“Гашуун-Сухайт”-ын Гаалийн дарга Б.Батгэрэлийг шалгаж эхэлжээ

gashuun-suhait-0509

Өмнөговь аймгийн Сум дундын нэгдүгээр про­курорын газраас Ханбогд суман дахь “Гашуун сухайт” хилийн боом­тын гаалийн улсын байцаагч­дын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийг өнгөр­сөн сарын сүүлчээр шалгажээ.

Шалгалтаар багагүй зөр­чил илэрсэн бөгөөд  “Гашуун Сухайт” хилийн боомтын удирдлага болон захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлт явуулдаг ул­сын байцаагч нарт холбогдох даалгаврыг өгчээ. Түүнчлэн захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд та­вих прокурорын хяналт, ул­сын байцаагч нарыг зөрчил, дутагдлыг гаргахгүй байхад анхаарч ажиллах талаар сургалт зо­хион байгуулсан байна.

Түүнээс гадна тус боомтын Гаалийн газрын даргын талаар таагүй мэдээлэл зарим хэвлэлд нийтлэгджээ. Тодруулбал, “Гашуун Сухайт”-ын боомтын Гаалийн газрын дарга Б.Батгэрэл 2010 онд тус газарт улсын байцаагчаар ажиллаж байхдаа 30 тонн зэсийг хууль бусаар хил нэвтрүүлсэн. Түүнчлэн 2012 онд татвараас зайлсхийж хураагдсан нэг тонн гаруй үнэт чулууг хуулийн байгууллагад шилжүүлэлгүй, хилээр гарган мөнгийг нь завшснаас гадна хилээр нэвтрэх барааг татваргүй оруулж мөнгө “цохьдог” тухай онцолжээ. Ямартаа ч түүний дээрх хэргүүдийг цагдаагийнхан шалгаж эхэлсэн бололтой. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Б.Батгэрэлийн 2010 онд 30 тонн зэс хууль бусаар хил нэвтрүүлсэн хэрэг байдаг юм билээ. Энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байгаа учраас сэргээн шалгаж эхэлсэн” гэлээ.

Б.ЗАЯА

Эх сурвалж: Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих