Монголыг өөрчлөх 40 залуу
Залуучуудын дундах ажилгүйдэл хамгийн өндөр байна гэж танилцуулагдаж байгаа. МЗХ-ны зүгээс залуучуудын дундах ажилгүйдлийг бууруулахад ямар ажил хийж байна вэ?
МЗХ нэг жилийн өмнө “Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж”-ийг байгуулсан. Энэхүү бирж нь залуучуудыг байнгын болон түр ажлын байранд зуучлаж байгаа юм. Хуучин хөдөлмөрийн төв бирж болон хувийн хөдөлмөрийн бирж дээр залуучууд маш их бүртгүүлээд зуучлуулдаг байсан. Яагаад “Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж” гэж байгуулаад тусад нь ажиллуулаад байгаа юм бэ гэж маш олон бизнес эрхлэгч нар асуудаг. Тэгэхлээр нэг талаасаа ажилгүй байгаа залуучууд манай найз нөхөд үеийнхэн байдаг. Нөгөө талаасаа ажил олгогч нарт мэргэжилтэй, чадвартай ажиллах хүчин хэрэгтэй байдаг. Мэргэжилтэй хэсгийг нь МСҮТ, бусад сургуулиуд бэлтгэж өгч байгаа бол бид нар залуучуудаа чадваржуулах талын мэдлэгийг олгож байгаа юм. Өөрөөр хэлбэл ядаж л бусдад өөрийгөө зөв танилцуулах, хамт олонтойгоо богино хугацаанд танилцаж, ажлаа хийхдээ анхаарлаа хандуулж, өөрийгөө бүрэн дүүрэн дайчилж чаддаг болох гэх мэт зүйлүүд дээр анхаарч ажиллаж байгаа. Нөгөө талаар залуучууд яаж ажилтай байх уу энэ ажлын ард гарсны дараа чамд ямар амжилт ирэх үү гэдэг бүх зүйлийг ойлгомжтойгоор тайлбарлаж хэлж өгч чаддаг ийм л Залуучуудын хөдөлмөрийн төв биржийг байгуулсан.
Хөдөлмөрийн төв бирж ажилд зуучилдаг. Тэгвэл яагаад заавал Залуучуудын хөдөлмөрийн төв бирж байгуулах болов. Нэг жилийн хугацаанд гарсан үр дүнгийн талаар ярихгүй юу?
Хөдөлмөрийн төв бирж Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажлуудыг бүртгээд, зуучлаад, нийлүүлдэг газар. Харин бид хувийн хэвшлийнхэнтэйгээ илүү ойрхон ажиллаж байгаа. Тэдэнд өдөр бүр хэрэгтэй байдаг хэрнээ төрийн захиргааны, төсвийн ямар нэг байгууллагад хэлээд шийдэгдэггүй зүйлийг бид хямд зардлаар, хурдан шуурхай хийж өгч чадаж байгаад гол онцлог нь оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг компани дээр гэнэт 20 оюутан хэрэгтэй боллоо гэхэд л манай хөдөлмөрийн бирж шуурхай зуучилж өгөх, зуучлуулж байгаа болон зуучилж байгаа талдаа зардал багатайгаар бүх асуудлыг шийдэж чаддаг. Мөн МЗХ бүх аймаг сумдуудад өөрийн салбар холбоодтой. Үүгээрээ дамжуулан сумдад байгаа ажилгүй залуучуудын тоог гаргах, бүртгэх ажлыг хийсэн юм. Өнгөрсөн жил замын болон барилгын компаниудтай уулзахад залуучуудыг бригадаар ажиллуулах сонирхолтой байгаагаа хэлсэн ингэснээр илүү зохион байгуулалттай, хариуцлагатай, ядаж л бригадын дарга гэдэг хүн нь нөгөө залуучуудыгаа бариад хариуцаад ажиллана. Тиймээс бидэнд бригадаар нь залуучуудыг зуучлах хүсэлтийг тавьсан юм. Одоогийн байдлаар 1600 гаруй ажилгүй залуучууд бригадын зохион байгуулалтад орж ажиллахаар бүртгүүлсэн бөгөөд бүтээн байгуулалтын компаниудаасаа захиалгыг нь аваад явж байна.
Хөдөлмөрийн яармаг зохион байгуулахад залуусын оролцоо муу байна гэж хөдөлмөрийн төв биржээс мэдээлж байсан. Ер нь ажлын байр байгаад байдаг залуучууд түүнийг сонирхож ирэх нь хэр байна.
Мэдээж сонирхож байгаа “Ажилтай бол орлоготой, орлоготой бол орон сууцтай” гэдэг хэлц үг гарсан байна. Залуучуудын дунд ажлын эрэлт хэрэгцээ их байна гол нь хэнтэй уулзах, хэнээр дамжуулах, танилаар, арын хаалгаар биш яаж ажилд орох уу гэдэг тэр сувгуудыг нь бид нээж өгч байгаа. Ажил хайгч болон ажил олгогчдыг хооронд нь уулзуулах ийм ажлийг хийж байна. Нэг үеээ бодвол залуучууд болон ажил олгогчид манай зохион байгуулж байгаа хөдөлмөрийн яармаг дээр ирээд ажлынхаа байрыг олдог, ярилцлага өгөөд ажилдаа шууд зуучлагддаг болчлоо. Илүү хөнгөн холбоос бүрдсэн.
МЗХ, Форбес сэтгүүлтэй хамтран 40 нас доторх 40 шилдэг залуу шалгаруулалтыг хийх гэж байна. Энэхүү арга хэмжээний талаар болон эдийн засагт оруулж байгаа хувь нэмрийг нь юу гэж тодорхойлох вэ?
Дэлхийн баялагийн үнэлэмжийг тодорхойлдог Форбес Монголиа сэтгүүл манайд нээгдэж үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Сэтгүүлийн 6-р сарын дугаарт 40 нас доторх 40 шилдэг залууг нэрлэх ёстой байгаа. Ерөнхийдөө бид шалгаруулалтаа “Монголыг өөрчлөх 40 залуу” гэж хэлж байгаа. Үүнд бүх л төрлийн салбаруудын залуучуудыг амжилтаар нь жагсаана. Амжилт гэдгийг юугаар нь ойлгож байна гэхээр олсон орлого эсвэл нээсэн нээлт шинэ санаа, гаргаж ирсэн цоо шинэ бүтээл хүмүүнлэгийн үйлс гэх мэт зүйлүүдээр нь залуучуудыг нэр дэвшүүлэх юм. Шалгаруулалтад бүх аж ахуйн нэгжүүд, амжилттай явж байгаа байгууллагууд өөрсдийнхөө залуучуудыг нэр дэвшүүлэх юм. Дээрээс нь улсынхаа нэрийг олон улсад гаргаж ажиллаж байгаа маш олон залуучууд байгаа тэдгээр залуучууд нэр дэвшихийг урьж байна. Мөн Монголд салбараа нээгээд амжилттай ажиллаж байгаа. Жишээ нь Bloomberg гэхэд өөрсдийн амжилттай явж байгаа залуучуудыгаа “Медиа” гэсэн салбарт дэвшүүлээд оруулж ирэх хэрэгтэй. Өмнө бие биенээ шалгаруулдаг, дэмждэг маш олон уралдаан, шалгаруулалтууд байсан, тэгвэл энэ шалгаруулалт I дэлхийн хэмжүүрээр, II дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүл дээр гарах боломжийг олгож байгаагаараа онцлог. Эргээд 40 залуучуудаас Монголыг өөрчлөх өөрчлөлтийг бид хүснэ. 40 салбар дотроо багц багц олон залуучууд байж байгаа. Тэдгээр бүх залуучуудыг сэтгүүлд оруулж гаргах болно. Эдийн засаг гэдэг баялаг бүтээж, мөнгө олж байж урагшилдаг гэдгийг ойлгох хэрэгтэй, нөгөө талд нь нийгэм эдийн засгийг авч явж байгаа баялгийг бүтээж байгаа тэр хэсгээ дэмждэг, шүтдэг, боломжийг нь нээж байж бид ард нь өөрсдөө боломжтой болно гэдэг тэр ойголтыг залуучуудын төвшинд буулгаж өгнө. Бид яг одоо шилжилтийн үед явж байна. Манай ахмадууд социализмын үеийн сэтгэлгээрээрээ явж байгаа. Дунд үеийнхэн наймаачин сэтгэлгээгээрээ асуудалд ханддаг. Тэгэхлээр эдийн засгийн суурь гэж юу байдаг, эдийн засгийг хэрхэн тэтгэдэг, нийгмийг эдийн засаг нь яаж чирж явдаг вэ гэдэг ойлголтыг залуучуудын дунд зөвөөр ойлгуулах, зөв сэтгэлгээтэй болгох, зөв хандалгыг нь бүрдүүлэх ажлыг Форбесийн “Монголыг өөрчлөх 40 залуу” шалгаруулалтаараа хийх юм.
URL: