Х.Баттулга хөзрүүдээ дэлгэж эхэллээ

212125000

        Н.Алтанхуягийн танхимаас татгалзаад буй Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн даруй хөзрүүдээ дэлгэж эхэллээ. Өнөөдрийн хэвлэл мэдээллүүд тэр чигтээ Х.Баттулгын “Шинэ сум” төслийн тухай тоть мэт давтаж байна. Давтахдаа УИХ нь баталчихсан зүйлийг Засгийн газар биелүүлэхгүй юм. Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гараад суучихсан хэмээн алсуураа Н.Алтанхуягийгаа гөвөөд эхэллээ. Энэ нь түүний эртнээс бэлдсэн хөзөр. Яг дэлгэх цагаа болохоор нь харуулж байгаа хэрэг. Түүний стратеги төлөвлөгөө бол эртнээс эхтэй бөгөөд 2012 оны сонгуулийн өмнө буюу АН-ыг хамтарсан засгаас гарч ахуй цагт намын дарга болсноор эхлэх байсан ч “алтангадас”-чуудад мундагдуулснаар мөрөөдөл талаар болсон. Хэдийгээр мөрөөдөлдөө цэг хатгуулсан ч тэр зүгээр орхих нэгэн биш.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос өргөн мэдүүлсэн “давхар дээл” тайлах хуулийн төслөөр ташуурдуулан дайраад үзсэн ч бас л бүдрэв. Дайрсны учир нь тэрээр багаа бүрдүүлчихсэн, ҮЗХ-ны хурлыг зарлан хуралдуулах чин хүсэлтэй байсан ч талаар болов. Цаад Н.Алтанхуяг нь ҮЗХ хуралдлаа л бол дууслаа гэдгээ сайн мэдэж байгаа учраас тийм ч амар тахимаа өгчихгүй л дээ. Ингээд стратеги төлөвлөгөөний дагуу тэрээр сайдын суудлаас татгалзаж, ариун журмыг сахина гэдгээ мэдэгдэж, нэгэн хөзрөө дэлгэв. Үнэндээ Засгийн газрын танхимынх нь нэгэн сайд ийнхүү өргөдлөө өгнө гэдэг агуулгаараа энэ Засгийн газар унах магадлал өндөр болж байгааг харуулсан хэрэг. Гэхдээ түүний стратеги төлөвлөгөө ингээд болчихгүй, араасаа дагуултай байгааг ч эх сурвалж хэлсэн.

Тухайлбал, царигийн асуудалд хариулт өгөх хэцүү, байх хэцүү байдалд ороод байгаа Зам тээврийн сайд А.Гансүх, орон сууцны асуудалд ч хариулт өгөх, байх хэцүү болчихсон Барилга хот байгууллалтын сайд Ц.Баярсайхан нар ч Н.Алтанхуягийн танхимаас татгалзах гэнэ. Яагаад гэхээр Н.Алтанхуяг нь УИХ, Засгийн газрын хуралдаан гээд бүхий л газарт ингэж хэл хэмээн цаасан дээр баахан оронсууцны тоо, төмөр зам барих мөнгөний тоо хэл хэмээн тушаадаг.  Гэтэл ямар ч мөнгө байхгүй гэдгийг нь сайд нар бүү хэл иргэд мэдээд байдаг. Шуудхан хэлэхэд Н.Алтанхуяг ард түмэнд худлаа хэл хэмээн сайд нартаа даалгадаг гэсэн үг. Ингэхээр хөөрхий сайд нарын хувьд ёстой л “хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий” гэгч болж хавчигнана. “Фортуна” болон “шударга ёс”-чуудын хэдэн тэнэгүүд л болж байна гээд зүтгээд байгаа болохоос биш өнөөдөр болж бүтэж байгаа нэг ч зүйл байхгүй. Энэ нь ч Х.Баттулгад сайхан далим болж таарна. Ингээд АН-ын сайд нар удаа дараа танхимаасаа татгалзаад байхаар гүрийгээд суух туйлын хэцүү. ҮЗХ хуралдаж таарна. Түүнээс биш охид хүүхэнтэй орооцолдсон “хонгио” Х.Тэмүүжин мэт огцрох эсэх бол жижигхээн асуудал, падгүй. Х.Баттулгын стратеги төлөвлөгөөнд Х.Тэмүүжин мэтийн огцрох эсэх нь огт тусгагдаагүй гэхэд болно.

ҮЗХ хуралдсан цагт Н.Алтанхуяг бол хуралд суугаад ч хэрэггүй. Үг дуугүй тамгаа өгчихөөд гэртээ харьж амарсан дээр биз. ҮЗХ энэ удаагийн хуралдаан “давхар дээл” тайлахыг алсуураа дэмжиж байгаа УИХ-ын дарга З.Энхболдын фракц “женко”-гийн фракцтай нэгдэнэ. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн фракц ч дэмжинэ. Үүнээс гадна ҮЗХ-ны гишүүдээс хоёрдугаар ээлжийн хоолонд орохоор догдолж яваа нөхөд ороод ирнэ. Нэг агентлаг горьдсон юмнууд хаа мундахав. Ингэхээр нэг бүү хэл нэг хэсэг “алтангадас”-ын өөдөөс сөрж чадна. “Алтангадас”-ыг ёстой л “алтангудас” болтол дэвсэлж дөнгөнө. Ингээд “Алтангадас”-ын гарыг нь өргүүлсэн нөхдүүд намын даргаа сонгох ширүүхэн тулаанд ханцуй шамлаж таарна биз дээ. Ширүүсэх ч юу байхав дээ. ҮЗХ-ны гуравны хоёр илүүг өөрийнхөө талд бүрдүүлсэн Х.Баттулга намын дарга болохгүй гээд яах юм. Намын дарга болчихсон хүн дараагийн Засгийн газрын тэргүүн болж таарна. Энэ л түүний хөзөр, алтан түүз юм.

Х.Баттулга ийнхүү хөзрүүдээ дэлгэж, нэгэнт барьцанд хүрсэн бол улам л баглаж барихыг хичээнэ. Шинэхэн Ерөнхий сайдын 2016 хүртэл уухайлах хөзөр бол яах аргагүй “Шинэ сум” төсөл. Тэрээр үүгээр нийт массын багагүй хүрээнд томоохон нөлөөлөл үзүүлэх нь дамжиггүй. Ажил хийдэг хүнд хоёр жил гэдэг бага хугацаа биш. Өмнө, баруун, зүүн, хойд гэсэн дөрвөн бүсэд ахиад “Шинэ сум” төслийг жишиг болгож, тус бүрт нь хоёр сум бариад өгөхөөр нийт масс наашилна гэдгийг ч аль хэдийнээ тооцоолсон байлгүй. Энэ нь агуулгаар зөвхөн Х.Баттулгад нөлөөлөөд зогсохгүй АН-ын нэр хүндэд ч эерэгээр тусна. Харамсалтай нь цаадуул нь юугаа ч мэдэхгүй хоорондоо алалцаад байгаа юм.

Ерөнхий сайдын суудалд хоёрхон жил залраад буухыг хүсэх хүн бол Х.Баттулга биш. Тиймээс түүнд 2016 онд намаа ялуулах хүндхэн үүрэг оногдоно. Ядахад өмнөх намын дарга нь танхимынхаа хэдэн малтай нийлээд хоёр жилийн турш намыг нь шороотой хутгаж, гудамжинд гаргачихсан. Эргэж сэргэх үгүйг ёстой бурхан л мэдэх байх. Х.Баттулга ч мэддэг зүйл биш болсон болов уу. Эдийн засгийн байдлаасаа эхлээд бүх зүйлд ад шоо болчихсон нь ихээхэн хүндрэл учруулж таарна.

Гэхдээ Х.Баттулгын стратеги төлөвлөгөөний дагуу л явна. Түүний хөзрийн тамга тийм ч амар дуусчихгүй. Сонгууль угтсан хамгийн том хөзрийн тамга бол “Үндэсний их бүтээн байгуулалт Их майдар” төсөл. Н.Алтанхуягийн хасахын хасахтай тэргүүлж ирсэн Засгийн газарт “Шинэ сум” төсөл нэмэх оноо авчрах магадлал өндөр бий. Харин нийт сүсэгтэн олныг хамарсан том төсөл бол Их Майдар. Үүн дээр магад нэмэх оноо авчирна. Энэ нь зөвхөн Засгийн газар, Х.Баттулга ч бус АН-д цаагуураа үнэлгээ авчирна. Яагаад гэхээр цаадуул нь өөрсдөө хийхгүй байж хүний хийсэн зүйл дээр шоудахдаа туйлын гаргууд учраас тэр. Гэхдээ Х.Баттулгад энэ мэт хөзрүүд нь хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Хамгийн гол нь энэ хөзрүүд нь зөвхөн хувь улстөрч Х.Баттулга, хол үсрээд тэргүүлж буй Засгийн газарт нь л нэмэх оноо авчирна. АН-д тэгтлээ нөлөөлөл үзүүлэхгүй. Тэгэхээр “женко”-г өнөөдрийн эдийн засгийн байдлыг сэргээх томоохон ажил тосч уулзана. Энэ л хүнд. Чухам Х.Баттулга Монгол Улсын эдийн засгийн байдал, нийгмийн амьдралыг сэргээх хөзрийн тамга атгасан эсэхийг мэдэх юм алга. Н.Алтанхуяг нарын шороотой хутгаж орхисон эдийн засгийн байдал, нийгмийн амьдрал сэргэж байвал хэн нь Ерөнхий сайд байх нь юуны хамаатай гэж.

С.Ууганбаяр

URL:

Сэтгэгдэл бичих