“Номин” нэг төгрөгийн хариулт өгдөггүй хэвээр байна

b199e6d2450bba93big“Номин Холдинг” ХХК-ийн харъяа “Номин” сүлжээ дэлгүүрүүд үйлчлүүлэгчиддээ худалдан авалт тутмынх нь хариулт нэг төгрөгийг олгодоггүй тухай иргэд ихээр шүүмжилж, гомдол мэдүүлдэг. Тухайлбал, бараа бүтээгдэхүүнийхээ үнийг лангуун дээрээ 9 999, 1 999 999 гэх мэтээр тавьсан байдаг ч хариулт нэг төгрөгийг үйлчлүүлэгчиддээ олгодоггүй байсныг өнгөрсөн жил ШӨХТГ-аас “Номин” сүлжээ дэлгүүрүүдэд шалгалт  явуулж тогтоосон.

Улмаар  “Номин Холдинг” ХХК-г Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулийг тус тус зөрчсөн хэмээн үзэж ШӨХТГ-аас  заасан хугацаанд зөрчлөө арилгах тухай албан бичиг хүргүүлж, 10 сая төгрөгийн мөнгөн торгууль ногдуулсан байдаг.

Гэсэн  хэдий ч “Номин Холдинг” ХХК-ийн зүгээс уг  торгуулийн арга хэмжээг эсэргүүцэн шүүхэд гомдол гаргаад байсан юм. Харин өнгөрөгч сард Нийслэлийн шүүхээс  “Номин Холдинг” ХХК-г зөрчил гаргасан болохыг тогтоож, 10 сая төгрөгийн мөнгөн торгуулийг заасан хугацаанд төлөх тухай шийдвэр гаргасан юм.

Энэ байдлыг “Номин Холдинг” ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүйгээр үл барам өдгөө ч “Номин” сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлсэн иргэд нэг төгрөгийн хариултаа авч чадахгүй байгаа талаар тасралтгүй гомдол мэдүүлсээр байна.

time.mn

URL:

Сэтгэгдэл бичих