгөл барих гэж байгааг иргэдийн мэдээллийн дагуу шалгадаг.  Өөрийн эзэмшил газар бол хангалттай зай талбайтай бол болно.  Гэхдээ хотын төвд зай талбай муутай газар өргөтгөл барих зөвшөөрөл өгөхгүй. Манай байгууллагын мэргэжилтнүүд очиж шалгаад шаардах бичиг өгнө.Тэгээд  Нийслэлийн мэргэжлийн хяналт руу албан бичиг явуулна” гэсэн юм. Өнгөрсөн борооны хойноос  цув нөмөрнө гэдэг шиг энэ асуудалд урьтаж арга хэмжээ авахгүй бол нэгэнт баригдсан барилгыг  буцаагаад нураахад их л  цаг зав, хөдөлмөр орно доо.

 

 

С.САРУУЛ /ЗУУНЫ МЭДЭЭ/

 


URL:

Сэтгэгдэл бичих