Монголчуудад итгэх аргагүй
СӨҮЛ. /Нankyung/. Монголд аялж байсан хэн боловч Сүхбаатарын талбайд очиж үзсэн байх учиртай. Харин өнгөрсөн жил уг талбайн нэрийг өөрчлөн Чингис хаан гэх болгосон. 1923 онд ардын засгийн газрыг байгуулан, Хятадаас тусгаар тогтнолоо зарласан Монголын хувьсгалын эцэг Дамдины Сүхбаатарын төрхийг одоо уг талбайн төвд байрлах хөшөөнөөс л харах боломжтой. Дэлхийн хоёрдугаар дайны дурсгалын цогцолбор бүхий Зайсан толгойн хажуугийн жижиг уулын энгэрт Чингис хааны төрхийг маш томоор зурсан байдаг. Монголын тусгаар тогтнол, хувьсгалын түүхэн дурсгалуудыг 13 дугаар зууны Их Монгол улсын үеийн бэлгэдлээр орлуулж байгааг тэндээс харж болно.
Монголчууд тэртээ 800 жилийн өмнөх түүхээ эргэн сөхөж, түүгээрээ амьсгалж байдаг боловч бодит байдал түүнээс өөр байна. Баялгийн экспорт буурснаар өнгөрсөн жил тус улсын эдийн засгийн урсгал тооцооны тэнцэл гурван тэрбум долларын алдагдалтай гарсан. 2012 онд дөрвөн тэрбум 400 сая долларт хүрч байсан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн жил хоёр тэрбум доллар болон буурч, улсын валютын сан хоёр тэрбум 200 сая доллар болон шалдаа хүртэл хоосорсон байна. Тус улсын мөнгөн тэмдэгт болох төгрөгийн доллартай харьцах ханш 20 хувиар унажээ. “Импортын барааны үнийн өсөлт нь Монголын энгийн иргэдийн нуруунд шууд бөгөөд маш том ачаа болж байна” гэж БНСУ-ын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын “KOTRA” байгууллагын Улаанбаатар хот дахь худалдааны төлөөлөгч И Хы Сан хэлсэн юм.
Эдийн засгаа буцаан сэргээх цорын ганц зам бол гадаадын хөрөнгө оруулагчдыг татах явдал. Гэвч Монголын Засгийн газрын тогтворгүй бодлого энэ замыг хаагаад байна. Үүний тод жишээ бол дэлхийд хамгийн томд тооцогдох “Оюутолгой”-н орд газрын өргөтгөлийн ажлын хөрөнгө мөнгөний асуудлаар Монголын Засгийн газар (34 хувь) Австралийн “Рио Тинто” компанитай (66 хувь) маргаан үүсгэсэн явдал юм. БНСУ-ын Уул уурхай ашигт малтмалын “KORES” компанийн Монгол дахь төлөөлөгч Ким Дэ Юн, “Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар сөрөг хүчин байсан Ардчилсан нам ялж, төрийн эрх барьснаас хойш өмнөх Засгийн газраас гадаадын компаниудтай хийсэн гэрээ хэлэлцээрийг бүгдийг хүчингүй болгохоор зүтгэж эхэлсэн” гэж ярив.
Монгол дахь БНСУ-ын компаниуд ч гадаадын бусад компанийн нэгэн адил алдагдал хүлээж байна. Тухайлбал, Улаанбаатар хотод 43 давхар өндөр байшин барихаар болсон “Lotte costruction” компани захиалагч компаниасаа мөнгөө олж авч чадахгүйд хүрээд байна. Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд зуучилж байсан “Р” гэдэг компани барилгын хугацааг зөрүүлсэн хэрэгт унан их хэмжээний торгууль хүлээсний улмаас уг ажлаас татгалзсан байна. БНСУ-ын худалдааны төлөөлөгч И Хы Сан, “Хэлсэн амандаа хүрдэггүй байнга өөр юм ярьж байдаг Монголын худалдан авагчдаас болж БНСУ экспортын компаниуд томоохон хохирол амсах тохиолдол олон гардаг” гэв.
“Шангрилла” зочид буудлын барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Samsung construction” компани бол тэдгээр хохирол амссан компанийн нэг. Тус компанийн Монгол дахь нэгэн ажилтан хэлэхдээ, “Барилгын суурийн ажил хугацаа их шаарддаг учир үүнээс болж барилгын ажлын хугацаа зөрөх магадлалтай байдаг” гэв. Тэд барилгын ажлын хугацааг зөрчсөн хэрэгт буруутгагдахгүйн тулд барилгыг хугацаанд нь дуусгахаар хоногийн 24 цаг тасралтгүй ажиллаж байна.
Дэлхийг захирч байсан Монголын эзэнт гүрэн задран унах болсон гол шалтгаан нь тэд нээлттэй байдлаас хаалттай болсонд оршдог гэж түүх судлаачид хэлдэг. Байгалийн баялгаар баян Монгол Улс өнгөрсөн түүхээс үндэсний баатраа босгож ирэн шүтэх биш, харин түүхэн мөхөл сүйрлийн гашуун сургамжаас суралцах хэрэгтэй мэт…
А.Цацралт
Монцамэ
URL: