Зөрчилтэй барилгын ажлыг зогсоов
Урин цаг ирж зам барилгын ажил эхэлж, барилгын компаниуд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм мөрдөгдөхгүй байгаагаас хүний амь эрсдэх, осол гарах тохиолдлууд цөөнгүй гарч байгаа. Үүнийг дагаад иргэдийн дунд айдас болгоомжлол нэмэгдэж байна.
Тиймээс өчигдөр Нийслэлийн Засаг дарга албан даалгавар гаргажээ. Барилгын ослоос сэргийлэхийн тулд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг шалгаж сар бүрийн эхээр танилцуулж байхыг мэргэжлийн хяналтын байцаагчдад даалгасан байна.
Албан даалгаварыг хэрэгжүүлэх үүднээс мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид өчигдөр Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа барилгуудад шалгалт хийлээ. Баянзүрх дүүргийн хувьд өмнөх жилээс эхлэн барилгын ажил явагдаж байгаа 100 гаруй обьект байгаа аж. Тус дүүргийн хөдөлмөр аюулгүй байдлын байцаагчид барилгуудыг төлөвлөгөөт болон иргэдийн гомдлын дагуу шалгаж эхэлжээ.
Төлөвлөгөөний дагуу бидний очсон эхний барилга бол Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын 18 дугаар хороонд баригдаж байгаа иргэн Г.Алтанхуягийн захиалгаар “GDH” компанийн гүйцэтгэж байгаа 11 давхар 64 айлын орон сууцны барилга байв. Тус барилгын хувьд ажилчид нь хөдөлмөр хамгааллын хувцас өмсөөгүй, гурваас дээш давхруудад аюулгүй ажиллагааны хаалт, санамж дохио байрлуулаагүй байлаа. Мөн давхруудынхаа цэвэр бохир ус, лифтний нүх, шатны захад хамгаалалтын хашилт хийгээгүй байсныг албаныхан хэлсэн юм. Барилгын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журамд зааж өгснөөр өөрөө явагч машин, өргөх механизм нь техникийн магадлагаагүй, талбайн инженер байхгүй зэрэг олон зөрчил илэрсэн.
Тиймээс хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хангаж ажиллаагүй гэдэг үндэслэлээр 250 мянган төгрөгөөр торгож, барилгын ажлыг зогсоож акт бичсэн юм. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөр аюулгүй байдлын улсын байцаагч Ц.Оюунчимэг “Тус барилга долоо хоногийн хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдлын зөрчлөө арилгахгүй бол дулаан, цахилгаан, усан хангамжийн эх үүсвэрийг хязгаарлана. Барилгын захиалагч тал гурав хоногийн дотор дүүргийнхээ мэргэжлийн хяналтын газар барилгын зөвшөөрөл гээд бүх бичиг баримтаа шалгуулах ёстой” гэсэн юм. Дараагийн очсон барилгын хувьд зөвхөн сууриа тавьж байсан ч хажуу талынхаа орон сууцтай бөөрөөр нь нийлүүлсэн гэх иргэдийн гомдол иржээ.
Тиймээс Баянзүрх дүүргийн мэргэжилийн хяналтын байцаагчид зураг төслийн төлөвлөгөөг нарийн судлахаар болоод буцлаа. Харин тус дүүргийн зургадугаар хороонд баригдаж байгаа “Орчлон констракшн”-ийн захиалгатай орон сууц, үйлчилгээний зориулалтаар баригдаж байгаа 16 давхар барилгын хувьд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хэвийн байв. Хашааныхаа гадна талд 3.5 метр налуу саравч хийж тороор хаалт хийжээ. Гэвч талбайн аюулгүй ажиллагааны инженерүүд эзгүй байсан учир төлөвлөгөөт шалгалтад хамруулахаар болсон юм.
Цаашид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас бүх дүүргийн барилгад шалгалт хийх юм байна. МХЕГ-ын мэдээгээр улсын хэмжээнд сүүлийн гурван жилд барилгын салбарт 173 үйлдвэрлэлийн осолд 185 хүн өртсөнөөс 67 хүн нас барж, 37 хүн тахир дутуу болж 81 хүн хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан байна.
С.УЯНГА
Эх сурвалж: Зууны мэдээ
URL: