Автомашиныг нь ачиж байгаа талаар тухайн жолоочид бүх мэдээллийг мессежээр өгнө

батцоожУлаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоожтой ярилцлаа.
-Замын хөдөлгөөний удирдлагын төвд хамериар замын хөдөлгөөнийг хянадаг болсон. Зөрчил дутагдал хэр гарч байна вэ. Энэ талаар яриагаа эхэлье?
-Хуульзүйн яамны дэргэдэх Мэдээлэл шуурхай удирдлагын төв онцгой, түргэн, цагдаагийн машинуудын хяналтыг тавьдаг. Харин манай Замын хөдөлгөөний удирдлагын төв бол замын хөдөлгөөнийг оновчтой удирдах, зохион байгуулах, замын хөдөлгөөний менежментийг хийх үүрэгтэй.

Хөдөлгөөнийг удирдаж зохион байгуулах, цаашлаад хяналт тавихын тулд гудамж замд суурилуулсан гэрлэн дохио, хяналтын болон тел камеруудаар хөдөлгөөнийг удирдаж байгаа. ИТХ-ын 2012 оны наймдугаар тоот тогтоол дотор Улаанбаатар хот дахь замын хөдөлгөөний хэт ачаалал, бөглөрлөөс гарах арга зам нь түр зогсохыг хориглосон газар зогссон автомашинуудыг зөөвөрлөхөөр тусгаж өгсөн байгаа. Энэ дагуу Засаг даргын захирамж гаргаад хөрөнгө оруулалтыг нь батлаад өнгөрсөн 2013 онд 12 тусгай зориулалтын машиныг худалдан авч, энэ үйл ажиллагааг эхлүүлсэн. Автомашинуудыг зөөх ажлыг Замын хөдөлгөөний удирдлагын төвд хариуцуулсан. Манайх хөдөлгөөн зохион байгуулалт, хөдөлгөөний бөглөрөлт бууруулах чиглэлээр ажилладаг ганц байгууллага юм. Тиймээс бид ачиж, журамлах алба гэсэн биеэ даасан албыг бий болгосон.

-Ачиж журамлах ажиллагаа явагдаад жил гаруй болж байна. Ер нь энэ ажиллагаа ямар явагдаж байна вэ?
-Үндсэндээ 2013 оны есдүгээр сарын 2-ноос ачиж, журамлах албаны үйл ажиллагаа эхэлсэн. Энэхүү ажлаа явуулахдаа автомашинуудыг тендерт зарлаж худалдан авч, жолооч нарыг бүртгэж, сургалтад хамруулж бэлэн болгосон. Ачилтын автомашинууд бүгд шинэ учир эвдэрч, ажил доголдуулсан зүйл байхгүй байна

-Өмнө нь автомашиныг зөөж, журамладаг байсан байх аа?
-Замын цагдаагийн газраас тусгай зориулалтын автомашинтай байгууллагуудтай гэрээ хийгээд зөрчил гаргасан жолооч нарын автомашиныг журмын хашаанд хийдэг байсан. Мөн зам тээврийн осол аваарт орж, эвдрээд байрнаасаа хөдөлж чадахаа больсон автомашинуудыг журмын хашаа руу зөөж шилжүүлэх зорилгоор тодорхой компаниуд ажиллаж байсан.

-Ачиж журамлах ажиллагаа ямар хууль эрхзүйн хүрээнд явагдаж байгаа вэ?

-НИТХ-ын тогтоол, Засаг даргын захирамж болон 2005 онд гарсан Хуульзүйн сайдын 94 дүгээр тушаалаар буюу Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн автомашинуудыг цагдаагийн албан хаагчийн зөвшөөрлөөр саатуулж, журмын хашаанд зөөж шилжүүлнэ гэсэн журмаар ажил үйлчилгээг явуулж байгаа. Автомашин ачиж журамлаж байгаа хувийн компаниуд Замын цагдаатай гэрээтэй ажиллаж байгаа юм. Харин Замын хөдөлгөөний удирдлагын төв энэ бүх үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хяналт тавьж байгаа гэж зарим хүмүүс ойлгоод байх шиг байна. Манайх бол төрөөс санаачилсан үйл ажиллагаагаа хууль дүрмийн дагуу явуулж байгаагаараа давуу талтай юм.

-Ачиж журамлах ажиллагаанаас орж байгаа мөнгийг хаашаа төвлөрүүлдэг вэ?
-Манайх орсон орлогоо төрийн санд төвлөрүүлж байгаа. Харин хувийн компаниуд Замын цагдаатай гэрээтэй байдаг юм. Хувийн компанийн орлого хаана төвлөрч, юунд зарцуулагддагийг бид мэдэхгүй.

-Машин ачих үйлчилгээтэй холбоотой гомдол санал нилээд гардаг. Танайд гомдол санал хэр ирж байна?

-Иргэдээс саналууд их ирдэг. Тухайлбал, автомашин ачиж байгаа мэдээллээ автомашины жолоочид өгдөггүй, газар дээр нь жолоочтой тохиролцоод ямар ч баримт өгөхгүй бэлэн мөнгө авдаг. Төлбөр авч байгаа аргыг боловсронгуй болгох хэрэгтэй байна. Мөн банкаар мөнгө шилжүүлэх гэсэн үе нь амралтын өдөр таардаг гэх мэт чирэгдэлтэй байдаг. Ер нь зогсоолынхоо асуудлыг шийдэх хэрэгтэй. Гэтэл зогсоолоо шийдээгүй байж машин ачиж байна. Өөр боловсронгуй арга хэрэглээч гэх мэт саналууд ирдэг юм. Үүний дагуу үйлчилгээг сайжруулж, боловсронгуй болгон ажиллаж байгаа.

-Ер нь ачигч машинуудаас багагүй зөрчил гаргаж байгаа. Тухайлбал, хүүхэд машинтай нь ачиж, дайрсан гэх зэрэг зөрчил гарсан?

-Гарч байгаа зөрчил дутагдлаас харахад энэ ачилтын үйлчилгээг улам сайжруулж, боловсронгуй болгож, цэгцлэх хэрэгтэй гэдгийг харуулж байгаа юм. Ер нь хувийн ачилт хийж байгаа компаниудаас ийм зөрчил дутагдал гарч байна.

-Танай төвөөс хувийн ачилтын компаниудад хяналт тавих боломжгүй юу?
-Бид хувийн компаниудтай гэрээ хийгээгүй учраас хяналт тавьж, үүрэг даалгавар өгөх эрхзүйн орчин бүрдээгүй.

-Танайд ирж байгаа гомдлуудын хэдэн хувь нь ачилттай холбоотой байна вэ?
-Утсаар болон бичгээр ирүүлсэн санал гомдлын 85 хувь нь хувийн компаниудын ачилттай холбоотой гомдлууд байгаа. Одоо энэ үйл ажиллагааг нэгдсэн хяналт, удирдлага, зохицуулалтад оруулахгүй бол болохгүй байна. Иргэд энэ үйл ажиллагааг зөвшөөрч байгаа. Иймээс үйл ажиллагаа боловсронгуй болж, төрийн санд орлого нь төвлөрүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Ер нь хувийн компаниуд ачилт хийж өөрсдөдөө ашиг олж байна гэх санал гомдлууд ч байгаа шүү дээ.

-Автомашиныг ачиж журамлахдаа машинд сэв үлдээж, хүний эд зүйлд гамгүй ханддаг гэх мэдээлэл цөөнгүй байдаг. Танайх автомашин ачиж журамлахдаа баримталдаг журам гэж байдаг уу?
-Манай ажилчид журмын дагуу машиныг ачдаг. Тухайн машиныг шалгаж, бичлэг хийж, зургаар баталгаажуулж, хаалгыг нь лацаддаг юм. Мөн жолооч, ачигч машины даатгалын үйл ажиллагааг хийлгэсэн байгаа. Хэрвээ манай үйл ажиллагаанаас болоод автомашинд сэв суусан байвал бид даатгалаас тухайн машиныг хохиролгүй болгодог юм.

-Хэрэв тухайн ачигч машины жолооч алдаа дутагдал, зөрчил гаргавал ямар хариуцлага тооцдог вэ?

-Тухайн ажилчдадаа хариуцлага тооцохоос гадна хамгаалах хэрэгтэй. Тиймээс бид даатгалд хамрагдсан байдаг. Жолоочийн хариуцлагыг журманд тусгасан байгаа. Тухайлбал, жолооч заавал ажпын хувцсаа өмссөн байх. Бичиг баримт, жолооны үнэмлэхээ биедээ авч явна. Архи согтууруулах ундаа хэрэглэх хориотой. Мөн өглөө бүр ажилчдад үзлэг шалгалтыг хийдэг. Хэрэв алдаа дутагдал гаргавал байгууллагын дотоод журмын дагуу шийтгэдэг. Хүнтэй зүй бусаар харьцаж, автомашин эвдэж гэмтээсэн тохиолдолд хариуцлага тооцдог. Ерөнхийдөө манай ажилчид ихэнх нь хуулийн мэдлэгтэй, цагдаа сэргийлэхэд ажиллаж байсан туршлагатай хүмүүс байгаа. Гэхдээ энэ ажил маш их хэл амтай байдаг учир ажиллах сонирхолтой хүн бага байдаг. Манай ажилчныг барьж зодсон хэрэг  гарсан байгаа

-Цагдаагийн автомашин буюу үурэг гүйцэтгэж байгаа хөдөлгөөнт эргүүлийн машиныг ачиж явж байсан тохиолдол гарсан. Ер нь ийм тохиолдол хэр гардаг вэ?
-Түр хориглосон газраас ачаагүй байх. Тухайн цагдаагийн машины хувьд эвдрэл гэмтэл гараад ачуулсан байх. Ер нь хөдөө орон нутаг, нийслэлд эвдэрсэн автомашиныг ийш тийш нь аваачиж тавина гэх мэтээр зөөлгөдөг юм. Ер нь тусгай үйлчилгээний автомашиныг ачиж болохгүй гээд журамдаа заагаад өгсөн байгаа. Үүнд онцгой, түргэн, цагдаагийн машинууд багтана.

-Шинэ журам гаргасан гэсэн. Үүнд ямар асуудлууд тусгагдсан бэ?
-Нийслэлийн Засаг даргын Удирдлагын зөвлөлөөр автомашиныг ачиж журамлахдаа мэдээлэл өгдөггүй, төлбөр мөнгө тушаахад хүндрэл гардаг. Мөн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн талаараа тээврийн хэрэгсэл эзэмшигчид мэдээлэл, лавлагаа өгдөг нэгдсэн системийг бий болгоно. Мөн үйлчилгээний хураамжийг бэлэн бус картаар төлбөр мөнгийг төлөх боломжийг бий болгосон байгаа. Тиймээс бид автомашиныг нь ачиж байгааг талаар тухайн жолоочид бүх мэдээллийг мессежээр өгнө. Хэрэв утсаа үлдээгээгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн бүртгэлийн баазаас тухайн машины улсын дугаараар нь эзэмшигчийнх нь утсаар явуулж байгаа. Иймээс иргэд хүнээс худалдаж авсан автомашинаа Авто тээврийн мэдээллийн баазад мэдээллээ шилжүүлэх ёстой. Хэрэв шилжүүлээгүй бол хуучин эзэмшигчид мэдээлэл очно.

 

 

Н.Алтанцэцэг /НИЙСЛЭЛ ТАЙМС/


URL:

Сэтгэгдэл бичих