Ерөнхийлөгчийн цувааг дагасан хэргээр баривчлагдав
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн хамгаалалтыг хариуцсан тусгай албаныхан өчигдөр нэгэн эрийг баривчилжээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн цувааг хувийн машинаараа дагаж зүггүйтсэн нь түүний баривчлагдах шалтгаан болсныг “Франс пресс” агентлагийн мэдээнд дурдсан байна. Үйл явдал өнгөрсөн мягмар гаригийн орой болсон бөгөөд 55 настай эр төрийн тэргүүний хамгаалалтын цувааны хуягласан лимузинг даган Цагаан ордны тусгай хамгаалалттай бүст нэвтэрчээ.
Нууц албаны ажилтан түүнийг тэр дор нь зогсоож, машиныг нэгжих үед Цагаан ордноос орж гарах хөдөлгөөнийг түр хязгаарласан гэнэ. Үүний уршгаар тэнд орсон хүмүүс бүтэн цагийн турш гарч чадахгүй хоригджээ. Баривчлагдсан эрийн талаар “Франс пресс”-ийн мэдээнд тодорхой зүйл дурдаагүй бөгөөд хуягласан лимузинд хичээлээсээ тарж явсан Ерөнхийлөгчийн охид Малия, Саша хоёр л байсан аж.
Машинд ямар нэг тэсэрч дэлбэрэх аюултай зүйл байгаагүй гэнэ. Тиймээс цуваа дагасан эрийг тусгай хамгаалалттай бүст хууль бусаар нэвтэрсэн гэдэг үндэслэлээр саатуулсан байна.
ӨДРИЙН ШУУДАН
URL: