Долоон сая төгрөгийн хураамжийг 70 мянга болгож буулгахаар төсөлд тусгажээ
УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 80 гаруй хувийн саналаар баталлаа. Ингэснээр засгийн газраас таван жилийн хугацаатай 300 тэрбумыг ноолуурын салбарт, 150 тэрбумыг жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд, 50 тэрбумыг ноосоо тушаасан малчинд урамшуулал олгоход болон ноосны үйлдвэрүүдэд зарцуулах аж.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хйиж, гишүүдийн 77.3 хувийн саналаар баталлаа. Дээрх хууль батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжих юм байна. Хуульд зааснаар 2011 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хайгуулын лиценз шинээр олгохыг хориглолоо. Ерөнхийлөгчийн зүгээс лицензийг хориглох тухай асуудлыг гурван удаа оруулж хугацааг сунгуулж байгаа юм. Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуулийн цогц төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа аж. Энэхүү цогц хуулийн төслийг парламентаар батлах хүртэлх хугацаанд дахиж лиценз олгохгүй байх нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна. Мөн энэ өдөр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. УИХ-ын гишүүн П. Алтангэрэл “Саяхан л Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг баталсан. Хэдхэн сар болоод дахиад өөрчлөх гэж байна. Засгийн газар хуулийн төсөл оруулж ирэхдээ тооцоо судалгаа тааруухан хийж байна. Долоон сая төгрөгийн хураамжийг 70 мянга болгож буулгахаар төсөлд тусгасан байна. Гэнэт санаанд орсон тоо тавьчихдаг юмуу, хаашаа юм” гэж шүүмжилж байв. Мөн УИХ-ын гишүүн Ц. Даваасүрэн “Уг нь энэ хуулийн олны шүүмжлэлд өртсөн хоёр, гуравхан заалтыг засчихаж болохоор байхад нэлэнхүйд нь өөрчлөлт оруулж, төсөвт оруулах 800 сая төгрөгийн орлого сох дутах нь. Төсвийн тухай хуульдаа тодотгол хийхгүй байж энэ хуулийн төслийг баталбал хууль зөрчинө” хэмээн саналаа илэрхийлж байв.
URL: