Халз тулаанд Г.Баяртогтох яллаа
Боксын спорт, мэргэжлийн тулааныг сонирхогчдын анхаарлыг татсан Монгол, Солонгосын мэргэжлийн боксчдын халз тулаан манай тамирчин Ганбатын Баяртогтохын ялалтаар өндөрлөлөө. Халз тулаан АСА циркт өчигдөр 16 цагаас эхэлж 18.30 цагт аваргаа тодруулсан юм. Хоёр тамирчин нийт зургаан үе тулалдахаас таван үе хүч үзэв. Зургаа дахь үеийн өмнө буюу тавдугаар үеийн дараа Солонгосын боксчин цаашид тоглох боломжгүй боллоо, тулалдахаас татгалзаж байна хэмээн мэдэгдсэнээр Г.Баяртогтох яллаа. Тэрээр мэргэжлийн боксын рингэнд ийнхүү 30 дахь удаагийн тулаанаа хийж, 24 дэх ялалтаа авлаа.
Энэхүү тулааны өмнө Солонгосын мэргэжлийн боксын залуу аварга Кым Кы Нам, манай тамирчин, мэргэжлийн боксын дэлхийн залуучуудын аварга Ганбатын Баяртогтох нар мэргэжлийн боксын дүрмийн дагуу хүнд жингийн тамирчдйн өмсдөг 10 OZ бээлийтэй, жин харгалзахгүй зургаан үе тоглохоор төлөвлөөд байсан юм. Харин хоёр тамирчин бие биеэ хурцлах зорилгоор тулааны оршил болгож хэлсэн үгэндээ Г.Баяртогтох түүнд 8 OZ \нимгэн\ бээлийгээр тулалдах санал тавиад, зөвшөөрөөгүй тул “Би чамайг 10 OZ бээлийтэй ч нам цохино” гэсэн бол Кым Кы Нам “Би Монголд ялах гэж ирсэн. Баярааг аварга гэж айх бус Монголын жирийн нэг тамирчинтай хүч үзэх гэж байгаа бодож сэтгэлзүйгээ бэлдсэн” хэмээж байв.
Кым Кы Нам мэргэжлийн боксын рингэнд 13 тулаан хийж, найман удаа ялсан амжилттай. Үүний өмнөхөн Японы мэргэжлийн боксын аваргыг ялсан бол Монголд хийсэн тулаан нь гадаадын тамирчинтай хүч үзсэн хоёр дахь тулаан нь юм байна. Халз тулааны дараа тэрээр бэлтгэлээ сайтар базааж байгаад магадгүй Монголын тамирчинтай даагаа нэхсэн халз тулаан хийж болох л юм гэж ярьжээ.
Ч.Зотол
URL: