З.Дүвчин: Амжилт гаргадаггүй юмаа гэхэд их спортоос эрүүл салаарай гэж шавь нартаа хэлдэг

527-139986931739371_70246Чөлөөт бөхийн УАШТэнэ сарын 15-нд болно. Тиймээс тамирчдын бэлтгэл болоод, тэмцээний бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч З.Дүвчинтэй ярилцлаа. Чөлөөт бөхийн тогоонд олон жил чанагдаж яваа түүний гараас МУГТ С.Батцэцэг, Ц.Энхжаргал нарын алдартай тамирчид төрсөн байдаг.

-Манай эмэгтэй тамирчдын амжилтын буухиа үргэлжилсээр байгаа. Энэ бүхэнд дасгалжуулагчийн оролцоо хамгийн чухал?

-Тамирчид өөрсдийн зүтгэл, хөдөлмөр хүчний үр дүнд зохих амжилтыг үзүүлсээр байгаа. Он гарсаар Красноярскийн олон улсын тэмцээн, Японд болсон дэлхийн цом, ДАШТ, Азийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлж нэг, хоёр онооны зөрөөтэй дандаа хоёрдугаар байр эзэлж ирсэн.

Одоо УАШТ дөхөөд ихэнх тамирчид клуб, нийгэмлэгүүдээрээ тараад бэлтгэлээ хийцгээж байгаа. Яахав нэг үеэ бодвол чөлөөт бөхийн амжилт дээшилж байна. Дэлхийн бөхчүүдийн эхний гурван байрын нэг нь манайх гэж бодож байсан боловч цаг дээрээ худлаа байна.

Ялангуяа ааш араншин бүх зүйл нь бүрдсэн бяртай хүчтэй орны бөхчүүлтэй тийм ч амархан нэг хоёрдугаар байрны төлөө өрсөлдөөд байдаг зүйл биш байна. Тийм учраас энэ хэмжээнд барилдаж амжилт гаргахын тулд маш их хөдөлмөрлөх хэрэгтэйг манай тамирчид ойлгож байгаа.

-Ер нь тамирчид юун дээр их алдаад байна вэ?

-Жилийн жилд л алдлаа үүнийгээ засна гээд л ярьдаг. Энэ маань ч хойшид давтагдах янзтай. Ажиглаад байхад дэлхий нийтээрээ л ийм байдаг юм шиг байна. Манайхан хөлдөө алдлаа, хэвтээ муу хамгааллаа гэдэг. Гэхдээ хэвтээ хамгаалалтыг тун боломжийн болж байгаа гэж үзэж байгаа.

Учир нь манай ахлах дасгалжуулагч Б.Батбаяр хэвтээ хамгаалалтын тал дээр тун сайн ажилладаг. Энэ чанараараа ялангуяа манай эмэгтэйчүүд хэвтээ хамгаалалтан дээр алдах нь багасч байгаа. Засагдлаа ч дараагийн үе нь мөн л алдаатай гарч ирдэг юм байна. Ер нь мөнхийн л засвартай юм шиг байна шүү дээ.

-Манай тамирчдын гол өрсөлдөгчид аль орных вэ?

-Өнгөрсөн дэлхийн цомын тэмцээний үеэр дэлхийн шилдэг найман бөх гэхэд тав нь Азиас орсон байсан. Ингээд бодохоор дэлхийн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн өнгийг тодорхойлогч Азидаа ихэвчлэн байдаг. Бас Япон, Хятад, Казакстан ордог ч Энэтхэг сүүлийн үед их ширүүн гарч ирж байгаа.

Энэ дунд сүүлийн үед манайх орчихсон гээд бодохоор Ази талдаа тамирчид түлхүү амжилт гаргадаг юм. Гэхдээ Америк, Канад, Азербаджейныг үгүйсгэж болохгүй. Сая л гэхэд манайхан Канад, Орост хожигдсон.

Тэгэхээр тэд манайхаас дутахгүй байна гэж харагдаж байна гэсэн үг. Манай чөлөөт бөхөөс олимпийн аварга төрөөгүй байхад бусад орнууд бүгд л олимпийн аваргатай болчихсон байх жишээтэй. Энэ утгаар тэдгээр орнуудын хөгжил дэвшил манайхаас илүү.

-УАШТ-ээс тэмцээнээс шавь нараасаа юу хүлээж байна вэ?

-Яахав тамирчид хоорондоо өрсөлдөөд аварга болсон тамирчин ДАШТ-нд оролцоно. Гэхдээ улс орноо төлөөлж оролцох учраас холбоо, удирдах хүмүүс, ахлах дасгалжуулагчид хоорондоо ярилцаж сонгон шалгаруулалт хийгээд аль дөхөмтэйг нь л явуулна шүү дээ. Түүнээс хойш аварга болсон тамирчин бүхэн орно гээд зүтгээд байж болохгүй.

Өнгөрсөн жил гэхэд ДАШТ -нд долоон тамирчин явснаас гурав нь улсын аварга болоогүй тамирчин байх жишээтэй. Тийм учраас заавал аварга болсон гэхгүй сонголтоо зөв хийх нь чухал байгаа юм. МУГТ С.Батцэцэг, О.Насанбурмаа нар Солонгос улсад эмчилгээ хийлгээд ирсэн учраас энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнжих болов уу.

-Манай эмэгтэй тамирчдаас хэд хэдэн тамирчин дэлхийд танигдаад байгаа шүү?

-Өнгөрсөн жилийн хувьд манайхан багаараа танигдлаа шүү дээ. Энэ ч утгаараа Азербаджейны Алтан гранпри тэмцээнд манайхыг багаар нь урьсан. Энэ нь дэлхийд танигдаж байгаагийн нэг хэлбэр юм л даа. Албан ёсоор хүнд жингийн МУГТ О.Бурмаа ДАШТ-ээс мөнгө хүрэл медаль авчихсан учраас яггүй гэдгийг нь дэлхийн аль ч орны тамирчид багцаалдана.

Бас ДАШТ-ийн гурван удаагийн хүрэл медальт О.Насанбурмаа, олимпийн хүрэл медальт О.Батцэцэг сүүлийн оролцсон бүх тэмцээнээсээ алт мөнгө хүрэл медаль хүртсэн. Бас хөнгөн жингийн М.Сумьяа гэхэд л ДАШТ, Универсиад наадмаас мөнгөн медаль авсан гээд эдгээр тамирчид дэлхийд танигдчихсан байгаа. Мөн 55 кг-ын жингийн Бямбацэрэнг эв нь таарвал дэлхийгээс юм зулгаана гэж бодож байна.

-Таны ах Хөдөлмөрийн баатар З.Ойдов гавьяат маань хааяа танд зөвлөдөг биз?

-Ах маань одоо 70 нас дөхөж байна. Хоёр гурван хүүхэд хичээллүүлдэг болохоор хааяа заалаар ирдэг юм. Надад мэдээж санаа оноогоо хэлэлгүй яахав.

-Таныг ид барилдаж байх үеийн чөлөөт бөх өнөөдрийн чөлөөт бөх хоёрын хооронд ямар ялгаа гарч байна вэ?

-Өмнөхөөсөө их өөрчлөгдөж ялгаа гарсан байна. Бидний үед бүх л хүч бяраа гаргаж барилддаг байлаа. Бид умсныхаа бярыг гаргана гэж ярьдаг юм. Тэгж л хүч үзэж байж ганц оноо авдаг. Одоогийнх шиг хамгаална гэхгүй шууд дайрч л барилдана. 15 секунд болоод торгоно гэж айлгадаг байлаа.

Бүх үедээ авсан онооны нийлбэрээр ялагч тодордог байсан. Тэр утгаараа оноо хамгаална гэдгийг мэддэггүй үе байлаа шүү дээ. Оноогоо нэмэхийн төлөө цусгүй тулаан хийдэг байсан цаг бол биднийг барилдаж байх үе юм л даа. Одоо үе болгондоо ялалтыг тодорхойлдог болсон болохоор тактикийн барилдаан гаргадаг болсон.

Их сайн толгой ажиллуулж, сэргэлэн байсан хүн ялалтад хүрэхэд ойрхон болжээ. Ингээд бодохоор ялгаа их гарч байна. Намайг барилдаж байхад олон жинд барилддаг байсан бол өнөөдөр тэрхүү жингүүд хасагдаад цөөрсөн. 1980 оны эхэн үед Орос, Ираны хүнд жингийнхэн үнэнхүү гайхуулдаг байсан.

Атан тэмээ шиг эрс гарч ирээд барилддаг байсан цаг. Тэрийг үзэхэд мөн л сайхан шүү дээ. Харин хүнд жингийнхэнд хязгаар тогтоож өгснөөс хойш жижигхэн цагаан залуучууд гарч ирээд л барилддаг болоод байгаа. Ингээд бодохоор нэг талаараа сүргүй болчихсон юм шиг санагддаг болсон. Гэхдээ мундаг бөхчүүд байна аа.

-Таны шавь нарын барилдааны онцлог юу вэ?

-Манай хүүхдүүд бусдыг бодвол барьцтай барилдаанд сайн. Барьцаа сайн авна гэдэг тухайн барилдаанд ялахын гол үндэс шүү дээ. Би ч тийм байхыг шаарддаг юм. Мөн би шавь нараа зоригтой, тэмцэлтэй байлгахыг чухалчилдаг.

-Та ид үедээ уран хурц барилдаантай бөх байсан. Одоо шавь нар чинь таны тэр өвөрмөц барилдааныг өвлөж авч байна уу?

-Хүн ганцхан хувь төрдөг гэдэг шиг хүн бүрт өөрийн барилдаанаа сургаад байх боломжгүй л дээ. Яахав санаагаа бол хэлж өгнө. Тэндээс өөрийн авьяас чадвараараа сурч авах нь байна, ерөөсөө сурахгүй хүүхэд ч байна. Түүнээс хүүхэд бүрт “Чи хөлөө өгөөд  дараа нь тавхайлдаж унага” гэж зааж болохгүй. Тухайн хүний онцлогт нь тохируулж л барилдаан заахыг боддог юм.

-Тамирчид эх орныхоо нэрийн өмнөөс гэж явсаар эцэст нь эрэмдэг зэрэмдэг болоод дуусдаг. Ялангуяа таны үеийн бөхчүүд энэ асуудалд нэлээн өртсөн байдаг. Гэвч одоо амжилт гаргасан тамирчид насан туршийн тэтгэлэгтэй болдог сайхан боломж бүрдсэн. Таны хувьд ямар зэрэглэлээр цалинждаг вэ?

-Энэ үнэн. Би ДАШТ-ний мөнгөн медалиар цалинждаг. Бидний үе, бидний өмнөх үеийнхэн эх орныхоо нэрийг гаргана гэж яваад өвдөг тохой, хөл гаргүй болчихсон байдаг. Харин урамшуулал гарснаас хойш тамирчид бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд амжилт гаргачих юм бол насан туршийн тэтгэлэгтэй болно гээд түүндээ бүхнээ зориулж бэлтгэлд хандах ухамсар нь маш их дээшилсэн.

Энэч утгаар тамирчдадаа “Чи сайн бөх болохгүй байж болно, хамгийн гол нь энэ их спортоос эрүүл салаарай” гэж захидаг. Ялангуяа би эмэгтэй тамирчидтай ажилладаг учраас тэд хэзээ нэг өдөр ээж болно, түүнд хөл гаргүй байвал бас эмэгтэй хүний гоо сайхан байх гээд бэртэл гэмтэлгүй байх талыг их зөвлөж суудагдаа.

-Та насаараа спортод зүтгэж яваа хүн. Бөхийн буянаар санасандаа хүртэл амьдарч чадаж байгаа юу?

-Боломжийн амьдарч байгаа. Чамлах юм алга.

Д.Нэргүй

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих