Хуучин аккумляторыг 100 саяар бөөндөж аваад 200 саяар нугалдаг гэв
Монголд орж ирдэг машинуудын ихэнх нь үйлдвэрээсээ гараад олон жил явсан байдаг. Ер нь хуучин шинэ гэлтгүй бүх л машинууд аккумлятороор тэжээгддэг. Энэхүү аккумляторууд нь хэдхэн жил болоод хаягддаг. Ингээд яривал бүх зүйл уялдаа холбоотой байх юм. Хуучин аккумляторт хар тугалга, мөнгөн ус, кадми зэрэг арав гаруй төрлийн химийн бодис агуулагддаг ажээ. Тэгвэл хар тугалаг нь хүний биед маш хортой, тэр дундаа хүүхдийн тархины хөгжлийг сааруулдаг, хорт хавдрын эх үүсвэр болдог нь Нийгмийн эрүүл мэндийн төвийн судалгаагаар гарчээ.
Нийслэлд маань энэ аюултай бодисыг ашигтай наймаа болгон суугаа хэсэг хүмүүс байна. Тодруулбал, гэр хороололд болон автомашины худалдаа тойрсон газруудын ченжүүд хуучин аккумляторыг хэдээр авч, хэнд өгч, хаашаа гаргадгийг мэдэхээр хэд хэдэн газарт очсон юм. Чингэлтэйгээс Дэнжийн мянга явдаг зам дээр нэлээд олон хоёр дахь түүхий эд авдаг цэг байдаг. Эхний чингэлэгт очвол нөгөөх аккумляторууд өрөөстэй байлаа.
Эзэн нь бололтой 40 эргэм насны хүнээс хэдээс хэдэн төгрөгийн хооронд авдаг тухай асуувал жижиг томоосоо шалтгаалаад 5-25 мянгын хооронд байдаг ажээ. Түүний хэлж байгаагаар бөөгнүүлж байгаад Хятадуудад өгдөг гэнэ. Тэгэхдээ сүүлийн үед Солонгосчууд үнэ цохиж авдаг болсон тухай дуулгалаа. Авч байгаа аккумлятороо 2000-3000 төгрөгийн ашиг хараад л ченжүүдэд тушаадаг гэнэ. Биднийг ийнхүү үнэ ханш судпаад байсан болохоор аккумлятор тушаах гэж байна гэж бодсон бололтой “Ах нь хилээр яаж ийж байгаад гаргачихна. Бараан дотор нуугаад гаргачихвал их л ашигтай наймаа болдог. Ер нь хилээр гаргах нь хориотой” гэв.
Түүнээс гадна тэнд энэ төрлийн наймаа хийдэг олон газрууд байсан юм. Ихэнх нь хятад, солонгос иргэдэд өгдөг гэж байсан бол зарим нь монгол хүмүүст ч бөөнөөр нь тушаадаг тухайгаа хэлж байв. Бүр гэрээ хийсэн түүнийхээ дагуу тэр хүндээ л тушаадаг ч гэх хүмүүс байсан. Ченжүүдийн ихэнх нь тодорхой мэдээлэл өгөхгүй нууцалж байгаа нь илхэн байлаа. Харин цаашаа хэд алхвал чингэлэг дүүрэн аккумлятороо ченждээ тушааж байгаа харагдлаа. Гуч эргэм насны залуу аккумлятор өгөх гэсэн юмуу гээд өөдөөс угтав. Ханш судалж явна хэмээхэд, бөөнөөр нь гайгүй авна шүү. Хэд байгаа юм гээд л яриа өдөв.
Тэрээр бөөндөж аваад Солонгос руу ачуулахаар зогсож байгаа гэнэ. Гадагшаа гаргахдаа маш их хөөцөлдөж гаргах эрх олж авдаг байна. Гурваас дөрвөн сар өнгөрсний дараа ч гаргах эрхээ олж авдаг тухай ярилаа. Ингэж чадвал 100 саяаар авсан бараа нь 200 сая хүрч, цэвэр ашгаа өгдөг гэв. Эрхээ хаанаас хэнээс авдаг тухай асуухад “нууц” хэмээгээд хэлж өгсөнгүй. Энэ залуу “Өгөөмөр” захын бүх чингэлгэнд байсан барааг авсан тухайгаа ч хэллээ. Харин хортой гэгдээд байгаа аккумляторын шингэнийг нь яадаг юм гэж асуухад “Энэ чигээр нь гаргадаг, Ер нь яасан их юм асуудаг юм бэ. Өөрөө өгөх гээд байгаа юмуу, үгүй юу” хэмээн ундууцав. Гаалийн Ерөнхий газрын 18001282 утаснаас энэ талаар лавлахад “2002 оноос өмнө Хятад улсруу гаргадаг байсан. Харин аюултай хог хаягдал гэсэн утгаараа түүнээс хойш Хятадын тал хүлээж авахгүй гэсэн. Тиймээс ямар ч орон руу гаргахгүй болсон” гэсэн хариулт өглөө.
Дээрх ченжийн хэлсэн зүйл, Гаалийн лавлах хоёрын хариулт тэнгэр газар шиг ялгаатай байгаа нь үнэхээр сонин. Зарим нэг нь албан бус мэдээгээр бол дээрхи аккумляторын хар тугалгыг авахаар худалдаж авдаг гэсэн мэдээлэл ч байсан. Үнэхээр тэгдэг бол түүний аюултай шингэн бидний дунд хаэна ч хамаагүй урсажбайж мэдэх юм.
Манай улсад химийн аюултай хог хаягдал, бодисыг хэрхэн устгах талаар зохицуулалт байхгүйгээс зевхөн аккумляторыг тооцож үзэхэд л ийм их аюул байна. Дунд зэргийн аккумулятон. 18-25 кг хар тугалга 2-3 концёнтрацитай хүхрийн хүчил байдгийг эрдэмтэд тооцоолжээ. Дэлхийн улс оронд аккумуляторыг нэгдсэн журмаар устгалд, оруулж аюулгүй болгодог юм байна. Гэтэл манайх хилээр гаргадаг, гаргадаггүй хэмээн хол зөрүүтэй зүйл ярьцгаагаад л сууж байх юм. Үндэсний аюулгүй байдал эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхээ бид эдэлж байгаа нь эргэлзээтэй.
Олон улсын хууль тогтоомжинд хуучин аккумляторын хадгалалт, тээвэрлэлт гээд бүгдийг нь тусгайлан зааж өгсөн байдаг гэсэн. Харин манай улсын хууль тогтоомжинд энэ асуудалтай холбоотой ямар нэгэн зүйл заалт харагдахгүй байна.
URL: