Н.Золжаргал: Хавар дуусахад ханш суларна

z_500x500Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалтай ярилц­лаа. Тэрээр УИХ-ын төвшинд хэлэлцэж буй Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийг яаралтай батлах хэрэгтэйг хэлж байна.

-Өнөөдөр /өчигдөр/ ам.долларын ханш 1805-д хүрчихлээ. Монголбанкнаас валютын ханшийг өсгөхгүй гэчихээд яагаад ийм нөхцөл байдалд хүргэчихэв ээ?

-Хавар болохоор ам.долларын эрэлт ихэсдэг талтай. Валютын эрэлтийн 60 хувь хаврын улиралд эргэлддэг юм. Өөрөөр хэлбэл, хавар дуусахаар валют чангарах нь багасчихна. Ер нь энэ жил нүүрсний орлого орж ирэхгүй байна. Нүүрсний хэмжээ нэмэгдсэн ч үнэ нь сул байдаг. Өнгөрсөн жилтэй харьцуулахад нүүрс нь гарчихаад байгаа атлаа мөнгө нь орж ирэхгүй шинэ хүндрэл бий боллоо. Угтаа нийлүүлсэн нүүрснийхээ хариуд 100 гаруй сая ам.доллар авах учиртай. Энэ мөнгө удахгүй ороод ирэх учраас улирлаас үүдсэн хүндрэл удахгүй арилна.

-Валют цаашдаа савлахгүй гэдэгт та баталгаа өгч чадах уу?

-Ханшийн хөдөлгөөн бол түр зуурынх. Энэ нөхцөл байдалд Монголбанк өөрсдийн нөөцөөс тодорхой хэмжээний валютыг нийлүүлсэн. Өмнө нь ч нийлүүлж байсан. Ханшийн энэ том эрэлтийг дан нөөцөөр хангана гэж байхгүй. Тэгэхээр валютын орох урсгал руу хандсан бодлого явуулах шаардлага эн тэргүүнд тавигдах учиртай. Тухайлбал, экспортоо яаж нэмэгдүүлэх вэ, нүүрснийхээ төлбөрийг богино хугацаанд яаж багтаан авах вэ зэрэг шийдэх асуудал бий. Хамгийн гол нь энэ бүх хүндрэлийг давахад УИХ-ын төвшинд яригдаж буй Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоол чухал үүрэгтэй. УИХ-ын гишүүд энэ тогтоолд маш их ач холбогдол өгч байгаа нь анзаарагдаж байна. Төсвийн урсгал зардлыг танахаас эхлээд аж ахуйн нэгжийн бүх шатанд татварын болон татварын бус дэмжлэг, хөнгөлөлтүүд тогтоолд багтсан байгаа.

-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш өссөн. Валют чангар­сан  зэргээр эдийн засгийн хямрал нүүрлэсэн гэдэгтэй та санал нэгдэх үү?

-2009 оны үетэй харьцуулахад хямралын дүр зураг алга. Харин хүндрэл бол байна. Хүндрэл, хямрал хоёрын хооронд маш их зөрүү бий шүү. Хүндрэлийг давж туулах арга Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөлд бүхэлдээ багтаж байгаа.

-Үнэ тогтворжуулах хөтөлбөр, валютын савалгаатай холбоотой танд хариуцлага тооцох ёстой гэж зарим гишүүн хэлж байна?

-Хариуцлагын тухай асуудалд өөрөө дүгнэлт өгөх нь илүүц биз ээ. Ханшийн хувьд олон нийтэд үнэн зөв, тогтмол мэдээлж байх ёстой. Энэ мэдээллийг байнгын хороо, чуулган Засгийн газрын хуралдааны үед тогтмол ярьдаг байх ёстой. Бидний хувьд аль болохоор түгээж байна.

-Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл батлагдсанаар гаднаас тийм хэмжээний валют орж ирнэ гэсэн тооцоо байна уу?

-Мэдээж төсөөлөл бий. Эергээр төсөөлөгдөж байгаа зүйлдээ хүрэхийн тулд тогтоо­лын төслөө батлах учиртай. Ер нь жилд 8-9 тэрбум ам.доллар орж ирж байж эдийн засаг дахь валютын урсгал эерэг болно.

-Монголд гадаадын банк оруулж ирэх тухай ярих боллоо. Энэ нь Монголын эдийн засагт ямар ач тус авчирна гэж?

-Одоогоор банкны салбараа байгуулъя гэсэн албан ёсны хүсэлт ирээгүй байна. Хүсэлт нь ирвэл ямар нөлөөтэй байх нь вэ гэдгийг судална.

-Орж ирвэл арилжааны банкуудад дарамт болох юм биш үү?

-Хэр зэрэг нөлөөтэйг нь мэдэхгүй учраас хэлэх боломж алга. Тухайн банкны эерэг, сөрөг  нөлөөллийг нь харж байж шийдвэр гарна.

 

Д.БОЛОР

Эх сурвалж: Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих