Д.Зоригт гишүүний дүү Д.Оюунжаргал “Буянт ухаа-1″-ийн хуваарилалтыг шог зохион байгуулсан уу
Монгол Улс төрийн албаа төрлийн алба болгоод удаж байна. Үүний бас нэгэн илрэл нь Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Зоригтынхон аж. Уг нь нутгаасаа хоёр дахиа сонгогдох гэсэн боловч санал авч чадаагүй Д.Зоригт болон Г.Батхүү нар шинэхэн УИХ байгуулагдсанаас хойш хэл ам дагуулан байж дахин төрийн ордноо заларч чадсан. Гэтэл Д.Зоригт өөрөө УИХ-ын гишүүн болоод зогсохгүй дүү Д.Оюунжаргалыгаа Төрийн орон сууцны корпорацийн дэд захирал буюу “Буянт ухаа-1” хорооллын “босс” болгож амжжээ. Бас л зайтай нөхөр байгаа биз.
Түүний дүү Д.Оюунжаргал нь улстөрийн ажил хийж байгаагүй, Монгол шуудан банкны гүйцэтгэх захирал гэдгээрээ салбарынхандаа бага зэрэг танил. Гэтэл Монгол шуудан банкаа Хадгаламж банканд зарсанаас хойш хийсэн дорвитой ажилгүй байсан гэх Д.Оюунжаргал өдгөө “алаан” болоод буй “Буянт ухаа-1” хорооллын “эзэн”-ээр суугаад байна.
Хамгийн хямд төсөр, хамгийн боломжийн хэмээгдэж буй уг төслийн эрх мэдэлтэй захирлаар томилогдсон нь ах, дүү хоёр төрлийн албаараа дамжуулан төрийн албыг ашиг сонирхолдоо нийцүүлэх бас нэгэн сэжүүр болгож байж болох. Наад зах нь сонгууль хаяанд ирж буй энэ үед Д.Зоригт гишүүн дараагийн сонгуульд өөрийг нь дэмжиж ажиллах өвөрхангайчуудад хамгийн хямд төсөр гэгдэх Буянт ухаа-1 хорооллоос байр авах гарцыг арын хаалгаар нээж өгч байж болно. Эсвэл хороолол барих тендер дээр ах дүү хоёр ажиллаж байгаа ч юм бил үү, хэн мэдлээ. Сэтгүүлч бид хардах эрхтэй шүү дээ.
Нөгөөтэйгүүр “Монгол шуудан” банкны хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал асан Д.Оюунжаргал, ТУЗ-ийн дарга асан, УИХ-ын гишүүн Д.Зоригт мөн Д.Оюунсүх нар өөрсдийн хяналтад байсан багц хувьцаагаа “Хадгаламж” банкинд 2009 оны есдүгээр сард худалдсаныг нь шүүхээс хууль бус хэмээн тогтоож, бусад жижиг хувьцаа эзэмшигчид хэл ам хийсээр байсныг уншигчид мэднэ. Ийм маапаантай ажил хийж байсан хүмүүс төрийн албыг мөн бужигнуулчихаад яваад өгөхийг үгүйсгэхгүй.
Одоо ч гэсэн хатагтай Д.Оюунжаргалын хийж буй ажлыг шударга гэхээс илүү хуваарилалт нь шог байна гэж хэлэх хүн цөөхөн байх аж.
Тодруулбал цөөнгүй хугацаанд хүлээлт үүсгэсэн “Буянт-Ухаа-1” хороололд байр худалдан авах иргэдийн дунд явуулсан орон сууцны сугалааг өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулав.
“Буянт-Ухаа-1” хорооллын орон сууцны сугалаа шударга сайхан боллоо л гэнэ, тийм ч биз. Гэхдээ тус хороололд орон сууц худалдан авах журам, нөхцөл, шалгаруулалтаас харахад “шударга” гэхээсээ хуваарилалт нь шог болжээ гэмээр.
Журамд төрийн албан хаагч нь хоёроос дээш жил ажилласан байх, харин ахмад настан гэдэгт 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй байхаар тусгажээ. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрөлхийн болон удамшлын эмгэг өөрчлөлт, эсхүл осол, гэмтлийн улмаас сэтгэц, оюун ухаан, мэдрэхүй чадавхи нь алдагдсан, түүнчлэн бие эрхтэн нь гэмтсэнээс хөдөлмөрлөх, бие даан амьдрах боломж нь хязгаарлагдсан байх зэргийг онцолжээ. Залуу гэр бүлийн хувьд албан ёсны гэрлэлтийн баталгаатай 35 хүртэлх насны гэр бүл байх шаардлага тавьсан нь бий.
Энэ нь яг үнэндээ бол 35-аас дээш настай, хувийн хэвшилд ажилладаг хүмүүс болоод ганц бие залуус, өрх толгойлсон аав, ээжүүдийг “Та нар орох оронтой, оочих аягатай байна уу, хамаагүй” гээд хаячихсантай ялгаагүй шийдвэр. Яагаав нөгөө “Хүн биш ээ цэрэг” гэдэгтэй яг адил. Өрх толгойлсон аав, ээжүүд, 35-55 насны хувийн хэвшлийнхний хямдхан байранд хамрагдах хүсэлд “салаавч” үзүүлснээрээ дээрх журам Үндсэн хуулийг зөрчсөн явдал болжээ гэж үзэхэд ч буруудахгүй биз. Үндсэн хуулинд монгол хүнийг нам эвсэл, үзэл бодол, нас, хүйсээр ялгаварлан гадуурхахыг хориглосон байдаг биш үү. Төр нь өөрөө хуулиа зөрчиж, иргэдээ тэгш бус харилцаагаар ялгаварлаж, түүнийгээ шударга хуваарилалт гэж тодорхойлж байгаа бол гутамшигтай.
Энэ асуудлын тухайд эхний ээлжинд 1764 айлын орон сууц ашиглалтад орж байгаа бөгөөд “Буянт-Ухаа-1” хорооллоос байр авахаар 9094 иргэн цахимаар хүсэлтээ илгээжээ. Үүнээс 3159 хүн журамд заасан шаардлагад тэнцээгүй хэмээн “шалгалтад” бүдэрч, үлдсэн 5935 хүний дунд сугалаа сугалуулах маягаар асуудлыг амархан бөгөөд шударгаар шийдсэнээ Д.Оюунжаргал нар тодотгож байлаа. Сугалаанд хамрагдсан хүмүүсийн 3159 нь өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүл байгаа бол үлдсэн 2740 нь төрийн албан хаагч буюу эмч, багш, цагдаа нар байжээ. 1764 айлын орон сууц бүхий есөн давхар 28 барилга, 120 хүүхдийн цэцэрлэг, хоёр үйлчилгээний төвөөс бүрдсэн анхны том цогцолбор болох “Буянт-Ухаа-1” хорооллыг тавдугаар сарын 23-нд хүлээлгэн өгснөөр оршин суугчид байрандаа орж эхлэх юм.
Сугалаанд ялалт байгуулсан хүмүүсийн хувьд төгсөх шалгалтандаа онц авсан оюутан шиг бөөн догдлол, баяр хөөртэй байгаа нь гарцаагүй. Зах зээлийн үнээс хамаагүй хямд, метр квадрат нь нэг сая 280 төгрөгөөр үнэлэгдэх орон сууц одоо хаана ч байхгүй. Даанч, Засгийн газар болоод энэхүү ажлыг яг гардан ажиллаж, төслийг боловсруулсан Д.Оюунжаргал нарын журам олон хүний хувьд хамрынх нь үзүүрийг тас хавчина гэдэгтэй адил зүйл болж байх шиг байна.
Ингээд л ахынхаа буянаар ажил авсан Д.Оюунжаргал шударга гэхээсээ илүү иргэдийг ялгаварлан гадуурхах ёсзүйг гаргаж буй нь өнөөх л хүнд суртал, төрийн албыг төрлийн байдлаар ажиллуулдаг гаж зуршилтай холбоотой биз ээ.
http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=12999
URL: