14 хоногийн шатахууны нөөцтэй байна

Өчигдөр нефть импортлог­чид АИ-92 бензиний үнээ нэм­лээ. Нэг литр нь 1400 төгрөг бай­сан АИ-92 бензин өнөөдөр бүх ШТС-уудад 1500 төгрөгөөр зарагдаж байна. Харин А-80 бензин, дизель түлшний тухайд үнэ нь хэвээрээ байгаа аж.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнгөрсөн баасан гаригт хэд хэдэн чухал шийдвэр гаргалаа. Үүнд Сүхбаатар, Замын-Үүд, Эрээн­цав, Алтанбулаг боомтоор оруулж ирж байгаа нэг тонн А-80 бен­зинд ногдуулж байсан 170 мянган төгрөгийн онцгой албан татварыг 80 мянган төгрөг, АИ-92 бензиний 230 мянган төгрөгийн онцгой албан татварыг 100 мянган төгрөг болгож бууруулж, дизелийн түлшнээс татвар авахгүй байгааг хэвээр үлдээсэн шийдвэр гаргасан аж. Алслагдсан боомтоор оруулж ирэх бензин, түлшинд оногдуулах онцгой албан татварын хэмжээг хэвээр хадгалахаар болов.
Онцгой албан татварын хэм­жээг ийнхүү бууруулснаар нефтийн үнийн огцом өсөлтийг сааруулах боломж бүрдэнэ. Нөгөөтэйгүүр, авто бензин, дизелийн түлшийг ОХУ-ын “Роснефть” компани хан­галттай хэмжээгээр нийлүүлэх бо­ломжгүй байгаа тул бусад компани болон БНХАУ-аас газрын тосны бүтээгдэхүүн авч нийлүүлэлтээ нэмэгдүүлэхэд татварын дэмжлэг болно гэж үзжээ.
ОХУ-аас ирэх шатахуун саатаж байгаа нэг шалтгаан нь манай ой­ролцоох Ангарск, Ачинскийн үйлдвэрийн засвар бүрэн дуусаа­гүйтэй холбоотой юм байна. Тий­мээс «Комсомольскоос ачуулна» гэж байгаа бөгөөд Комсомольск нь хол зайтай учраас тээвэрлэлтэд зарцуулах хугацаа 10-14 хоногт хүрч байгаа аж. Энэ хооронд хэрхэн нөөц бий болгох асуудал гараад байгаа юм. ОХУ-ын үйлдвэрүүд засвар хийж байгаа тул АИ-92 бензин Орост ч нэн ховор байгаа аж. Түүнчлэн Оросын эдийн засгийн өсөлт асар өндөрссөн нь шатахууны дотоод хэрэгцээг өсгөж, нөгөө талаас шинээр нефть боловсруулах үйлдвэр баригдаагүй зэргээс үүдэн манайд нийлүүлдэг байсан хэмжээнээсээ илүүг өгөх боломжгүй гэнэ.
Хятадаас тодорхой хэмжээний шатахуун авах боломжтой ч үний хувьд хамаагүй өндөр тусах аж. Нэг тонн дизелийн түлш Хятадаас 1480 ам.доллараар орж ирж байгаа. Тэгэхээр өнөөдөр бензин, шатахууны үнийг олон улсын стандартад оруулахаас аргагүй байдалд хүрч эхэллээ. Иймд дотооддоо нефть боловсруулах бага хэмжээний ч болов үйлдвэртэй болсноор ша­тахууныхаа 30 орчим хувийг дотоо­доосоо хангах нь нэн яаралтай асуудал болсныг харуулж байна гэж Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан хэлэв.


URL:

Сэтгэгдэл бичих