Эрүүл мэндийн салбарт Ш.Энхбат гэгчээс өөр дарга болчихоор хүн байхгүй гэж үү?

enkhbat.sh_Эрүүл мэндийн дэд сайд, Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн газрын дарга, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газрын дарга зэрэг албыг хашиж явсан Ш.Энхбатын талаар сүүлийн үед бага сага дуулиан дэгдээд байгаа билээ. Учир нь тэрбээр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын суудалд заларчих гээд чамгүй хор найруулж яваа юмсанж. Харамсалтай нь Эрүүл мэндийн салбар дахь түүнтэй холбоотой факт дэндүү их байгаа бөгөөд энд зөвхөн түүний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байх үеийнх нь шалгалтын дүнгийн талаар баримт түшин өгүүлсү.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналтын газраас 2011 оны 05-р сард Ш.Энхбатын толгойлж байсан Эрүүл мэндийн газарт шалгалт хийсэн байх бөгөөд энэ тухай бөөн факт, зөрчил дутагдал бүхий 20 гаруй хуудас материал сэтгүүлч миний гарт байна. Үүнээс товч сийрүүлвээс:

-Эмийн талаар төрөөс баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэхтэй гарсан тушаал шийдвэрт бодлогын шинжилгээ хийж үнэлгээ өгч ажиллаагүй.

-Эрүүл мэндийн тухай хуулийн 9.1.1, 9.1.3, 9.1.4, 9.1.6, 9.1.7 дугаар заалтын хэрэгжилт хангалтгүй.

-Эрүүл мэндийн салбарын эрхлэх асуудлын хүрээнд гаргасан шийдвэрийг биелүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийг хангуулах Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэсэн үндсэн үүрэг хариуцлагаа хангалтгүй биелүүлсэн.

-Тус газрын хэлтэс хоорондын ажлын уялдаа холбоо муу, эрүүл мэнд, эмийн талаар гарч буй хууль зүйн баримт бичигт бодлогын шинжилгээ хийгдээгүй, хийгдэж буй хяналт үнэлгээний болон гарч буй үр дүн, мэдээ, мэдээлэл, зөрүүтэй.

-Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүн амд тэгш, хүртээмжтэй, чанартай үзүүлж, өвчлөл, эндэгдэлийг тууштай бууруулж, хүн амын цэвэр өсөлтийг дэмжиж, дундаж наслалтыг нэмэгдүүлэх чиглэлээр эрүүл мэндийн байгууллагуудын хийсэн ажилд тодорхой үнэлгээ дүгнэлт өгч ажиллаагүй.

-Улсын эмийн бүртгэлд эм бүртгэх ажлыг зохион байгуулах, зохистой хэрэглээ, гаж нөлөөний талаар сургалт, сурталчилгаа хийх төдийгөөр ажлаа хязгаарлан, эмийн чанар, аюулгүй байдалд хийх тандалт судалгаа, эмийн чанарын баталгаажуулалт, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, гаж нөлөөний болон эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийн талаарх мэдээллээр иргэд, олон нийтийг хангах зэрэг чиг үүрэгт заагдсан ажлыг бүрэн биелүүлээгүй.

-Эрүүл мэндийн байгууллага дахь эмнэлэгийн техник, тоног төхөөрөмжийн хангамж, ашиглалт, засвар үйлчилгээ, чанар, аюулгүй байдал, орон тоо, бүтэц зохион байгуулалт, давтан сургалтын асуудлыг бүхэлд нь авч үзээгүй.

-Магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа нь хөндлөнгийн, хараат бус байх шаардлагад бүрэн нийцээгүй гэх мэт арав гаруй үндсэн том зөрчил илэрчээ.

Түүнчлэн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр тун хангалтгүй ажиллаж, эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөнөөс захиран зарцуулсан хөрөнгө мөнгөний баримт дутуу, Сангийн ажлын алба үүргээ хангалттай гүйцэтгээгүй, зарим хөрөнгө мөнгийг Эрүүл мэндийн яам, ажлын албаны оролцоогүйгээр дур мэдэн зарцуулсан тухай шалгалтын тайланд дурдагдсан байх аж. Мөн зарим тоо баримтыг дээш нь хэтэрхий буруу мэдээлж байсан нь илэрчээ. Энд ганцхан жишээ дурдахад л хангалттай. Шалгалтын тайланд дурдахдаа “Эрүүл мэндийн үзүүлэлт-2010” эмхэтгэлд хувийн эмийн сан 666 байна гэсэн нь ЭМЯ, тус газрын эмийн бүртгэл, баталгаажуулалтын хэлтсээс гаргаж байгаа мэдээлэлд Монгол улс 1200 гаруй эмийн сантай гэж байгаатай зөрсөн, иймд энэ мэдээллийг үндэслэлгүй гаргасан” гэж шүүмжилжээ. Ийм хол зөрүүтэй тоо баримт гаргахыг бодоход хэн ч харсан ажлаа огт мэддэггүй хүний шинж. Тэр жил Нийслэлийн эрүүл мэндийн газрыг удирдаж байсан Г хэмээх ажлаа мэддэггүй эмэгтэй Улаанбаатар хотын удирдлага цугларсан нэгэн өглөөний хурал дээр “Нийслэл хотод долоо хоногт 200 гаруй хүн буудагдаж үхдэг” гэж мэдээлээд бөөн инээдэм болгож байсан түүхтэй. Үүн шиг Ш.Энхбат 1200 гаруй эмийн сантай байгааг 666 гэж эндүүрч мэдээлсэн нь арай дэндүү төөрч будилсан явдал биш гэж үү? Энэ мэтийн харалган даргатай байгууллага цаашид ер нь өөдөлж дэвжих үү? Мөн 2011 оны 05-р сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын дарга нарын баталсан хамтарсан удирдамжийн дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газарт шалгалт явуулсан байх аж. Энэ тухай баримт миний гарт байна. Энэхүү шалгалтаар мөн л баахан зөрчил дутагдал илэрчээ. Жишээ нь 207 эмнэлэгийн мэргэжилтэнд архивын материал бүртгэлгүйгээр эмчлэх, эм барих, сувилах үйл ажиллагаа эрхлэх лиценз олгожээ. Үүгээр бие биедээ авилга өгч авалцсан явдал ч илэрсэн байх бөгөөд энэхүү замбараагаа алдсан зөрчил будлиан тухайн үеийн ЭМЯ-ны сайд С.Ламбаагийн сонорт хүрсэнээр 2011 ны 10-р сарын 24-ний өдөр мань сайд “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүчингүй болгох тухай” 332 тоот тушаал гаргаж Ш.Энхбат даргад илгээж байсан байх аж. Үнэндээ Ш.Энхбат Эрүүл мэндийн газрын ажил албыг навс унагасан болох нь дээрхи шалгалтын дүнгээс илэрхий харагдаж байгаа юм. Харин аз болж мөнөөх уруудан доройтож явсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газар нь 2012 оны 08-р сарын 27-ны Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор татан буугдсанаар “Муу хүний заяа завагт” гэгчээр бөөн будлианы эзэн Ш.Энхбат аврагдах нь тэр ээ. Хэрвээ уг газар татан буугдаагүй бол Ш.Энхбат ёстой балрах байлаа. Мөн тэрбээр Эрүүл мэндийн салбарын 90 жилийн ойн хандив тусламжийг гарынхаа салаагаар хамаа намаагүй урсгаж орхисон байх бөгөөд энэхүү асуудал нь одоо болтол хэл ам дагуулсаар байдаг ажээ. Түүнчлэн шинээр агентлаг байгуулахдаа маш олон хүнийг нэмж ажилд авсан байх бөгөөд тэдгээр хүмүүс нь Ш.Энхбатад зохих ёсны хандив өгсөн байх жишээтэй. Дээрхи бүх шалгалтын дүнгээс харахад Ш.Энхбат нь аливаа албан газрыг зөв удирдаад явж чадах хүн хэрхэвч биш байгаа биз. Гэтэл өдгөө тэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газрыг хоёрхон жилийн өмнө элгээр нь хэвтүүлж байснаа ор тас мартчихаад дахиад л Эрүүл мэндийн салбарын томоохон албан тушаал руу улайран зүтгэж байгаа нь арай дэндсэн хэрэг биш гэж үү? Эсвэл манай эрүүл мэндийн салбарт түүнээс өөр байгууллага удирдаад явчих албан тушаалтан үгүй болчихсон хэрэг үү? Арай үгүй байлгүй дээ. Өмнө нь илэрхий зөрчил дутагдал гаргаж байсан Ш.Энхбатыг эдүгээ өндөр албан тушаалд зүтгүүлж буй эрх мэдэлтэн ч түүний цаана байгаа сурагтай. Зүтгүүлж болно оо, болно. Хамгийн гол нь аливаа албан байгууллагыг уруудан доройтуулж гаршсан Ш.Энхбаттайгаа хожим хамтдаа цуг онхолдож балрах вий дээ.

Д.Эрдэнэбат


URL:

Сэтгэгдэл бичих