Гал ус тахиж, итгэл үнэмшилтэй байхыг цаг ямагт захиж, сануулдаг “зайран” сайдын онгодоор Архангай аймгийн Эрдэнэмандал сум Монгол Улсын шилдэг сумаар шалгарч, аймаг, сумынхаа Засаг дарга нарыг “хагартал” баярлууллаа. Засгийн газраас улсын тэргүүний шилдэг сумыг хоёр жил тутамд шалгаруулдаг уламжлал тогтоод зургаан жил болж буй. Тухайлбал, хийж бүтээснээ үнэлүүлж, нийгмийн хөгжил, эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлсэн сумдыг Засгийн газраас тодруулж, 100 сая төгрөгөөр урамшуулдаг юм. Уг тогтоол гарснаас хойш сумын удирдлагууд төдийгүй иргэд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж, мал сүргээ төрөл тус бүрт нь өсгөж бусдын амжилтад нөлөө үзүүлэхээр дор бүрнээ л хичээдэг болсон гэдэг. Иймийн учир ард түмнийг хөдөлгөж чадсан зөв тогтоол байсан гэж үздэг юм билээ.
Энэ жилийн шалгаруулалт саяхан буюу тавдугаар сарын 3-ны өдөр тохиов. Үүнд 330 сумаас Дорнод аймгийн Дашбалбар, Төв аймгийн Жаргалант, Архангай аймгийн Эрдэнэмандал, Ховд аймгийн Үенч сум улсын тэргүүний сумаар шалгарч нутгийн зон олон, хөдөлмөрчин ардаа баярлууллаа. Аймгийн Засаг даргын хувьд “хагартлаа” баярлаж байгаа сурагтай. Учир нь шагналынхаа 100 сая төгрөгийн 90 хувийг сумын Засаг дарга захиран зарцуулах эрхтэй болоод тэр юм байх. Гэтэл энэ удаагийн шалгаруулалтыг улс төрийн нөлөөгөөр буюу тухайн орон нутгаас сонгогдсон төрийн түшээдийн “бялдуучлал”- аар шалгаруулсан гэх гомдол чих дэлсч эхэллээ. Үүний тод жишээг хангайн бүсийн шалгаруулалтаас харж болохоор байгаа юм. Уг нь “Хангайн бүсээс таван аймгийн таван сум шилдгийн төлөө өрсөлдсөнөөс Хөвсгөл аймгийн Тариалан сум хамгийн өндөр оноо авч, шилдгээр шалгарсан байна.
Иймд холбогдох материалыг нь бүрдүүлж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн” талаарх мэдээллийг Тариалан сумын Засаг дарга Ц.Хөвсгөлдалайд хангайн бүсийн шалгаруулалтын комиссоос утсаар холбогдож “Танай сум хангайн бүсээс шилдэг сумаар шалгарлаа. Та бүхэнд баяр хүргэе” гэжээ. Орон нутгийн удирдлагууд ч уг таатай мэдээг нутгийн ард олондоо хүргэж, бараг баяраа тэмдэглээд эхэлсэн байж. Гэтэл хангайн бүсээс Архангай аймгийн Эрдэнэмандал сум шалгарч шилдэг сум болсон мэдээг Засгийн газрын хуралдаанаар зарлажээ. Мэдээж шалгаруулалтад тэнцээгүй сум яагаад шилдэг болов гэдэг нь олны анхаарал татна. Тариалан сумын удирдлагууд тэр дор нь бүсийн шалгаруулалтын комиссын дарга руу утасдаж “Та манай сумыг шилдгээр шалгаруулаад явуулсан гэсэн. Гэтэл Архангай аймгийн Эрдэнэмандал сум гэж зарлалаа. Энэ юу болоод байна аа” гэж асуухад Өвөрхангай аймагт дүнг нэгтгэсэн Р.Мижидсүрэн дарга “Үгүй ээ тийм юм байх ёсгүй. Танай сумыг бид шалгаруулаад явуулсан. Эрдэнэмандал сумын материал энд үлдсэн. Засгийн газарт Эрдэнэмандалын материал очоогүй” гэсэн байна.
Ингээд олон жилийн хөдөлмөр нь талаар болсон тариаланчууд Хөвсгөл аймгаас УИХ-д сонгогдсон Л.Энх-Амгалан гишүүнд хандаж учрыг олж, хужрыг тунгаах хүсэлт тавьж, Ерөнхий сайдад өргөдөл гаргажээ. Ийнхүү шилдэг сумын шалгаруулалтын мөрийг хөөж үзвэл “Олон сайхан сайд нарын өлгий нутаг учраас Эрдэнэмандал сум шалгарсан” гэсэн хариулт өгч байгаа сурагтай. Үнэндээ олон сайдтай нутаг бол Архангай аймаг. Өөрөөр хэлбэл, энэ будилааныг Архангай аймгаас УИХ-д сонгогдсон Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эрдэнэмандал сумын унаган хүү гэгддэг Шадар сайд Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд хатагтай Н.Удвал нар хамтран уг “хор”-ыг найруулжээ. Мэдээж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нар холбогдож таарна. Тэгэхээр Засгийн газрын хуралдаан дээр холион бантанг хутгаж Эрдэнмандал сумыг хууль бусаар шилдэгт зүтгүүлсэн хүмүүс бол Н.Батбаяр тэргүүтэй сайдууд гэнэ. Хөөрхий, бодвол ирэх сонгуулийнхаа замыг засч буй нэг үйл хэрэг байх л даа. Тойрогтоо чамгүй олон сонгогчтой Эрдэнмандал сумыг шилдгээр шалгаруулсан нь тэдний хувьд нэг ч гэсэн сумын иргэдийн нүүрийг харах эрхтэй болж байгаа хэрэг. Нөгөө талаар ирэх сонгуулиар тэд эрдэнэмандалчуудад 100 сая төгрөг тараачихлаа л гэсэн үг.
Ер нь УИХ-ын гишүүдийг “Чингис” бондын мөнгийг тойрогтоо зарцуулах нэрээр тоглоод дуусч байгааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн шүү дээ. Тэрбээр “Төсөв алдагдалтай байхад бондын хүүнд төлөх мөнгө манай улсад байхгүй. “Чингис” бондыг анх гаргах үед Монголын үнэлгээ В байсан бол одоо В- болж буурлаа. Гэвч энэ мөнгө орон нутагт, тэр тусмаа УИХ- ын гишүүдийн тойрогт замын уулзвар засах гэх мэтэд зарцуулж байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн хахууль болж дуусах нь” гэж хэлсэн. Ийнхүү ард түмний хийж бүтээснээ үнэлүүлдэг шилдэг сум шалгаруулах уралдаанд хүртэл “Давхар дээлтэн”-үүд эрх мэдлээрээ далайлгаж Засгийн газраар шийдвэрлүүлж байгаа нь амихандаа цэвэр “тоглоом” гэж харагдуулах гэсэн бодлого байлаа. Харамсалтай нь, бусдын нүдэн дээр ил цагаан өрнөсөн булхай энэ байв. Тэдний увайгүй энэ үйлдэл тариаланчуудын хөдөлмөрийг уландаа гишгэж, тэдний идэвх зүтгэлийг хөсөрдүүллээ. Иймд Тариалан сумын 6000 гаруй иргэн Ерөнхий сайдад өргөдөл гаргаж “Шилдэг сум шалгаруулах Засгийн газрын 193 дугаар тогтоолоо эргэн харж, шалгарсан сумдын материалтай биечлэн танилцаж, асуудлыг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү” гэж хүссэн юм.
Мөн шалгаруулалтын комисс руу удаа дараа санал, асуулга хүргүүлсэн байна. Хангайн бүсийн нарийн бичгийн дарга Р.Мижидсүрэнгээс шалгаруулалтын талаар тодруулахад “Засгийн газраас шилдэг сум тодруулах болзолт уралдааныг 2009 оноос хоёр жил тутамд нэг удаа шалгаруулдаг. Энэ жилийн шалгаруулалтад Хөвсгөл аймгийн Тариалан, Булганы Хутаг- Өндөр, Архангайн Эрдэнэмандал, Баянхонгорын Галуут, Орхоны Жаргалант зэрэг таван сумын материал хангайн бүсийн зөвлөлд ирсэн. Засгийн газрын 193 дугаар тогтоолын дагуу тухайн оны хоёрдугаар сарын дотор сумын ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлээд гуравдугаар сард Бүсийн зөвлөл аймгуудаас ирсэн сумдын материалыг нэгтгэж шалгаруулаад Засгийн газарт хүргүүлэх ёстой. Энэ дагуу бид ажиллаж Тариалан сумыг шилдэг сум шалгаруулах үндсэн үзүүлэлтээр дүгнэж тогтоол гаргаад гуравдугаар сарын 28-нд Засгийн газарт хүргүүлсэн. Манай аймгийн Тамгын газрын мэргэжилтэн өөрийн биеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албаны Сандаг-Очир гэж хүнд аваачиж өгсөн. Тэгэхээр Эрдэнэмандал сумын материал Засгийн газарт очоогүй гэж ойлгож болно. Тэгээд ч Тариалан сум бусад сумдаас хамгийн түрүүнд буюу хугацаандаа материалаа ирүүлсэн. Өмнө нь хоёр удаа шилдэг суманд өрсөлдөж байсан. Эрдэнэмандал сумын хувьд өмнө нь мөн шалгаруулалтад материал нь ирээд тэнцээгүй юм.
Тэгэхээр олон сайдтай нутаг учраас асуудлыг хууль бусаар буюу эрх мэдлээр далайлгаж авсан байх” гэв. Үүнээс харахад тойргоос сонгогдсон сайдууд Засгийн газарт хэрхэн нөлөөлж болдгийн тод жишээ энэ боллоо. Ийм ч учраас тэдний “Давхар дээл”-ийг тайлах нь зөв гэдэгт иргэд, олон нийт санал нэгдээд байгаа юм шүү дээ. Харин тэд салбартаа хэрхэн нөлөөлж ажиллаж байгааг хэн хүнгүй л мэдэж байгаа. Уг нь дээрх сайдууд улс орны хамгийн чухал гэсэн салбаруудыг толгойлж яваа эрхмүүд. Эрүүл мэнд, эдийн засаг, уул уурхай, онцгой байдлын тэргүүн комиссарын удирдагчид уг нь ийм “хор” найруулж явахаас илүүтэй салбартаа хийж бүтээх ажилдаа анхаарал хандуулж баймаар даа. Н.Батбаяр, Н.Удвал, Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Д.Тэрбишдагва нарын хувьд аль эрт “суудал нь өнцөгдөж” маргаан дагуулсан сайд нар. Өөрөөр хэлбэл, сонгогдсон тойрогтоо ийм “хор” найруулсан, найруулаагүй нэр нь шороонд хутгалдаж, мөр нь намагт шигдсэн хүмүүс шүү дээ. Харин ч эсрэгээрээ тэд ийм үйлдэл хийснээрээ дахиад л муу нэр зүүхээс цаашгүй хэрэг болов. Ингээд шалгаруулалтын талаар Тариалан сумын Засаг дарга
Ц.Хөвсгөлдалайгаас тодруулсан юм. Ц.Хөвсгөлдалай:зөвхөн баТламжлах үүрэгтэй засгийн газар шалгаруулалтыг будилуулсан
-Архангай аймгийн эрдэнэмандал шилдэг сумын шалгаруулалтад орсон юм уу.
Шилдэг сумыг ямар үзүүлэлтээр шалгаруулдаг вэ?
-Шилдэг сумыг 19 үзүүлэлтээр шалгаруулдаг. Нийгэм эдийн засаг, хөгжлийнх нь шалгуурыг харж сонгодог юм. Бүс болгоноос нэг сум шалгаруулдаг. Манай бүсэд Орхон, Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл гэсэн зургаан аймаг багтдаг. Бид бүх материалаа бүрдүүлээд аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн юм. Тэгээд манай Тамгын газрын ажилтан Өвөрхангай аймаг руу бүсийн зөвлөлд хүргүүлсэн. Бүс бүх үзүүлэлтийг хянан шалгаж үзээд нэг сумыг шалгаруулаад явуулдаг. Ерөнхий сайд, Засгийн газар зөвхөн батламжлах л үүрэгтэй. Манай бүсээс 19 үзүүлэлтийг бүрэн хангасан сумаар манайхыг шалгаруулаад явуулсан байсан. Эрдэнэмандал сум шалгаруулалтад орсон ч материал нь хот руу яваагүй.
-Л. Энх-амгалан гишүүнд уг шалгаруулалтын дүнг тодруулж өгөхийг хүссэн гэсэн. Ямар хариу хэлсэн бэ?
-Нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай холбогдож тодруулахад Засгийн газрын хуралдаан дээр “Ийм шийдвэр гарга” гэж хэлсэн гэсэн хариултыг цаад хүмүүс нь манай гишүүнд өгсөн байсан. Аймгийн Тамгын газрын хүмүүс ч Засгийн газар руу залгаж тодруулахад “Засгийн газрын хуралдаан дээр тэгж шийдсэн. Бид мэдэхгүй” гэж хариулсан байгаа юм. Тэр ч байтугай Засгийн газрын иргэдээ сонсч хариу өгдөг “11 11” төв рүү ч залгаж хэлсэн. Одоо хүртэл хариу өгөөгүй. Нэг хоногийн хугацаанд уг нь өргөдлийн хариу өгдөг журамтай юм гэсэн. Н.Батбаяр сайдад ядарсан хэдэн ардынхаа сэтгэлээр наадахаас өөр хийх ажил байдаггүй юм байх даа. Надад мөнгө, өргөмжлөл хоёр сонин биш. Хамгийн гол нь нутгийн ард түмний минь итгэл, сэтгэл, хөдөлмөр шүү дээ гэв. Ийнхүү үндсэрхэг үзэлтэн гэдэг шиг нутгийнхандаа тал засах нэрээр шилдэг сумын өргөмжлөл авч өгсөн сайд нарын балгаар Ерөнхий сайд ч хүссэн, хүсээгүй улстөржилтийн намагт хутгалдаж таарав. Өөрөөр хэлбэл, бөхийн найраа гэдэг шиг улстөрийн наймаанд тэрбээр хутгалдаж, шилдэг сумыг “наймаалцав”. Ийнхүү Архангай аймгийн Эрдэнэмандал сум эдгээр олон “Давхар дээлтэн”-үүдийн ач тусаар шилдэг сум боллоо. “Давхар дээлтэн”-үүд энэ мэтчилэн эрх мэдлийнхээ хүрээнд мөн ч их балаг тарих нь дээ.
Б. Цэцэгдэлгэр