Мексикт хүчтэй газар хөдлөлт болжээ
МЕХИКО. /Associated Press/. Өчигдөр Мексик улсын Номхон далайтай залгаа эрэгт хүчтэй газар хөдлөлт болж нийслэл Мехико хотод мэдрэгджээ. Албан газрын өндөр барилгуудаас айж сандарсан хүмүүс гудамж руу гүйлдэн гарч байлаа.
6,8 баллын хүчтэй газар хөдлөлт нь нийслэл Мехико хотоос баруун урагш 300 км-ийн зайд орших, Герреро мужийн өмнөд хэсгийн Текпан-де-Галеана хотод болсон гэж АНУ-ын газарзүйн судалгааны газар мэдэгдлээ. Одоогийн байдлаар гэмтэж бэртсэн хүн байхгүй байна.
Газар хөдлөлтийн голомт газрын гадаргуугаас ердөө 10 метрийн гүнд байв.
Мехико хотын ихэнх хэсэг нь хатсан гол нуурын намгархаг, шавхайтай сав газарт оршдог тул хотоос алсад болсон газар хөдлөлт ч эмзэг мэдрэгддэг аж. Газар хөдлөлтийн үеэр тус хот цэлцэгнүүр шиг савладаг байна.
Өнгөрсөн сарын 18-нд Мехико хотын төв болон өмнөд хэсэгт 7,2 баллын хүчтэй газар хөдлөлт болсон нь мөн дээрх мужид голомттой байсан юм.
1985 онд Номхон далайн эргээс 400 км зайд, 8,1 баллын хүчтэй газар хөдлөлт болж, Мехико хотын барилга байшин нурж, 6000 гаруй хүний амийг авч байсан ажээ.
Л.Урангуа
Монцамэ
URL: