Д.Одхүү: Бид өөрсдийнхөө газрын тухай мэдээллийг гадныхнаас худалдаж авахдаа тулж байна
Ийм гашуун түүх өмнө ч байсан одоо ч байна. 1950 аад онд Оросын “Энергеци” гээд хайгуулын экспедиц нууцаар үйл ажиллагаа явуулж Монгол улсын нэлэнхүйд нь уран, газрын тосны судалгаа хийсэн байдаг юм билээ. Харамсалтай нь энэ судалгаа мэдээлэл нь манайд байхгүй-
УИХ-ын гишүүн Д.Одхүүтэй эдийн засгийн бүсийн үзэл баримтлалаар ярилцлаа.
-Та эдийн засгийн хөгжлийн бүсийн үзэл баримтлалыг боловсруулж УИХ-д өргөн барьсан. Нэлээд дэмжлэг аваад байгаа гэж сонссон юм байна. Таны дэвшүүлсэн үзэл баримтлалын гол санаа нь юу вэ?
-Геологи уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар судалгаа хийе гэсэн бодол нэлээд хэдэн жилийн өмнө төрсөн л дөө. Энэ салбар нэгдсэн бодлогогүй замбараагүй явж ирсэн учраас тэгж боддог байсан юм. Төрөлжсөн судалгаануудыг судлаачид их сайн хийсэн байдаг юм билээ. Харин энэ бүх судалгааг хараад эрдэс баялгийнхаа масштабыг нэгтгэж, зэрэгцүүлж ямархуу байна гэдгийг харах шаардлагатай юм байна гэдэг ойлголт төрсөн.
Тэгээд Эрчим хүч Эрдэс баялгийн яам болон Геофизикийн хүрээлэнд ажиллаж байсан хэсэг инженер, найз нар, судлаачдын хамт энэхүү Эдийн засгийн хөгжлийн бүсийн үзэл баримтлалыг боловсруулсан. Хугацаа их шаардсан, олон хүн судалгааны ажил хийсэн. Янз бүрийн масштабаар хийгдсэн геологи уул уурхайн бүхий л ажлыг нэг масштабд буюу нэг зурганд оруулна гэдэг маш хүнд ажил.
Манай судлаачид инженерүүд эрдэс баялгийн төрөл болгоноор нь судалж уйгагүй ажилласан. Энэ бүгдийг давхцуулж хараад үүнийг дагасан уул уурхайн түүхий эд, эрдсийнхээ нөөцийг дагасан аж үйлдвэрийн хөгжлийн бүсийн тухай ойлголт төрсөн. Ерөнхийлөгчийн яриад байгаа эдийн засгийн бүсийн хөгжлийн үзэл баримтлал эндээс төрсөн гэж хэлж болно.
-Гэхдээ бүсийн хөгжлийн үзэл баримтлал аль дээр гарсан шүү дээ. Таных тэр үзэл баримтлалаас юугаараа ялгарч байгаа вэ?
-Миний хувьд баруун, хангайн, төв, зүүн гэж хуваасан. Баруун таван аймгийг нэг бүс болгосон. Хангайн аймгуудыг хангайн бүс, төвийн болон өмнөд бүсийг дөрвөн аймгаар төлөөлүүлж төвийн бүс болгосон. Зүүн гурван аймаг зүүн бүс болсон. Эцэст нь Улаанбаатарын бүс гээд нийтдээ таван бүс болгож хуваасан. 2000 онд аймгуудыг нэгтгэсэн бүсийн үзэл баримтлал нь эдийн засгийн суурь байхгүй, уул уурхай аж үйлдвэрийн чиглэлийн тухай тусгаагүй, голчлон мал аж ахуйд суурилсан хөгжлийн бүсүүдийн тухай онол байгаа.
Ерөнхийдөө сууриар нь харах юм бол нэг хавтгайдаа нэлэнхүйдээ жигд хөгжинө гэсэн сонин онол. Хүний хязгаарлагдмал нөөц, эдийн засгийн хязгаарлагдмал ийм том нутаг дэвсгэр дээр тарааж цацах явдал бол бодлогогүй байгаагийн шинж. Тэгэхээр үүнийг өөрчлөх ёстой. Тэргүүлэх чиглэлийг гаргаж ирэх ёстой.
-Уул уурхай эрдэс баялгийнхаа нөөцийг дагасан тэргүүлэх чиглэлийн бүс рүү хөрөнгө оруулалт түлхүү хийгдээд, бусад салбарын тэргүүлэх чиглэлийн бүсийн хөгжил нь хоцрох явдал гарах болов уу гэсэн болгоомжлол төрж байна?
-Аж үйлдвэр уул уурхайг хөгжүүлнэ гэсэн санааг хэлээгүй. Бүсүүд өөр өөрийн тэргүүлэх чиглэлийн онцлогтой бүсийг ялгана гэсэн үг. Түүнээс биш мал аж ахуй нь ч ялгаагүй хөгжинө. Нүүдлийн соёл иргэншил мал аж ахуй манай улсын эдийн засгийн хөгжлийн гол брэнд. Өөрөөр хэлбэл манай улсыг хамгийн органик нэгдэлтэй бүтээгдэхүүнтэй улс гэж томъёолдог. Энэ утгаараа магадгүй ирээдүйд уул уурхайн салбараас ч илүү хөгжлийг авчирна. Түүнээс биш мал аж ахуйгаа хаячихаад уул уурхайг хөгжүүлнэ гэж байхгүй.
Илүү нэр хүндийг бидэнд авчрах тэргүүлэх чиглэлийн бүс болно. Бүсүүд маань өөр өөрийн тэргүүлэх чиглэлээрээ хөгжинө. Хэдийгээр уул уурхайн салбар чухал боловч экологийн байгаль орчны хамгаалалт чухал болоод байна. Дэлхийн хөгжиж буй орнуудын хамгийн тулгамдсан асуудал энэ. Бид хаа сайгүй уул уурхай хийж газар сайгүй модоо тайрч гол мөрнөө ширгээж нэлэнхүйд нь газар нутгаа сэндийчиж байна. Ингэж уул уурхайг хөгжүүлж болохгүй.
Шаардлагатай аж үйлдвэрийн хөгжлийн тэргүүлэх салбарыг идэвхитэй хүчирхэг төрийн сайн зохицуулалттайгаар хийж уул уурхайн эрдэс баялгийн нөөцийн хайгуул болон ашиглалтын лицензээ өгөөд түүндээ тулгуурласан хагас болон бүтэн боловсруулсан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж үйлдвэрийн цогцолборыг түлхүү хөгжүүлэх учиртай. Нөгөө бүсдээ уул уурхайн идэвхитэй үйл ажиллагаанаас татгалзаж уламжлалт мал аж ахуйг байгаль орчинд ээлтэйгээр хөгжүүлэх байдлаар тэргүүлэх чиглэлээ хөгжүүлбэл үр дүнгээ өгнө.
Газар тариаланг хөгжүүлэхдээ органик хөрсөө хамгаалсан бодлогоор хөгжүүлэх ёстой. Хөрс гэмтээдэг, хэт мөнгө хөөсөн арбас мэтийн үр тариалахгүй байх, экологийн жуулчлалыг хөгжүүлэх гээд газар газар л тэргүүлэх бүсээр хөгжих явдал өнөөдрийн хувьд хамгийн чухал гарц болоод байна.
Мөн тулгуур хөгжлийн бүсээ тодорхойлох хэрэгтэй. Дархан, Эрдэнэтийг тулгуур хөгжлийн цэг болгон хөгжүүлэх томоохон бодлого хүлээгдэж байна. Хөгжлийн бүсийн бодлого, экологийн бүсийн бодлого зэрэг нь бие биенээ үгүйсгэсэн аргаар биш зөв дэмжсэн, зөв бодлоготойгоор явах ёстой. Эдийн засгийн бүсийн хөгжилд энэ санаануудыг гаргасан байгаа юм.
-Таныхаар геологи уул уурхайн тэргүүлэх бүс нь аль чиглэлд түлхүү хөгжих бол?
-Нэг үгээр хэлэхэд хэцүү. Бүхэл бүтэн том хөтөлбөр маягтай юм болно. Засгийн газрын дунд болон урт хугацааны хөтөлбөрийн ажлын хэсэгт орж энэхүү судалгаа санаагаа суурь нь болгож хөтөлбөр боловсруулалцаж байна. Тиймээс ажил хэрэг болох шатандаа яваа гэсэн үг.
Дашрамд дурдахад Ерөнхий сайд нэлээд нааштай хүлээж авч байгаа. Засгийн газрын хэд хэдэн гишүүдтэй ярилцсан. Их зөв байна гэсэн. УИХ-ын даргын дэмжлэг мөн байгаа. Тиймээс энэ намартаа эсвэл хаврын чуулганд багтаагаад Монгол Улсын эдийн засгийн бүсийн хөгжлийн үзэл баримтлалын тухай тогтоолын санаачилгыг УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.
Цаашлаад Ерөнхийлөгчийн тамгын газар, Ерөнхийлөгчийн зөвлөхүүдтэй уулзаж ярилцсан, сайн ойлгосон, дэмжсэн байдалтай байна. Саяхан Ерөнхийлөгчийн иргэний танхимд эдийн засгийнхаа бүсийн хөгжлийн үзэл баримтлалаар илтгэл тавьсан. Их олон хүн оролцож олон нийтийн дэмжлэгийг авсан.
-Та өөрөө нефьтийн геологийн инженер хүн. Тэгэхээр нефьтийн үйлдвэр барихад ер нь юуг анхаарах ёстой вэ?
-Тамсагийн орчимд Монголын анхны нефтийн орд илэрсэн. Итгэл маань батлагдсанд их баяртай байна. 1983 онд Оросод сургууль төгсч ирээд байхад Монголд нефьт байхгүй, байвал тун бага л бий гэж ярьдаг байсан. Тэр ойлголтыг эвдэж чадсан. Би бол үүнд маш итгэлтэй байсан. Хайгуул хийвэл илүү их нөөц илэрнэ гэдэгт. 26 жилийн дараа итгэл маань батлагдсанд баяртай байгаа шүү. Цаашдаа ч Монголд нефьт олдох магадлалтай.
Одоо бол манайх нефьт түлшний хараат байдалд байна. Энэ нь Монголын эдийн засагт хүчтэй сөрөг нөлөөлөл бий болгосон. Харин нефьтийн нөөц илэрсэн энэ үед маш сайн хатуу бодлого явуулах ёстой. Нөфьтээ нэрж боловсруулна гэдэг Монгол улсын хувьд 100 хувь өөрийн мэдлийн үйлдвэртэй болж түлшнийхээ хангамжийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болно гэсэн үг.
Стратегийн чухал ач холбогдолтой зүйл л дээ. Засгийн газар энэ тал дээр эрчимтэй эх оронч байдлаар хандаж тусгаар тогтнолын хэмжээнд хүртэл авч үзэх ёстой. Дорнодын районд нефьт химийн цогцолбор үйлдвэр барих юм. Миний үзэл баримтлалд ч туссан байгаа.
-Алслагдсан аймгуудад жижиг оврын нүүрс боловсруулах үйлдвэр барина гэж байгаа, энэ таны боловсруулалцсан үзэл баримтлалд туссан уу?
-Нүүрсийг боловсруулах маш олон технологи бий. Баяжуулах, коксжуулах, нэрээд түлш хийх гэсэн олон технологи нэвтэрч туршигдаад явж байна. Тэгэхээр нүүрсээ зүгээр гаргах уу, нэрээд түлш хэлбэртэй болгоод нэмүү өртөг шингээгээд бүтээгдэхүүн болгоод явах уу гэдэг асуудал чухал.
Монгол улсынхаа дотоод зах зээлд ч гадаад зах зээлд ч гаргах бүрэн боломжтой. Төр үйлдвэрлэлийг заавал ашиглах ёстой. Өнөөдөртөө хөрөнгө оруулалт хийх бололцоогүй үед нүүрсээ жаахан баяжуулж гаргаад эхний эдийн засгийнхаа хөрөнгө оруулалтыг босгож болно. Тэгээд боловсруулах чиглэл рүү хандуулах ёстой. Ингэснээр шинэ ажлын байр шинэ технологи Монголд нэвтэрнэ гэсэн үг.
-Монголын геофизикийн холбооны Ерөнхийлөгчийн хувьд Монголд геологи хайгуулын ажил ямар хэмжээнд явагдаж байна гэж боддог вэ?
-Сүүлийн үед геологийн эрэл хайгуулын зураглалын ажил хангалтгүй, маш муу байгаа гэж хэлж болно. Төрөөс энэ тал дээр бодлогын шинж чанартай алхам, хөрөнгө оруулалт ерөөсөө хийхгүй байна. Тийм ч учраас бид нээгдсэн ордуудаа гадныхантай хэлэлцээр хийхээс өөр аргагүй байдалд ороод байна.
Анхны гөологийн мэдээлэл гэдэг ордын мэдээлэл гэсэн үг. Энэхүү мэдээллээрээ тэрхүү ордыг эзэмших эрх олж авч байна гэсэн үг. Монгол улс бодлогоороо хөрөнгө гаргаад стратегийн чухал орд газруудад хайгуул зураглалын ажлыг хийх ёстой. Ингэж мэдээллээрээ нөөцөө тогтоож давуу эрхтэй болно . Хүн хөрөнгөө гаргаад хайгуулаа хийгээд ордоо тогтоочихсон байхад бид булааж авч болохгүй биз дээ. Өөрөөр хэлбэл тэнцвэргүй байдлын хэлэлцээрт орчихоод байна.
Монгол улс өөрөө ордоо нээгээд явах чадвартай боловсон хүчинтэй. Тэгсэн цагт Монгол улс давуу эрхтэйгээр хэлэлцээрийн ширээний ард сууна. Оюутолгойг бид ийм байдлаар алдсан. Тавантолгойгоо харин алдаагүй. Энэ хоёр ордын ялгаа энэ л байна.
-Энэ онд геологийн хайгуул судалгаа хийхэд зориулж хэдий хэрийн төсөв батлуулсан вэ?
-Хайгуулд төсөв батлуулах тал дээр нэлээд хөөцөлдөж байж энэ зун төсвийн тодотголоор Сайншандын агаарын геофизикийн хайгуул гэдгээр нийтдээ хоёр тэрбум гаруй төгрөг батлуулсан. Геофизикийн хайгуул гэдэг маш богино хугацаанд хямд аргаар их хэмжээний талбайг хамарч байршлыг нь тодорхой гаргадгаараа геологийн хайгуулаас ялгаатай. Манайханд агаарын геофизикийн судалгаа хийх тоног төхөөрөмжийн бололцоо нь ч байгаа юм билээ.
Мөн дэлхийд ховорхон INRS системийг ч оруулаад ирсэн. Монголчууд эзэмшиж байгаа. Ямар нэгэн хамтарсан биш юм билээ. Монголын геофизикчид хайгуулаа хийж чаддагаа харуулах талбар болгох ёстой. Би энд маш их ач холбогдол өгч байгаа.
Сайншандад аж үйлдвэрийн цогцолборын Кали, Уран, Тори гээд соронзон нийтдээ таван каналаар бичлэг хийж судалгааг гаргах юм. Богино хугацаанд болохоор тэр районы үндсэн мэдээллүүдийг авч ач холбогдлыг нь батлах юм. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад манай геофизикчид амласан. Их хурлын гишүүд ч дэмжсэн.
-Ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Геологи уул уурхайн чиглэлийн Ашигт малтмалын, Газрын хэвлийн, Татварын гээд олон хууль шүүмжлэл дагуулдаг. Бас Гэнэтийн ашгийг татварыг зогсоосон ч түүнтэй адилтгасан татварын дарамтыг хуульчлах гэж байна гээд уул уурхайнхан нэлээд бухимдалтай байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Хоорондоо зөрчилдөөд байгаа зүйл байхгүй. Харин ашиг сонирхлын зөрчилдөөн байгааг үгүйсгэхгүй. Мэдээж ямар ч утгаараа төр байгаа цагт татвар байж л таараа. Татвар нэмэгдэхэд ямар ч аж ахуйн нэгж дуртай байхгүй. Хамгийн гол нь татварын хэмжээ ямар байх вэ гэхээр үйлдвэр эрхэлж байгаа тохиолдолд тодорхой хэмжээгээр тооцоон дээр ашигтай түүнд хөрөнгө оруулах сонирхолтой байх хэмжээг тооцож байж татвар тогтоох хэрэгтэй.
68 хувийн гэнэтийн ашгийн татвар бол үнийн огцом өсөлтөөс гарч ирсэн. Өөрийнхөө өртгийн хэмжээнээс хэд дахин их зах зээлийн эрэлт хэрэгцээний шаардлагаар гарсан огцом үнэтэй байгаа зүйл дээр хэт төвлөрөл ашиг очно гэдэг хууль санаачилсан хүмүүсийн логик санаа байсан юм. Зөв байсан нэг санаа бий. Алтан дээр яриагүй шүү. Зэсэн дээр хэлэх юм бий.
Зэсийг хагас боловсруулснаар нь гаргаад байсан. Энэ нь нэг талаар бүрэн боловсруулсан үйлдвэрийг барьж зэсийн эдийн засгийн үр өгөөжийг татварын аргаар нэмэгдүүлэх хөшүүрэг байсан юм. Тэгээд ч үр дүнгээ өгсөнгүй дээ. Хэтэрхий их шүүмжлэлд өртөөд юм болсонгүй. Гэхдээ төсөвтөө ороод хүүхэд хөгшдийн тэтгэмжинд зарцуулагдсан шүү дээ. Эрдэнэт үйлдвэрт л туссан хууль. Бүр тодруулбал Оросын хөрөнгө оруулагч нарт оногдох байсан хувийн дийлэнхийг л авсан гэсэн үг. Орос ах нар л уурлах байсан байх. Бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр бий болгох хөшүүргийг төр заавал хийх ёстой. Өнөөдөр зэсийн баяжмал гаргасан үйлдвэр хаана байгаа юм.
Энэ хуулиас болоод хохирсон уурхай байхгүй л байхгүй юу. Алт бол боловсруулагдахгүй, 99 хувийн байгаль дээр байгаа бэлэн бүтээгдэхүүн. Алтыг харин хар зах руу түлхсэн далд эдийн засгаар хөгжүүлэх гэсэн нь муу үр дагавар авчирсан гэж би боддог. Ашигт малтмалын үнийн өсөлтөөс татвар авах нь зайлшгүй. Газрын доор байгаа баялаг Монгол улсын өмч л юм бол хэт их ашигтай үед авах л хэрэгтэй. Ийм бодлого байх нь маш зөв. 1000 хувийн ашиг олж байгаа юман дээр 10-хан хувийн татвар авч болохгүй биз дээ. Нэг нь 20 хувийн ашиг олоод нөгөө нь 10 дахин их ашиг олоод байхад татвар нь ижил байж болохгүй. 10 дахин их ашиг нь үнийн хөөрөгдлөөс олж байгаа ашиг шүү дээ. Уул уурхайнхан ингээд ярихаар дургүй л байх байх. Гэхдээ нийт Монголчуудын халаасанд орж байгаа гэдэг утгаараа буруутгаад байхаар санаа, шийдэл биш гэж бодож байна.
-Монголын эрдэс баялгийн мэдээлэл гадныханд хэт нээлттэй байх шиг байна?
-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд зарим эрдэс баялгийн нөөцийн мэдээллийн аюулгүй байдлын тухай асуудал хөндөгдөж байгаа. Монголчууд өөрсдөө газрын доорхи чухал чухал эрдэс баялгаа хадгалж судалж мэдэх шаардлагатай. Цаашдаа уран, нүүрс нефтийн ордоо ч өөрийн хөрөнгөөрөө судалж тогтоож мэдэж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо бүх мэдээлэл гадныханд байна.
Бид өөрсдийнхөө газрын тухай мэдээллийг гадныханаас худалдаж авахдаа тулж байна. Ийм гашуун түүх өмнө ч байсан одоо ч байна. 1950-иад онд Оросын “Энергеци” гээд хайгуулын компани Монгол улсын нэлэнхүйд нь уран, газрын тосны судалгаа хийсэн байдаг юм билээ. Үйл ажиллагааных нь мэдээлэл хаалттай, Монгол хүн ажилладаггүй компани байсан юм билээ. Харамсалтай нь энэ судалгаа мэдээлэл нь манайд байхгүй. Энэ бол бидний бодлогогүй явсны хар гай.
Мөнгө нь хүрэхгүй болохоор гадны компани оруулахаас ч өөр аргагүй. Хүссэн хүсээгүй түгээмэл болон зарим ашигт малтмал, ордуудад гарцаа байхгүй гадны хөрөнгө оруулагчдыг оруулахаас өөр зам байхгүй. Одоо чадалтай болоод ирэхээрээ хайгуул судалгаандаа төр мөнгө хаях л хэрэгтэй.
Ц.Мягмарбаяр
URL: