Улаанбаатарт зороод зороод зогсоолын газар үгүй боллоо

faa809ad60fd23b0original

Өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, өнгө үзэмжтэй машин олширч, өндөр сайхан барилгууд бий болж байна хэмээн Улаанбаатар хотоороо бахархаж ярих нь олонтаа. Гэтэл өндөр сайхан барилга, орон сууц, үйлчилгээний төвүүд нь үүдэндээ автомашины зогсоолгүй болсон нь өрөвдөлтэй. Хүнээр бол эрхтэн дутуу.

Авто машины зогсоол байхгүй атал зогсоолгүй газар машинаа тавьж түгжрэл үүсгэлээ, зам бөгөллөө хэмээн иргэдийн эд хөрөнгөд зөвшөөрөлгүй халдан ачаад явчихдаг болоод удлаа. Харин албан байгууллага, үйлчилгээний газруудын зогсоол өдөр ирэх тусам хумигдсаар байна.

Орчин үеийн шинэ загварын, тав тухтай орон сууцны онцлог нь авто машины зогсоол, хүүхдийн талбайгүй байх гэж хэлж болох юм. Үйлчилгээний томоохон төвүүд ч тэр. Хэчнээн өргөн сонголт, хямд үнийг амлаад нэмэр алга. Өнөөдөр Улаанбаатарт 300 мянга орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог. Хүн бүр зорьсон газраа хүрэхийн тулд унаагаараа зорчино, эсвэл хөлсөлнө. Харамсалтай нь автомашинаа тавих зогсоол байдгүйгээс зарим тохиолдолд хүссэн үйлчилгээгээ авч чадалгүй эргэж тойрч байгаад бухимдалтай буцах нь ч бий. Арга ядсан иргэд “зогсоолгүй газраар үйлчлүүлэхгүй байя” гэсэн уриалга хүртэл гаргаад амжив. Барилгын тоо, өндрөөр хөгжлөө тодорхойлж байгаа нь байж боломгүй зүйл гэдгийг дор бүрнээ бодож үзүүштэй.

Хуульд зааснаар “Аливаа хороолол оршин сууж байгаа оршин суугчдынхаа автомашиныг байршуулах зогсоолтой, хүүхдийн болон нийтийн эзэмшлийн талбайтай байх ёстой”. Гэтэл хууль хэрэгждэггүйн бас нэгэн жишээг барилгын салбараас харж болохоор байна. Барилгын салбарынханы тухайд барилгыг барих эрх, баригдаж дууссан дараа ашиглалтад оруулах эрх зэрэг хэд хэдэн шалгуур бий. Өдрөөс өдөрт нэмэгдэх хотын өнгө үзэмжийг нэмж буй гэх энэ олон хууль зөрчсөн нийтийн эзэмшлийн талбайгүй албан газрын болоод орон сууцны барилгууд юуны учир үржих болов. Үүн дээр бас л нөгөө эрх мэдэлтэн албан тушаалтнуудын үүрэг оролцоо нэмэр болсон нь гарцаагүй. Ийнхүү авто зогсоол бий болгох гэж замаа зороод ч зай завсар гарах боломжгүй болсон нь яривагтай.

 Сүхбаатар дүүргийн X хорооны 36, 17,27, 29, 23, 22, 30дугаар байр авто зогсоол байхгүйн улмаас иргэдийн автомашины эд ангийг хулгайлах, цонх шилийг нь хагалах зэрэг хэрэг зөрчил байнга гарч байдаг талаар оршин суугчид нь гомдоллож байна. Мөн гадаа ил задгай зогсоолд тавьсан машины дээрээс сүү цайны дээж цацах, хог шил шидэх зэрэг нь наад захын асуудал юм.

Арга тасарсан иргэд автомашины зогсоолтой болмоор байна гэж мянга орилоод нэмэр алга. Харин үүнд нь нийслэлийн удирдлагууд, хот төлөвлөлтийнхөн болоод хариуцах ёстой албан тушаалтнууд нь ч дөжөрчихөж. Эцэстээ жингийн цуваа явж л байдаг, замын ноход хуцаж л байдаг гэдэгтэй агаар нэгэн болов.

Э.Аригуун

tentsver.mn


URL:

Сэтгэгдэл бичих