Хорих ангийн хүмүүжигч сарын цалингаа хүүхдийн сувилалд хандивлалаа
МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж залуучуудыг ажилгүйдлийг бууруулах зорилгоор цагийн болон байнгын ажилд зуучлах, сургалт зөвлөгөө, хөдөлмөрт бэлтгэх үйлчилгээ үзүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар шинэ ажлын байр бий болгох ажлуудыг зохион байгуулдаг бөгөөд залуучуудын ажилгүйдлийн нэг хэсэг болсон эмзэг, эрсдэлтэй бүлэг болох Цэргээс халагдсан, хорих ангиас суллагдсан, гадаадаас ирсэн, хүүхэд гаргасан, амьдралийн хүнд бэрх үе тохиолдсон залуучуудыг ажилтай болгох, нийгэмшүүлэх ажлуудыг системтэйгээр зохион байгуулж байгаа юм. Өнгөрсөн сард хорих 429 дүгээр ангийн офицер, ахлагч, хүмүүжигч нартай уулзаж мэдээлэл, сургалт зөвлөгөө өгөх, суллагдахаас өмнө болон дараа ажил хөдөлмөр эрхлэх талаар хийсэн уулзалт зэрэг ажлуудыг зохион байгуулсан. Энэхүү ажил ч үр дүнгээ өгч эхэлсэн байна. Хорих 429 ангийн хүмүүжигч А.Төрмандах өөрийн нэг сарын хугацаанд ажиллаж олсон цалингаа Эрүүл мэндийн яамны харъяа Хүүхдийн төв сувилалд хандивлалаа. Тэрээр хорих 429 дүгээр ангийн үйлчилгээний албанд ажилладаг бөгөөд цагийн 1250 төгрөгийн урамшуулал авдаг юм байна. Өнгөрсөн 4 дүгээр сарын цалин 128.500 төгрөгийг сайн үйлсэд хандивлахаар зориглож хамт хоригдож байгаа хүмүүжигч П.Болдбатын бичиг баримтын зардалд өөрийн хүсэлтээр 18.500 төгрөгийг, Хүүхдийн төв сувилалд үлдэгдэл 110.000 төгрөгийг хандивлах шийдвэр гаргажээ. Эрүүл мэндийн яамны харъяа Хүүхдийн төв сувилал нь өнчин, хагас өнчин, амьдралын баталгаажих доод түвшинд байгаа хүмүүсийн суурь өвчтэй, бага жинтэй нярай, хаягдсан хүүхдүүдийг 3 нас хүртэл нь асрамжлан, эмчлэн сувилах, сургалт хүмүүжлийн ажлыг явуулдаг байгууллага бөгөөд одоогийн байдлаар 60 орчин нярай сувилалд хэвтэн асруулж байгаа юм байна.
URL: