ТАМХИНЫ ХУУЛИЙН «ЗАГАЛМАЙЛСАН ЭХ» Ч БАС ХУУЛЬ ЗӨРЧДӨГ

Л.Эрдэнэчимэг-Эрхэм гишүүний мэдэлд байдаг “Монос фарм трейд” Монгол Улсын хилээр бүртгэлгүй эм оруулж иржээ-

УИХ-ын гашүүдийн өмнөөс заримдаа ичих юм. Тэдний Төрийн ордон, УИХ-ын чуулганы танхимд гаргаж буй ааш аяг, үйл хөдлөл, хэлж ярьж буй нь заримдаа шилжилтийн насны хүүхдийнхээс бэрх гэмээр.

Саяхан УИХ-ын чуулганы танхимд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх тухай асууддыг хэлэлцсэн юм. Энэ үеэр эрхэм гишүүд их л “чухал” асуудлыг анх удаа хөндсөн аятай хэрэлдэж, уралдаж, элдэв нэгээ дуудалцав. Тухайлбал, өөрийгөө энэ хуулийн автор, “загалмайлсан эх” гээд бат итгэчихсэн Л.Эрдэнэчимэг гишүүний чуулганы танхимд гаргаж буй ааш аягийг ээ. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх үеэр нүд ам нь гялалзаад, хөдөлгөөн нь түргэсээд өнөө муу О.Баасанхүүг харцаараа хяргах нь ээ.

“Би наад хуулийн чинь санаачлагч нь. Чи нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөө тат” ч гэх шиг. Тэгснээ сэлбэлзэж гүйгээд гартаа барьсан зүйлээ шиддэж эзгүй байгаа гишүүдийн ширээ рүү гүйх шахам очиж кнопыг нь дарж элдэвлэв. Үүнд эгдүүцсэн МАН-ын гишүүд болиоч гэсэн шаардлага тавьж улмаар намынх нь бүлгийн дарга дэг жаягтай байхыг сануултал эгээ л тамхи ширхэглэж зардаг авгай шиг Д.Эрдэнэбаттай ана мана хэрэлдэв. Ямар сайндаа түүний энэ үйлддийг харсан зарим нь “Л.Эрдэнэчимэг УИХ-ын гишүүн бус харин тулга тойрсон асуудлаар хэрүүл маргаан дэгдээгээд суудаг авгай шиг харагдаж байна” хэмээн ярьж суух вэ.

Гэтэл эрхэм гишүүний “хөөрхөн ааш” үүгээр дуусаагүй. Тэрбээр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асууддынхаа хүрээнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг матсан албан бичгийг өнгөрсөн даваа гаригт мэргэжлийн байгууллагуудад өгч бас нэг дуулиан дэгдээв.

Тодруулбал, тэрбээр Д.Эрдэнэбат гишүүний “Би тамхи татдаг. Гэхдээ чамаас дээр, амьдралтай хууль санаачилна. Би өрөөндөө тамхи татдаг. Хүний эрхэнд бүдүүлгээр халдаад байна” гэснийг нь өлгөж аваад өнгөрсөн даваа гаригт Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт албан бичиг илгээжээ. Ингэхдээ тэрбээр “УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат 2014 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлын мэдээллийг олон нийтэд хүргэхдээ Төрийн ордонд байрлах өөрийн ажлын байрандаа утаат тамхи татдаг тухай мэдээлсэн. УИХ-ын гишүүний энэхүү үйлдэл нь Тамхины хяналтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6. Аж ахуйн нэгж байгууллагын ажлын байрны дотоод орчинд утаат тамхи татахыг хориглох заалтыг зөрчиж байна. Төрийн ордонд Төр засгийн үйлчилгээ эрхлэх газар нь дээрх заалтыг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага бөгөөд хууль зөрчиж буй үйлдэлд удаа дараа арга хэмжээ авахгүй байгаа тул холбогдох заалтын дагуу хариуцлага тооцож хариу ирүүлнэ үү” гэж ирээд бүлгийн даргаа торгуулахыг хүсчээ.

Хэрэв Мэргэжлийн хяналтынхан Л.Эрдэнэчимэг гишүүний илгээсэн албан тоотыг үзээд Д.Эрдэнэбатыг буруутай гэж тооцвол овоо хэдэн төгрөгөөр торгох юм байна. Мэдээж нэг нь хууль санаачилсан, тэр нь батлагдсан, бүх нийтээрээ дагаж мөрдөж байгаа бол энэ ч байх ёстой л асуудал байх. Гэхдээ л дэндүү жул, тулга тойрсон асуудлаар “Энэ миний санаачилсан хуулийн төсөл, чи гар хүрэх эрхгүй, энэ хуульт ингэж зөрчсөн одоо торго. Яг энэ хүн” гээд явцуураад матаас бичээд байгаа нь дэндүү жул. Нөгөө талаар тамхины асуудлыг ингэтэл нь улстөрүүлж, дэвэргээд байх шаардлага байх ч үгүй. Угаасаа тамхи татна, татахгүй гэдэг асуудал хүний ухамсартай шууд холбоотой.

Ухаантай, эрүүл мэнддээ хайртай, үр хүүхдээ боддог хүн хэдэн ч жил “галзуу улаан”-ыг уушгилсан бай “Би одоо тамхи татахгүй” гээд шийдчихвэл ямар ч үед өөрийгөө татаад авчихна. Өнөөдөр ийм байдлаар тамхинаас гарсан хүн олон бий. Тэдэнд элдэв балай заалттай хуулийн шаардлага байх ч үгүй. Харин тамхи гээч зүйлээс өөрийгөө аварч чадахаа больсон хүнд бол хаана татахыг нь тодорхой заагаад өгчихөд л болно. Үүнийг заавал хуулийн хүрээнд шийднэ, би санаачилсан, би мэднэ хэмээн хийрхэж улстөржүүлээд, өөрийгөө ардын баатар гэж эндүүрээд байлгүйгээр тухайн байгууллагын дарга хүсэх юм бол дотоод дүрэм журмаараа зохицуулчих хэмжээний асуудал. Ухаанаа, нервээ тэгтэл бараад байхаар асуудал ч биш. Гэтэл манайхан хэн ч сэтгээгүй мундаг хууль санаачилсан оюуны өндөр чадавхитай, тэрийгээ бүр патентлаад авчихсан мэт аашилж байгаа нь арай л биш.

Тэгээд ч хууль гэдэг хэн нэгнийг тэг ингэ гэж шаардсан, захирсан, дарамталсан, торгосон, хорьсон, сүрдүүлсэн өнгө аястай зүйл бус харин нийгмийн харилцааг зохицуулсан зүйл заалттай байх ёстой. Гэтэл манай хууль санаачлагчид ‘Тэг, тэгэхгүй бол торгоно, шийтгэнэ, яллана” хэмээн дарангуйлах өнгө аястай хуулийг ар араасаа өлгийдөөд, зүгээр байсан хүнийг хүртэл хэрэгтний ширээнд суулгаад байна. Зөвхөн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх үеэр манай гишүүдийн байр байдлыг сонгосон олон нийт харсан бол ч дахиж л лав сонгохгүй. Байнгын хорооноос УИХ-ын чуулган хүртэл хэл ам хэрүүл тэмцэл, маргаан дагуулсан энэхүү хуулийг төслийг хэлэлцэх үеэр санал хураалтад оролцсон 52 гишүүний 20 нь хэлэлцэхийг дэмжиж, 32 нь татгалзсанаар О.Баасанхүү гишүүний санаачилсан хуулийн төсөл унахад эмэгтэй гишүүдийн баярлаж байгааг ээ. Алга ташаад сүйд, ичмээр ч юм шиг.

Уг нь манай гишүүд Тамхины хяналтын тухай хуульд ингэж хандаад байгаа шигээ улс орны нийгэм, эдийн засагт. ач холбогдолтой өөр бусад асуудалд анхаарал хандуулмаар байгаа юм. Ядаж л манай хууль санаачилагчид өөрсдөө хуулиа сахидаг байх хэрэгтэй. Тэр дундаа Л.Эрдэнэчимэг гишүүн.   Хэд хоногийн өмнө МХЕГ-аас мэдээлэл өглөө. Утга нь улс үндэстний аюулгүй байдалд нөлөөлж мэдэхээр онц ноцтой. Энэ нь манай эм импортлогч томоохон компаниуд болох “Монгол эмимпэкс”, “Монос фарм трейд” тэргүүтэй компаниудын Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг импортоор оруулж ирэх зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай мэдээлэл байв.

Түүнийг сийрүүлбэл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эмнэлгүүдэд хяналт шалгалт хийсэн юм байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм импортлох тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргасны дагуу дээрх компаниуд зөвшөөрөлгүй эм оруулж ирж байгаа зөрчил илэрчээ. Энэ нь яах аргагүй ноцтой асуудал бөгөөд албаны хүний өгүүлснээр импортын зөвшөөрөл олгох тушаал нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн Гамшгийн болон онцгой байдлын нөхцөл үүссэн үед эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм болон яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг зайлшгүй шаардлагаар гадаадаас авах тохиолдолд Эрүүл мэндийн асуудал эрхлэсэн төрийн захиргааны төв байгууллагьш дэргэдэх хүний эмийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр импортын лиценз олгоно” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл аж.

Иймээс МХЕГ-аас илгээсэн албан тоотын дагуу Эрүүл мэндийн сайд Н.Удвал импортын зөвшөөрөл олгосон тушаалаа хүчингүй болгож, зөшөөрөлгүй эм оруулж ирээд байгаа компаниудын хууль бус үйл ажиллагааг хязаарласан байгаа юм. Уг нь энэ асуудлыг Л.Эрдэнэчимэг гишүүн мэдэх ёстой. Тэрбээр Монгол Улсын хилээр зөвшөөрөлгүй эм оруулж ирэхийг хориглосон гэдгийг маш сайн мэдэх учиртай. Гэтэл Тамхины хяналтын тухай хуулийг тойруулан хэрүүлийн алим дэгдээж “Би ард түмнээ авархын тулд тамхинаас гаргах наалт оруулж ирсэн” гээд бизнесээ сурталчлаад л… Хэрэв Л.Эрдэнэчимэг гишүүн үнэхээр л хууль сахидаг, мөрддөг, хэрэгжүүлэхийн тулд хүн матаж чаддаг юм бол Монгол Улсын эмийн бүртгэлд ороогүй, зөвшөөрөлгүй эмийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, өөрөө өөрийгөө шалгуулж, хуулиа биелүүлэх хэрэгтэй. Тийм чадвар, чадамж УИХ-ын гишүүнд байх ёстой.

Л.ОЮУНГЭРЭЛ /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Нэр: Anonymous Огноо: 29 January 2015

архи тамхийг нялх балчираас эхлээд хэрэглээд байхгүй шүү дээ . Харин энэ эмийг манайхан хоол шиг хэрэглэх юм даа . Үүнийгээ зохицуулж улс төрч хүн гэдгээ батлаач дээ . Моносдоо ажилчид руугаа хашгирч доромжилдог шигээ үан гаргаж байна

Сэтгэгдэл бичих